Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Сүсний баяраар аалзтай таарвал...
5 жил өмнө   1577
Halloween буюу сүнсний баяр ойртож байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.
 
Энэхүү баярын үүсэл гарвал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ.
 
Харин VIII зууны үед III Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг “Бүх хутагтын өдөр” хэмээн тунхаглаж байжээ. Энэ үед уг баяр нь зөвхөн католик шашны лам хуварга, мяндагтнуудын дунд шашны зан үйлийн хэмжээнд дэлгэрч байв. Улмаар X-XI зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болжээ. Нэрний хувьд “Halloween” гэдэг нь Hallowe’en буюу “All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай юм. Зарим улс оронд “Тахилгын өдөр” гэж тэмдэглэх нь ч бий. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байна. Эхэн үедээ шашны зан үйлтэй нягт холбогдож, католик шашны томоохон төлөөлөгчид чухал ач холбогдол өгөн оролцдог байсан энэхүү баяр нь орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болсон байна.
 
Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна. Харин Шотландад залуу эрчүүд цав цагаан баг зүүгээд бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ. “Halloween”-ий баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг бэлгэ тэмдгээ болгодог аж. Энэ үеэр Америк, Лондон зэрэг орнуудад зочилбол цонхоо дээр үеийн маягаар засан чимэглэж, дээр нь маш олон лаа асааж тавьсан айлуудыг хаанаас ч харж болно. Мөн дэнлүү хийж, чимэглэсэн том жижиг хулуунуудыг хаа сайгүй өлгөсөн байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг уламжлалтай.
 
Энэ өдрийг эртний Ромд хүртэл том фестиваль болгон тэмдэглэсээр ирсэн. Одоо энэ баярыг ихэнх Христийн шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ирланд, Шотланд мөн Америк болон Канад улсууд юм. Мөн дэлхийн олонн орон, тэр дундаа Англи улс болон Хятад улс хүртэл энэ баярыг сүүлийн жилүүдэд сүр дуулиантай тэмдэглэдэг болсон байна. Харин Латин Америкийн улсуудад бол Чөтгөрийн баяр гэж нэрлэн тэмдэглэдэг. Америк улсад 19-р зуунаас эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд энэ нь Европын орнуудаас олон мянган дүрвэгчид ирсэнтэй холбоотой юм.
 
 Энэ баярын хамгийн гол бэлэг тэмдэг болсон зүйл бол улбар шар хулуу. Хойд Америкт Чарли гэдэг нэг харамч баян хүн байж гэнэ. Тэр бас их харамч, хүнд мөнгө зээлдэггүй их муухай ааштай хүн байсан. Чарли үхсэнийхээ дараа сүнс нь эд хөрөнгөндөө хоргодоод яг аравдугаар сарын 31-нд хулууны хэлбэрээр үзэгддэг болж. Ойр орчмынх нь айл хөрш энэ хүний сүнснээс айж гэрээсээ холуур явуулах хамгийн томыг нь сонгож аваад орой дээрээс нь тэгшхэн зүсэж авч байгаад доторх зөөлөн эдийг нь бүгдийг нь ухаж аваад дараа нь хулууныхаа хана дээгүүр дүрс гарган цоолж тэгээд хулууныхаа дотор талд лаа асаагаад тавьдаг. Тэр үеийн хүмүүс Чарли энэ хулуунуудыг дагаж явдаг гэж итгэж байсан тул жил бүр ингэж бэлддэг болжээ. Хожим нь энэ нь бусад хүмүүст хүрч одоогийн хэлбэртэй болсон юм.
 
“Halloween”-ий баярын багт наадам
 
Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Тэр дундаа гадны томоохон одууд, Холливудын жүжигчид, дуучдаас “Halloween”-ий баярын багт наадамд хэн нь хамгийн өвөрмөц хувцаслах бол хэмээн дэлхий нийтээрээ сонирхоцгоож байдаг билээ. Барууны оддоос Ким Кардашиан, Лэди зэрэг одод жилийн жилд өвөрмөц хувцаслалтаараа шуугиулдаг бол өнгөрсөн 2014 онд супер модель Хэйди Клам эрвээхэйний өмсгөлөөрөө шилдгээр тодорч, залуу дуучин Майли Сайрус хагас нүцгэн хулганын хувцсаараа олны анхаарал татаж байв.
 
Аймшгийн баяраар өмсдөг хамгийн түгээмэл хувцас нь Франкштэйн, Дракула гэх мэтчилэн америк зохиолчдын алдарт бүтээлүүдийн баатруудын дүрийг дуурайлгасан хувцас хэрэглэл аж. Хүүхнүүдийн хувьд эртнээс уламжилж ирсэн гол хувцас нь шүүр унасан шулмасын хувцаслалт бол сүүлийн үед янз бүрийн харь гаригийн амьтан, киноны муу талын баатрууд, муур эмэгтэй, мөн уламжлалт сүнс сүг, зомбины хувцсыг ихээр өмсөх болжээ. Түүнчлэн эр, эм ялгаагүй хүн чоно, цус сорогч, гоблинууд, араг яс, аалз, элдэв дүр төрхтэй мангас, харь гаригийн амьтныг дуурайн хувцасласан хүмүүс дэлхийн улс орон бүрийн сүнсний баяраар харагдах болсон байна. Манайд ч гэсэн сүүлийн жилүүдэд залуусын дунд сүнсний баярын багт наадмыг өргөн дэлгэр хийж, хувцас өмсгөлөөрөө уралдах болсон билээ.
 
