Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо NBA-ын домогт тамирчид болох Майкл Жордан болон Коби Брайнт нарын NBA-ын тоглолтуудад анх өмсөж байсан өмсгөлүүдийг Сотебийс дуудлага худалдаагаар зарах гэж байна. Дуудлага худалдааг зохион байгуулж байгаа Сотебийс ордны зүгээс өмсгөл тус бүрийг 10 сая ам.долларын үнэ хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл хоёр өмсгөл нийлээд 20 сая ам.доллараар зарагдана гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид тооцоолжээ.
Дуудлага худалдааны ордон өмсгөлүүдийг гуравдугаар сарын 21-ний өдрөөс Нью-Йоркод олон нийтийн өмнө танилцуулж эхэлсэн байна. Сотебийсийн орчин цагийн үнэт цуглуулгуудыг хариуцдаг салбарын захирал Брахм Вочер “Майкл Жордан болон Коби Брайнт нарын анхны NBA-ын тоглолтууд дээрээ өмссөн өмсгөлүүд зөвхөн дурсамж биш юм. Тэд хүсэл тэмүүлэл, авьяас билэг, зоригийн бэлгэ тэмдэг болсон. Энэ бол үнэхээр ховор цуглуулгын хэсэг” гэжээ. Майкл Жордан уг өмсгөлөө 1980-аад оны үед өмсдөг байсан бөгөөд өөрийн гарын үсгээ дурсгал болгон үлдээсэн. “23” дугаартай өмсгөлийг Жордан 1984 оны аравдугаар сарын 5-ны өдөр Иллинойс мужийн Пеориад тоглохдоо өмсөж байжээ. Энэ тоглолт Жорданы Чикаго Булз багт тоглосон анхны гараа байсан юм.
Коби Брайантын хувьд NBA-ын домогт тамирчин болох гараа болон амжилтын замналаа Лос-Анжелес Лейкэрс багтай хийсэн билээ. Түүний дуудлагаар худалдаалах гэж байгаа “8” дугаартай өмсгөлийг 1996 оны аравдугаар сард анх удаа NBA-ын улирлын өмнөх тоглолтод өмсөж, дараа сар нь улирлын анхны тоглолтондоо өмссөн байна. Коби Брайант 2020 онд нисдэг тэрэгний ослоор 13 настай охин Жианнагийнхаа хамт нас барсан билээ.
Майкл Жордан, Коби Брайнт нарын НБА-ын анхыхаа тоглолтод өмссөн өмсгөлийг дуудлага худалдаагаар зархаар болжээ. |
|