Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Virgin Galactic-ийн арилжааны анхны нислэг амжилттай боллоо
1 жил өмнө   380
Сансрын дэд тойрог замын /суборбитал/ дагуу Virgin Galactic компаниас зохион байгуулсан арилжааны анхны нислэг амжилттай болжээ. Уг нислэгт судлаачид бус жирийн иргэд оролцсон гэдгээрээ онцлог бөгөөд тэд бол 1972 оны Мюнхений Олимпын тоглолтонд оролцож байсан өдгөө 80 настай Жон Гудвин, Антигуа арлаас ирсэн ээж охин хоёр болох Кейша Шахафф, Ана Майерс нар юм.
 
Өмнө нь 6 дугаар сард энэ маршрутаар Италийн хэсэг судлаачид аялсан бөгөөд тэдний зардлыг Италийн агаарын цэргийн хүчнээс санхүүжүүлжээ.
 
Нислэгийн эхний үе шатанд сансрын хөлгийг “Ева” гэдэг зөөгч нисэх онгоцоор 15 км-ийн өндөрт гаргасан байна. Ер нь бол, сансрын орон зай Карманы шугам буюу 100 км-ийн өндрөөс эхэлдэг бөгөөд үүнээс цааш агаар хэт сийрэг болдог тул нисэх онгоцоор аялах боломжгүй.  
 
Пүрэв гарагт сансрын аялагчид 80 км-ийн өндөрт буюу агаар мандлын стратосфер давхарга ба сансрын орон зайн заагаар нэг цагийн турш Дэлхийг тойрон ниссэний дараа «Америка» гэдэг сансрын буудалд амжилттай газардсан байна. Хөлгийг НАСА-гийн туршлагатай нисгэгчид болох Си Жэй Стеркоу, Келли Латимер, Бет Мозес нар жолооджээ.
 
Энэ удаагийн нислэгээр сансрын аялагчид хэд хэдэн дээд амжилтыг тогтоолоо. Тодруулбал, Гудвин түүхэн дэх хамгийн өндөр настай сансрын аялагч, Майерс /18 настай/ хамгийн залуу аялагч болжээ. Түүнчлэн ээж охин хоёр анх удаа сансарт хамтдаа аялсан анхны тохиолдол байлаа.  
 
Арилжааны нислэгт бэлтгэх үйл явц олон жилийн турш үргэлжилсэн бөгөөд Жон Гудвин гэхэд 10 жил гаруйн өмнө тасалбар худалдан авсан нь 200 мянган долларын үнэтэй байжээ. Харин одоогоор 800 гаруй хүн тасалбар худалдан аваад байгаа бөгөөд үнэ нь хоёр дахин өссөн байна.
 
Цаашдаа Virgin Galactic компани сар бүр арилжааны нислэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
 
Лестерийн их сургуулийн сансрын физикийн профессор Сьюзи Имбер анхны арилжааны нислэгийн талаар ярихдаа “тус компани өөрийн гэсэн технологийг бий болгож, бүх тоног төхөөрөмж нь маш хүнд туршилтуудыг даван гарлаа. Удаан хүлээлгэсэн нислэг шинэ эрин үеийг нээж байна” хэмээн бахархан дурдлаа. 
Virgin Galactic-ийн арилжааны анхны нислэг амжилттай боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0