Хуурах уу, дайлах уу
 
Жил бүрийн аравдугаар сарын 31-ний орой Англи, Америк, Ирланд, Шотланд гээд барууны ихэнх оронд янз бүрийн бяцхан чөтгөр, шулмасын дүрд хувирсан хүүхдүүд гартаа уут бариад хөрш зэргэлдээх айлуудаараа хэснэ. Тэд хаалга онгойнгуут уутныхаа амыг нээж “Trick or treat” буюу “хуурах уу, дайлах уу” гэж хэлдэг. Ингэхэд гэрийн эзэн уутанд нь амттан юм уу, цаасанд боосон чулуу хийнэ. Энэ заншил нь хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу юм болно гэсэн мухар сүсгээс үүдэлтэй ч, одоо үед үүнийг хүүхдүүдийг баярлуулах сайхан завшаан хэмээн үзэх болжээ.
 
“Halloween” ба мухар сүсэг
 
Сүнсний баяраар цээрлэдэг зүйл бас бий. Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Мөн англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж итгэдэг ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог аж.
Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхсэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу юмнаас хамгаална гэж үздэг. Мөн улс үндэстэн бүр уг баяраар өөр өөрсдийн зан заншлаас хамаарсан мухар сүсэгтэй байдаг. Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийнх нь царай харагддаг гэж ярьдаг юм байна.
 
Улс орнууд хэрхэн тэмдэглэдэг талаар...
Ирландууд
 
Халловинаар жимстэй бялуу “barnbrack”-н дотор бөгж хийн жигнэдэг бөгөөд үүнийг олсон хүн удахгүй гэрлэнэ хэмээн бэлгэшээдэг байна. Хүүхдүүд хөршийнхөө хаалгыг тогшин онгойлгохоос нь өмнө зугтаах “knock-a-dolly” гэх тоглоомыг тоглоно.
 
Мексик болон Латин Америк
 
Нас барсан хамаатайн садан, хайртай нэгнээ хүндэтгэх зорилгоор тэмдэглэдэг.
Канад, Ирланд, АНУ зэрэг улсууд эртний түүхт, шашны зан үйл болох Халловиныг хөгшин, залуу гэлтгүй хөгжилдөж өнгөрөөдөг байна. Ингэхдээ баг, өмсгөл зэргийг өмсөөд “trick-or-treating” хуурт эсвэл дайл хэмээн хэлж айл айлаар хэсч чихэр цуглуулж, тоглоом тоглож хөгжилддөг. Сүнсний баяр нь Мексик, Латин Америк, Испани зэрэг орнуудад 10 сарын 31-нд эхэлж 11 сарын 2 хүртэл үргэлжилдэг бөгөөд Халловины өдөр гэртээ эргэж ирсэн үхэгсэдийг хүндэтгэн хүлээн авах зорилгоор тэмдэглэдэг байна. Ихэнх гэр бүлүүд талийгаачид зориулсан тахилын ширээ засч, чихэр, цэцэг, зураг болон талийгаачдынхаа дуртай байсан хоол, уух зүйл зэргийг бэлдэж тавьдаг.
 
 
Австри
 
Халловины орой үхэгсэгдийн сүнс хүний ертөнцөд эргэн ирэхэд тэднийг угтаж авах зорилгоор талх, ус, гэрэлт дэнлүү зэргийг ширээн дээр тавьж орхидог байна.
 
Бельги
 
Лаа асааж нас барсан хамаатан саднаа дурсаж өнгөрөөдөг бөгөөд энэ үдэш хар муур хэн нэгний урдуур явах, гэрт орж ирвэл золгүй явдал тохиолдоно хэмээн үздэг.
Канад
1800 оны үед Канадад орж ирсэн Ирланд, Шотланд цагаачдаас энэ баярыг өвлөн авч тэмдэглэх болжээ. Баярын өдөр айлууд гэрээ хулуу болон эрдэнэ шиш зэргээр чимэглэж, “trick-or-treating”-г тоглодог.
 
Франц
 
1996 он хүртэл энэхүү зан үйлийн баярын талаар Францчууд мэддэггүй байжээ. Гэвч тэд энэ баярт ач холбогдол өгч тэмдэглэдэггүй байна.
 
Герман
 
Халловины орой хүмүүс хутгаа далд хийдэг бөгөөд эргэж ирсэн сүнснүүдэд аюул хүргэхийг хүсдэггүй байна.
 
Япон
 
Япончууд халловинтой төстэй баяр болох “Obon Festival”-г тэмдэглэж өвөг дээдсийнхээ сүнсэнд хүндэтгэл үзүүлдэг байна. Тусгай хоол бэлдэн улаан өнгөтэй дэнлүүг гэрийнхээ булан бүрт асааж, гол болон далайд дэнлүү хөвүүлдэг. Энэ баяр долоо болон наймдугаар сард болдог.
 
Солонгос
 
Халловинтой төстэй “Chusok” гэх баярыг найман сард тэмдэглэдэг бөгөөд өвөг дээдсийнхээ шарил дээр очин будаа, жимс зэргийг өргөж залбирал үйлддэг байна. 
Сүсний баяраар аалзтай таарвал...
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0