Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Б.БАТДАВАА: 9 ДҮГЭЭР САРД ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АСУУДЛААР ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
5 жил өмнө   2116
Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа.
 
Эдийн засагчид төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар валютын нөөц нэмэгдлээ гэдэг. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулдаг Монголбанкны нэгжийг хариуцсан хүний хувьд төлбөрийн тэнцлийн талаар ойлголтыг манай уншигчдад товч өгнө үү?
 
Валютын нөөцийн өөрчлөлтөд нөлөөлсөн голлох үзүүлэлтүүдийг төлбөрийн тэнцлийн статистикаас харж болдог. Уг статистик нь урсгал данс, санхүүгийн данс гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг байгаа.
 
Урсгал данс нь тухайн улсын эдийн засгийн харъяатуудын харъяат бустай хийсэн бараа, үйлчилгээ, ногдол ашиг, хүүгийн төлбөр тооцооны цэвэр үзүүлэлтийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь бид тухайн сар, улирал эсвэл жилд хэчнээн хэмжээний барааг гадаад улсад экспортолж, импортолсон, мөн хэчнээн хэмжээний тээвэр, аялал зуулчлал, эмнэлэг, сургууль, бизнес, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг бусдад үзүүлсэн ба хүлээн авсан, ямар хэмжээний цалин хөлс, хөрөнгө оруулалтын ногдол ашиг, зээлийн хүүгийн төлбөрийг гадаадад төлсөн, авсан зэрэг бүхий л мөнгөн урсгалыг тооцдог үзүүлэлт юм.
 
Харин санхүүгийн данс нь тайлант хугацаанд манай улс хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт, зээлийг цэвэр дүнгээр хүлээн авч, хичнээн хэмжээний мөнгөн эх үүсвэрийг гадаад улсад байршуулсныг илэрхийлдэг. Ингээд урсгал болон санхүүгийн дансны нийлбэрээр валютын нөөцийн өөрчлөлт тайлбарлагддаг байгаа.
 
Манай улсын хувьд төлбөрийн тэнцлийн сүүлийн үеийн үзүүлэлт ямар байгаа вэ?
 
Төлбөрийн тэнцэл 2016 оноос хойш сайжирч, улмаар валютын нөөц нэмэгдэж 2019 оны 6 дугаар сарын байдлаар 4.0 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Төлбөрийн тэнцэл сайжрахад  1. экспортын голлох түүхий эдийн үнэ, хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн, 2. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас урт хугацааны санхүүжилт орж ирсэн, 3. хөрөнгө оруулалт, тэр дундаа Оюутолгой төслийн 2 дахь шатны хөрөнгө оруулалт тогтвортой байсан зэрэг нь голлон нөлөөллөө.
 
Тухайлбал, 2019 оны эхний 5 сарын байдлаар экспорт 13 хувиар нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 152 сая ам.доллараар буурч, 444 сая ам.доллартай тэнцүү гарлаа. Харин санхүүгийн дансны ашиг гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтвортой байсан, МИК ХК-иас гадаад зах зээлд бонд арилжаалсан зэргээс шалтгаалаад 646.9 сая ам.долларын ашигтай гарлаа. Ингэснээр төлбөрийн нийт тэнцэл 233.6 сая ам.долларын ашигтай гарч, валютын нөөц нэмэгдсэн.
 
Төлбөрийн тэнцэл ирэх жилүүдэд ямар байх хүлээлттэй байна вэ? 
 
Урсгал дансны алдагдал 2018 онд 2.2 тэрбум ам.доллар буюу, дотоодын нийт бүтээгдэхүүний 17% орчим хувьтай тэнцүү гарсан. Цаашид 2021 он дуусах хүртэл хугацаанд урсгал дансны алдагдал бага зэрэг буурах төсөөллийг Монголбанкнаас боловсруулсан байгаа. Урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаар буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа Оюутолгой төсөл болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас авах урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр нөхөх боломжтой. Энэ тохиолдолд гадаад валютын нөөц ирэх жилүүдэд тогтвортой байх буюу 4 тэрбум ам.доллараас нэмэгдэх боломжтой болох юм.
 
ОУВС-гийн Ажлын хэсэг өнгөрсөн сард Монгол Улсад ажиллаад буцахдаа манай эдийн засгийн эрсдэл даах чадвар бэхэжсэн боловч томоохон шокыг даван туулахад хүрэлцээхээргүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Энэ талаар та илүү дэлгэрэнгүй тайлбарлаач?
 
