Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ирээдүй анирдахын бадаг
5 жил өмнө   1895

СОНСОХ

Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан

Ижий түүхийн мөр нь тунгалагшинхан урсана

Ирээд одосны араас гуниглах амархаан

Ирээдүйн чинь тухай бодох шиг зовлон алгаа эх орон минь!

Цоолбор шаргал үүл намрын тэнгэр барлана

Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна

Цохлоод ирдэг үйлийн үр Ирээдүйн тухай бодол

Цоолдоод миний энгэрийг нулимас шиг хавж унанаа

Ирээдүйгээс би

Илиадыг хол давсан Гэсэр Жангарын туулиа нэхнэ

Их засаг тохинуулсан чин шудургуу хуулиа нэхнэ

Дэлүүн Болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ би

Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснээ

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж

Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана

Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснээ

Ирээдүйгээс би Норвилон цэнхэр говиосоо улаахан хацартай охид төрж

Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана

Ноорхой эвий нэг Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд

Нодготой төрийн минь алга тэнийж одонгоо шагнахыг үзнээ

Ирээдүйгээс би

Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй

Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Манжийн дарлал шиг цаг үеэсээ өндийж

Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг үзнээ

Ирээдүйгээс би

Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалийн дөлнөөс тастаж

Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар

Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөө

Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшигээр

Айл гэрийн хоймрыг би дуу шиг дүүргэнэ

Амьсгалын тоолонгоор Монголчууд бид суу мэт амьдрана

Сүү шиг алдраар эх орноо мялааж

Сүлд шиг төрөөр өөрсдийгөө бид шагнанаа

Ирээдүйд.

 

Цоодолын ХУЛАН

 

Ирээдүй анирдахын бадаг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0