Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Цахим тоглоом хүчирхийллийн сэдэл төрүүлдэггүйг баталлаа
3 жил өмнө   674
Цахим тоглоомыг хүчирхийллийн сэдэл төрүүлдэг хэмээн олон жилийн туршид зарим хүмүүс шүүмжилсээр ирсэн билээ. Гэвч арав гаруй жил үргэлжилсэн нэгэн судалгааны үр дүнд цахим тоглоом нь хүчирхийллийн сэдэлтэй ямар ч хамааралгүй гэдгийг эцэслэн баталжээ.
 
Хүүхэд, залуучууд хамгийн сүүлд шинээр бүтээгдсэн цахим тоглоом худалдаж авах бүртээ эцэг эх, томчуудын эсэргүүцэлтэй тулгардаг билээ. Учир нь эцэг эхчүүд хүүхдүүд нь цахим тоглоом тоглосноор бодит амьдрал дээр хүчирхийлэл үйлдэх сонирхолтой болно хэмээн санаа зовдог аж. Түүнээс гадна маш олон хүмүүс 1999 оны Колумбин ахлах сургуулийн халдлагыг цахим тоглоомноос сэдэлтэй хэмээн сэжиглэсээр ирсэн билээ. Болсон явдал дэлхий дахиныг цочроож,  олон хүмүүс хоёр оюутны үйлдэлд мэдээллийн технологийг буруутгаж байсан юм.
 
Харин судалгааны үр дүнд цахим тоглоом дээрх үзэгдэл бодит амьдрал дээр хүний зан авирт нөлөөлдөггүй гэдэг нь тодорхой болжээ.
 
Шинэ судалгааны үр дүн Cyberpsychology, Behavior, Social Networking сэтгүүлүүдэд “GTA цахим тоглоомтой хамт өсч хүмүүжсэн 10 жил: Цахим тоглоом хүчирхийлэлд хөтөлдөггүй болох нь” нэрээр нийтлэгдсэн байна. Тус судалгааны судлаачид 10 жилийн турш залуу тоглогчдыг хянаж, тоглосон тоглоом нь зан авирт нь хэрхэн нөлөөлөхийг ажигласан байна. Тэгэхдээ өөр хоорондоо хамааралгүй, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн олон давхаргын хүүхэд залуусыг сонгон ажигласан байна.
 
Тухайлбал, судлаачдын ажигласан хүүхэд залуусын 65 хувь нь кавказ, 12 хувь нь африк, 19 хувь нь ирлийз, 4 хувь нь бусад үндэстнээс гаралтай байжээ. Судалгааны үр дүнд хөвгүүд охидоос илүү цус асгаруулсан тоглоом тоглох дуртай байдгийг тогтоож, тэдний тоглосон тоглоом дээрх хүчирхийллийн шинжтэй үзэгдлийг гурван түвшинд ангилсан гэнэ.
 
Тухайлбал, оролцогчдын дөрвөн хувийг бага наснаасаа хойш маш их хүчирхийлэл харуулсан тоглоом тоглосных нь төлөө “Өндөр хүчирхийлэлтэй” бүлэгт, 23 хувийг нь “Дундаж хүчирхийлэлтэй” бүлэгт, 73 хувийг нь “Бага хүчирхийлэлтэй” бүлэгт ангилсан аж.
 
Гэтэл “Өндөр хүчирхийлэлтэй” бүлэгт багтсан залуус цаг хугацаа өнгөрөх тусам бага хүчирхийлэлтэй тоглоом сонирхож эхэлсэн байна. Мөн аль ч бүлэг т багтсан залуусын зан авирт цахим тоглоомноос шалтгаалсан аливаа өөрчлөлт ажиглагдаагүй байна.
 
Ингэснээр судлаачид эцэст нь хүчирхийлэл харуулдаг тоглоомнууд тоглогчийнхоо сэтгэхүйд хоногших нөлөө үзүүлдэггүй бөгөөд хүчирхийллээс илүү ээдрээтэй адал явдлаараа залуусын сонирхлыг татдаг хэмээн дүгнэжээ.
 
Эх сурвалж: UNILAD
Цахим тоглоом хүчирхийллийн сэдэл төрүүлдэггүйг баталлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0