Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ж.Мөнгөнсүх
Жүжигчин
Ж.Мөнгөнсүх: Би тун энгийн зүйл мөрөөддөг
7 жил өмнө   925
– Та саяхан “Дурсах оюутан нас” хэмээх шинэ дуу гаргасан байсан. Тус дууг дуучин Э.Агиймаатай хамтран дуулжээ. Үнэхээр сайхан дуу болсон байсан. Өөр ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
-Юуны өмнө Өглөө.мн сайтыг шимтэн уншдаг уншигчид болон элэг нэгт Монголын ард түмэндээ шороон нохой жилийн мэндийг хүргэе. Шинэ гарч буй жилийн босгон дээр шинэ уран бүтээлээ бэлэг барьсандаа ихэд бэлэгшээж байгаа. “Дурсах оюутан нас” дууны хувьд бүтэн нэг жил дамнасан уран бүтээл болсон. Отгонтэнгэр Их Сургуулийн 2017 оны төгсөгчдийн мөнгөн хонхны баярыг тэмдэглэж буй хэсэг клипний хамгийн сүүлийн хэсэгт орсон. Ерөнхийдөө 2017 оны 5-р сараас эхэлж клипний зураг авалт эхэлсэн. Э.Агиймаатай хамтарсан анхны уран бүтээл юм. Энэхүү дууны шүлгийг реппер Данка ах маань зохиож өгсөн. Харин аяыг Н.Тэмүүлэн зохиосон байгаа.
 
Миний хувьд 2016 онд “Believe in me” буюу надад итгэ нэртэй дуугаа гаргасан. Гэхдээ дүрсжүүлж амжаагүй л байна. Тун удахгүй дүрсжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Сайхан дуулдаг жүжигчид олон бий. Тэдний нэг нь таныг юм уу гэж би боддог. Урлагтай, дуу хөгжимтэй хэрхэн холбогдож байв?
 
-Би хоёр эгчтэй. Хүүхэд байхад эгч нартайгаа нийлээд гэртээ концерт тавьдаг байлаа. Магадгүй ингэж л урлаг, дуу хөгжимтэй холбогдсон юм болов уу. Урлагт хайртай учраас бүхий л төрөл салбарыг нь орхигдуулахгүйгээр өөрийгөө хөгжүүлэхийг, хичээж байгаа. Мөн бүхий л төрөлд амжилт гаргах юмсан гэж бодож, өөрийгөө сорьдог. Дуу дуулах дуртай учраас орхиж чадахгүй ажлынхаа хажуугаар уран бүтээл туурвиад л явж байна.
 
-Дуулах дуртай учраас өөрийгөө сорьж үзэхээр “The Voice of Mongolia” шоунд оролцсон гэж ойлгож болох уу?
 
-Мөрөөдөлдөө хөтлөгдөөд л энэ шоунд орчихсон. Voice бол дэлхийн хэмжээний шоу. Дэлхийн хэмжээний шоунд оролцоно гэдэг бол мөрөөдлийнхөө төлөө хийж буй нэг алхам юм. Шоунд оролцох тухай л бодсоноос дараагийн шатны тухай огтхон ч бодоогүй. Гайхалтай шоу. Мундаг уран бүтээлчдийг тайзан дээрээс харах сайхан байсан шүү. Дуучин Д.Болдод хандаад “Та бол миний шүтээн. Өнөөдөр таныг харсандаа баяртай байна” гээд шууд л хэлчихсэн. Камертон хамтлагийг байгуулагдсан цагаас хойш шинэ гарсан дуу болгоныг нь шимтэн сонсож, дагаж дуулсаар өнөөдрийг хүрсэн байна. Бараг бүхий л дууг нь цээжээр мэднэ дээ. Би Voice шоуны дараагийн шатанд тэнцээгүй. Гэхдээ огт харамсахгүй байгаа. Уг нь жүжигчин хүн учраас олон ч тайзан дээр гарч байсан. Гэвч Voice-ийн тайз өөр юм билээ. Маш их сандарсан. /Инээв/
 
-Та дэлхийн хэмжээний шоунд оролцох бол мөрөөдлийн нэг хэсэг гэж хэллээ. Ингэхэд таны мөрөөдөл юу вэ?
 
-Би тун энгийн зүйл мөрөөддөг. Одоогоос хэдэн жилийн өмнө их л омголон, дэврүүн явдаг байж. Яг үнэнийг хэлэхэд “нусан чавх” байсан байхгүй юу. Тэгсэн хэрнээ том том юм яриад л, онгироод л. Гэвч одоо энгийн зүйлийг хүсч мөрөөддөг болсон байна. Ээж аавыгаа амар тайван амьдруулахыг, өөрөө хүн шиг эгэл даруу амьдрахыг л чухалчилдаг болсон байна. Би залуу хүн л дээ. Гэхдээ л миний харах, бодох өнцөг өөрчлөгджээ гэж ойлгодог. Зүгээр л амар амгалан амьдрахыг хүсдэг.

 

– Таны амар тайван амьдралд дуу нэмж, шинэ хүн оны өмнөхөн мэндэлсэн гэж дууллаа. Хүүгээ угтаж авсан тэр үеийнхээ дурсамжаас бидэнд хуваалцаач?
 
