УИХ-ын чуулган сар шинийн босгон дээр завсарласан. Та тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж амжив уу?
Сар шинээс өмнө тойргийнхоо бүх хорооны иргэдтэй уулзалт хийж УИХ болон ЗГ-ын бодлого шийдвэрийг танилцуулж, и
ргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Мөн тойргийнхоо далаас дээш насны буяныг хураасан ахмадуудад сар шинийн өмнө хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан. Энэ үеэр тойрогтоо хийсэн ажил, санаачилсан хууль тогтоомж мөн МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар танилцуулга хийлээ. Засгийн газраас гаргасан олон шийдвэрт тухайлбал, тэтгэвэр нэмсэн, боловсролын зээлийг хүүгүй болгосон, насны хишиг, цалинтай ээж хөтөлбөр, тэтгэвэрт гарах насаа өөрөө сонгох боломжтой болсон, ХАОАТ-ыг нэг шатлалтай болгосонд иргэд ихэд талархалтай хандаж байна.
Та тойрогтойгоо нягт уялдаатай ажилладаг. Танай тойрогт тулгамдсан асуудлууд хэр байна. Хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Миний хувьд Баянзүрх дүүргийн Сансар, Дарь-Эхийн хороодоос сонгогдсон. Энэ зургаан хороонд 60 мянга орчим хүн амьдардаг, зарим хороод маань 15-18 мянга орчим хүн амтай, нягтаршил ихтэй. Тулгамдсан асуудлууд их. Жишээ нь БЗД-ийн II хороо байгуулагдаад 60 орчим жил болж байгаа ч төрийн өмчийн нэг ч сургууль, цэцэрлэггүй байна. Ганц худгийн орчим Жамсран уулын өврөөс жил бүр орж ирэх үерийн ус Дарь-Эхийн гэр хорооллын айл өрхүүдэд маш их хүндрэл учруулдаг. Үерийн ус хашаа, гудамжаар нь дүүрч гэр орондоо ч орж чадахгүйд хүрдэг. Иймээс 2018 оны улсын төсөвт Ганц худгийн амнаас уруудсан үерийн далан байгуулах, II хороонд 150 ортой цэцэрлэгийн барилга худалдаж авах санхүүжилтийг тусгалаа. Мөн 48-р сургууль спорт заалны шинээр барих ажлыг энэ онд эхлүүлнэ. ХХЕГ-ын өмнөх талбайд Спорт цогцолбор бариулах, Сансарын нэлээн хэдэн нийтийн эзэмшлийн байрны дээвэр засварлуулах, авто зам шинэчлэх, гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх гээд олон ажлуудыг 2018 онд гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна.
2017 оны УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?
УИХ-ын намрын чуулган амжилттай хуралдаж дууссан. Нэгдсэн чуулганаар 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталсан.
Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг эдийн засгийн бодит өсөлтийг үндэслэлтэй тогтоох, төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах зарчмыг удирдлага болгон хэлэлцэж баталсан. Эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж, төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд төгрөг байхаар тооцсон.
2018 оны төсөвт нийт 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, 29 сургууль, 15 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх зардлыг шийдвэрлэснээр гурван ээлжээр хичээлэлдэг сургуульгүй, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдлыг халах боломжийг УИХ-аас бүрдүүлсэн. Намрын чуулганаар бид төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдүүлэх, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шинэчлэлийн томоохон алхам хийж чадсан.
Та 4 ба 6 хүүхэд төрүүлсэн ээжүүд Алдарт эхийн одон авах хуулийг батлуулсан. Өмнөх парламентын үед санаачилж байсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай болон малчдын тэтгэврийн насыг наашуулах тухай хуулиуд тань батлагдаад хэрэгжиж эхэллээ. Иргэн бүрийн амьдралд бодит өгөөжөө өгсөн хэмээн олон хүн ам сайтай байна?
Эдгээр хуулиудыг хэрэгжүүлж эхэлж байгаад баяртай байна. Ард иргэд ч их талархаж байгаа. 2016 оны байдлаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлж байна. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40.0 гаруй мянга ээж, 8000 орчим аав байгаа бол 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй байна. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг нь амьдралын бодит үнэн. Энэ хууль батлагдсанаар “Цалинтай ээж” хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянга орчим ээжид сар бүр 50 мянга, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг авахаар болж байна.
Мөн малчдын тэтгэврийн насыг бууруулснаар 2018 онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч байна. Малчид маань төрд ямарч дарамтгүйгээр үр хүүхдээ сургаж хүмүүжүүлж, гэр бүлээ авч явахын зэрэгцээ жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ даган хариулах, хамгаалах гэж өдөр, шөнийн ээлжгүй, ажил, амралтын горимгүй, халуун, хүйтэнд ялгаагүй гадаа гандаж, хөдөө хөхөрч ажиллаж байдгаас эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, дундаж наслалт нь харьцангуй доогуур байгаа нь бидэнд малдаа анхаарахаас илүүтэй хүндээ анхаарах нь чухал болоод гэдгийг харуулж байна.
Чуулганы завсарлагаанаар ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?
1990 ээд онд дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэдэг шалтгаанаар хөдөлмөрлөх эрхээ хасуулан 30 гаруйхан насандаа хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийн хохирлыг барагдуулах хуулийн төсөл дээр ажиллаж байна. Эдгээр ээжүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэвэр бодох итгэлцүүрийг өөрчлөх талаар НХХ-ын сайд С.Чинзоригтой санал солилцсон. 44 мянга гаруй ээжүүд тэтгэвэрт гарч байсан бол одоо 8000 орчим ээж хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа юм байна. Энэ ээжүүдийн хохирлыг төр барагдуулах ёстой гэж үзэж байгаа.
Ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр яригдаж байна. Гол ямар өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулах ёстой гэж үзэж байна вэ?
Үндсэн хуульд ирээдүй цагийн өнгөнд нийцсэн алсын хараатай зөв нэмэлт, өөрчлөлт оруулах нь энэ парламентын хамгийн том түүхэн үүрэг байх ёстой. Үүний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, УИХ-д суудалтай улс төрийн бүх намууд зөвшилцлийн ширээний ард суух цаг болсон. Засаглал хямарч байгаа тухай сүүлийн хэдэн жил ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль болох олон намын оролцоотой цоохор парламент хийх ёстой гэж үздэг хүмүүс, судлаачид бий. Гэхдээ үзэл бодлын зөрүүтэй улс төрийн олон намын үзэл баримтлалыг нэг цэг дээр огтлолцуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх боломж туйлын бага гэдэг нь өнгөрсөн он жилүүдийн сургамжаас харагдаж байна. 2016 оны сонгуулиар 65 суудалтай болсон МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ард түмнээсээ асууж долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хандаж, улс орны нийгмийн амьдралд саад тээг, хөгжлийн чөдөр болоод буй асуудлыг шийдвэрлэх гарцыг ард олны язгуур эрх ашигт нийцүүлэн хийж чадвал маш үр дүнтэй ажил болно.