1951 онд байгуулагдаж байсан Хүүхдийн төв театрыг 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж байсан. Харин 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байдаг. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болоод байсан юм.
Тэгвэл 27 жилийн дараа Хүүхэд залуучуудын театр дахин үүд хаалгаа нээж, үзэгчдэд шинэхэн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй тус театрын барилгын ажил бүрэн дуусаж дөрөвдүгээр сарын 25-нд нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Хүүхэд залуучуудын гэх тодотголтой энэхүү театр нь Нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүрэгт баригдснаараа онцлог байна. Ингэснээр зөвхөн тухайн бүсийн хүүхэд залуучуудад соёл урлагийн үйлчилгээ хүргэхээс гадна нийт залууст театрын урлагийн эерэг нөлөөллийг бий болгох боломжтой байна.
760 хүний суудалтай, орчин үеийн техник технологи бүхий тохижилттой Хүүхэд залуучуудын театр нь Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармагийн Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээхээр болжээ.
Театр бол ариун сүм гэж ярьдаг. Учир нь үзэгч театраас амьд харилцааг мэдэрч, сэтгэл хөдлөл болоод өөрийн дотоод ертөнцийг танин мэдэх боломжтой гэж үздэг байна. Тэгвэл энэхүү мэдрэмжийг зөвхөн томчууд бус хүүхэд залууст хүргэх нь ирээдүйн нийгмийн өнгө төрхөд ихээхэн ач холбогдолтой байна.
27 жилийн дараа ийнхүү дахин үүд хаалгаа нээх гэж буй Хүүхэд залуучуудын театрын нээлтийн арга хэмжээ 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт болно. Театрын хамт олны зүгээс урлагийн ахмад уран бүтээлчид болон үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг хүслээ.
Холбоо барих:
Facebook: Хүүхэд залуучуудын театр
Instagram: youthteatre
Цахим хуудас: http://youththeatre.mn/
Email: marketing@youththeatre.mn
Утас: 7599 1133 / 2 /
Тасалбарыг https://www.ticket.mn/ худалдан авах боломжтой.
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ |
|