Текст суурьтай сошиал платформын зах зээлд Илон Маскийн Х (хуучнаар Твиттер), Марк Закербэргийн Threads аппликэйшнүүд ширүүн өрсөлдөж байгаа билээ.
Тэгвэл дөнгөж өнгөрсөн оны дундуур зах зээлд нэвтэрч байсан Threads нэг чухал үзүүлэлтээр X-ийг гүйцэж түрүүлсэн байна.
Apptopia зах зээлийн судалгааны компанийн саяхан гаргасан тайланд өгүүлснээр Threads-ийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тогтвортой нэмэгдэж, энэ үзүүлэлтээр АНУ-ын зах зээлд X-ийг гүйцжээ.
Мөн аппликэйшний татагдсан тоогоор илүү гарсан байна.
“АНУ-ын зах зээлд DAU (Daily Active User) үзүүлэлтээр Threads 2023 оны арванхоёрдугаар сард X-ийг гүйцсэн бөгөөд өсөлт үргэлжилж байна” гэж Apptopia компанийн судалгаа хариуцсан дэд захирал Томас Грант мэдээлжээ.
Threads нь одоо Apple App Store дэлгүүрийн хамгийн их татагдсан төлбөргүй аппликэйшнүүдийн жагсаалтын гуравдугаарт байгаа бол X аппликэйшн 41 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Google Play Store дэлгүүрийн ижил жагсаалтын 12 дугаарт Threads, 44 дүгээрт X байгаа ажээ.
Дөрөвдүгээр сарын байдлаар 24 цагийн дотор ядаж нэг удаа Threads аппликэйшнийг нээдэг хэрэглэгчийн тоо 28 саяд хүрсэн байна.
Арванхоёрдугаар сард энэ үзүүлэлт 18 сая байсан бол өнгөрсөн хугацаанд 55 хувиар өсжээ.
Харин Х-ийн хувьд дөрөвдүгээр сарын байдлаар DAU үзүүлэлт 22 сая байгаа гэнэ. Х-ийн энэ үзүүлэлт сүүлийн гурван сарын турш өөрчлөгдөөгүй, тогтвортой байсныг Apptopia мэдээлжээ.
Хуучнаар Твиттер платформыг 18 сарын өмнө Илон Маск $44 тэрбумаар худалдан авч байв.
Маск тэр үеэс хойш хэрэглэгчийн тоог нь тогтоон барихын тулд янз бүрийн аргаар ажиллаж байгаа ч бууралтыг зогсоож чадаагүй юм.
Sensor Tower байгууллагын тооцоолсноор 2022 оны аравдугаар сараас хойш Х-ийн DAU үзүүлэлт дэлхий даяар 19 хувиар буурсан байна.
2024 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар буурчээ.
Марк Закербэрг өөрийн шинэ платформыг нэг тэрбум хэрэглэгчтэй болгох зорилт тавьсан. Гэхдээ X-ийн байр суурийг бүрэн эзлэхийн тулд түүнд хийх ажил их байгаа гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: Business Insider
АНУ-ын зах зээлд Threads платформ Х-ийг нэг чухал үзүүлэлтээрээ гүйцжээ |
|