-Тийм ээ. Оны өмнөхөн удам залгах хүүтэй болсон. Амьдрал гэдэг их баялаг, олон салаа мөчиртэй модтой адил юм. “Сайн ханьтай учирна гэдэг нь чиний сайхан амьдралын тавин хувь” гэж хүмүүс хэлээд байх юм билээ. Надад бол сайн ханьтай учрах нь сайхан амьдралын дөнгөж эхлэл гэж боддог. Учир нь сайн ханьтай учраад тэр хэлээд, мөрөөдөөд байгаа сайхан амьдралаа хамтдаа эхлүүлэх ёстой байхгүй юу. Тиймдээ ч миний хувьд сайхан ханьтай учирч, одоо гурвуулаа боллоо. Аав ээжийн минь олонд тустай явсных гэж бодож явдаг юм даа.
 
-Нууц биш бол ханийнхаа тухай танилцуулаач. Та хоёр хэрхэн танилцаж байсан бэ?
 
– Эмоци продакшинд ажиллаж байхдаа ханьтайгаа танилцаж байсан. 2014 онд X-Roses хамтлагийн уран нугараачид урилгаар манай шоунд оролцож байсан юм. Энэ хамтлагт эхнэр минь нугардаг байлаа. Анхны харцаар дурлаж нэг нэгнээ амархан ойлгож үерхэж эхэлсэн. Сар гаруй хугацаанд хамтран ажилласан нь биднийг улам ойр дотно болоход нөлөөлсөн болов уу. Циркийнхэн гадны улс орноор удаан хугацаагаар ажиллах тохиолдол их гардаг. Тэгээд л эхнэртэйгээ хамт циркийн дүү нарыг нь ахлаад хоёр жил гаруй хугацаанд Хятад улсад ажиллаж амьдарсан байна. Энэ хугацаанд л бие биедээ улам татагдаж, илүү ихээр мэдэрч ойлгосон гэж боддог доо.
 
– Нугараач хүн хүүхэд гаргахаар ажлаасаа хөндийрдөг байх. Энэ үед гэрийн эзэн, аав хүний үүрэг хариуцлага л нэмэгддэг болов уу. Та гэр бүлдээ хэрхэн цаг гаргаж байна вэ?
 
-Хүүдээ, ханьдаа сайн аав, сайн нөхөр байхыг хичээж явна. Гэхдээ ажил ихтэй завгүй байх үе гарах л юм. Хүүдээ амралтын өдрийг аль болох зориулахыг боддог. Амралтын өдрөөр гэртээ эмээдээ, ханьдаа, хүүдээ гарынхаа хоолыг өөрийнхөө хэмжээнд хийгээд дайлахыг боддог. Ажлаа тараад хамгийн түрүүнд гэр лүүгээ яардаг. Гэртээ хүүгээ эрхлүүлэх хамгийн том аз жаргал шүү дээ.
-Уучлаарай. Гэхдээ энэ асуултыг асуухгүй өнгөрч чадсангүй. Таны тухай зарим хэвлэлд “Эхнэрээ хаяад өөр хүнтэй гэр бүл болсон” гэж бичсэн байдаг. Энэ үнэн үү?
 
– Өөр хүнтэй амьдрал зохиосон нь үнэн. Гэхдээ хаяад явсан гэвэл өрөөсгөл. Шар хэвлэлүүд элдэв зүйл бичсэн байгааг харсан. Гэвч яагаад намайг, миний амьдралыг мэдэхгүй байж ингэж дураараа бичсэн юм бол доо гэж гайхаж бас инээд хүрсэн. Миний тухай худал мэдээлэл бичээд хоолоо олж идэж байна даа гээд нээх тоолгүй өнгөрсөн дөө. Хамгийн инээдтэй нь хэн миний талаар хэнд юу гэж ярьж явсныг нь ч мэдсэн болохоор сэтгэл амраад байгаа шүү.
 
Хүнд алдах, онох үе байдаг шүү дээ. Түүний адилаар л миний өмнөх амьдрал бүтэлгүйтсэн. Гэхдээ шар хэвлэлд гарч байгаа шиг би хаяж гүйгээд өөр хүнтэй суучихсан юм байхгүй. Тэр хүн өөрийнхөө амьдралын замыг сонгоод явсан, тэр сонголтыг нь ч хүндэлсэн. Хүн хаана хэнтэй хамт байхдаа аз жаргалтай байна тэрийгээ л дагана шүү дээ. Тиймээс л өөрийнх нь хүссэнээр шийдвэрт нь хориг тавиагүй ээ. Би одоо сайхан амьдарч байна. Миний эхнэрийн талынхан сайхан хүмүүс бий. Одоо бол надад хайртай олон хүмүүсийн сэтгэлийг баяр жаргалаар дүүргэж, надад гэсэн сайхан сэтгэлийг нь дааж явах юмсан гэж л хичээж явна даа.
 
-Нээлттэй ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
 
– Баярлалаа.
Г.Нараа
Эх сурвалж: Ugluu.mn 
 
Ж.Мөнгөнсүх: Би тун энгийн зүйл мөрөөддөг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0