ОУВС-гийн Ажлын хэсгээс эдийн засагт гарсан зарим эерэг үзүүлэлтүүдийг цохон тэмдэглэсэн. Тухайлбал эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 оны эцэст 6.9 хувь, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 8.6 хувьд хүрч идэвхижсэн. Өсөлт 2019 онд 6.5 хувьтай гарна гэсэн төсөөллийг ОУВС-гаас гаргасан байгаа. Улсын төсвийн хувьд тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2016 онд -3.7 их наяд төгрөгтэй тэнцүү байсан бол өнгөрсөн жил тэнцэл 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Оны эхний 5 сарын байдлаар төсөв 146 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөц өнгөрсөн сард 4 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн хоёр жил хагасын хугацаанд 3 дахин нэмэгдсэн зэргийг тэмдэглэж болох юм.
 
Хэдийгээр эдийн засгийн эрсдэл даах чадвар энэ мэт бэхжиж байгаа боловч томоохон шокыг даван туулахад хүрэлцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа нь манай гадаад эрсдэл буюу төлбөрийн тэнцлийн эрсдэлийг анхааруулаад байгаа юм.
 
Тухайлбал, манай улсын урсгал данс 2008 оноос хойш тогтмол алдагдалтай буюу дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19%-тай тэнцүү байсан. Энэ нь хуримтлагдсан дүнгээр Монгол Улсын урсгал данс 2008 оноос 2018 оныг дуусах хүртэл хугацаанд 23.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан гэсэн үг. Үүнийг бид гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, бондын өр төлбөрөөр санхүүжүүлж ирсэн. Үр дүнд нь Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц -34.4 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй, үүн дотроо гадаад өр 29.5 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна.
 
Дээрх хуримтлагдсан төр, хувийн хэвшлийн өр төлбөрийн эргэн төлөлт 2020-2024 онуудад 14.4 тэрбум ам.доллар болох тооцоо гарч байна. Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх өр 6.7 тэрбум ам.доллар юм. Нийт экспортын 90 хувь, хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд энэ хэмжээний гадаад өрийн эргэн төлөлт уур уулхайн бүтээгдэхүүний үнийн уналтын мөчлөгтэй давхацвал эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй. Үүнийг л Монголбанкны мөнгөний бодлогын мэдэгдэлд ч, ОУВС-гийн Ажлын хэсгээс ч анхааруулаад байгаа юм.
 
Тэгвэл гадаад өрийн эргэн төлөлтийн эрсдэл, уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
 
Ирэх жилүүдэд төлөх төр, хувийн хэвшлийн өрийн тодорхой хэсгийг төлж, тодорхой хэсгийг гадаад зах зээлд дахин санхүүжүүлэх буюу хугацааг нь сунгах шаардлага гарах байх. Ингэхэд хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авах шаардлагатай. Үүний тулд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, олон улсын байгууллагууд, хандивлагч орнууд болон хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж төсөв, мөнгөний бодлогын сахилга батыг үргэлжлүүлэн сахих нь чухал.
 
Хамгийн гол нь Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэж байж төлбөрийн тэнцэл сайжирч, ирэх жилүүдэд төлөх гадаад өрийг амжилттай шийдвэрлэх бололцоо бүрдэх юм. Мөн энэ нь гадаад эрэлтийн шок буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалж эдийн засаг хямрах сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Үүн дээр Засгийн газрын зүгээс голлон анхаарч ажиллах шаардлага үүсч байна.
 
Монголбанкны зүгээс Засгийн газар болон УИХ-ын бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор ирэх 9 дүгээр сард төлбөрийн тэнцлийн асуудлаар онол практикийн хурлыг эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
Уг онол практикийн хурлын гол ач холбогдол нь юу вэ?
 
Манай улсын төлбөрийн тэнцлийн урсгал данс 2008 оноос хойш тогтмол алдагдалтай явж ирсэн талаар би өмнө дурдсан. Урсгал дансны алдагдал нь түр зуурын бөгөөд ирээдүйд валютын орлого авчрах төсөл, хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалттай холбоотой тохиолдолд харьцангуй эрсдэл багатай байдаг. Харин алдагдал нь хэрэглээний шинж чанартай байнгын бол энэ нь эдийн засгийн өрсөлдөх чадвар сул байгааг илэрхийлдэг. Ийм нөхцөл удаан үргэлжлэх нь улс орныг төлбөрийн тэнцэл, ханшийн хямралд оруулдаг.
 
Манай урсгал дансны бүтцийг харвал сүүлийн жилүүдэд эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ өссөнөөр барааны худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа. Гэвч экспортын орлого, хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрийн зарцуулалт дотоод эдийн засагч шингэх чадвар муу буюу тээвэр, аялал, бизнесийн төрөл бүрийн үйлчилгээнд валютын гарах урсгал их байна. Мөн түүнчлэн гадаад өрийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдоод хүү, ногдол ашгийн төлбөрт гарах урсгал нэмэгдсэн нь урсгал данс алдагдалтай гарахад голлон нөлөөлж байна. Жишээлбэл 2018 онд манай улсын барааны гадаад худалдааны тэнцэл 675 сая ам.долларын ашигтай байсан боловч үйлчилгээний тэнцэл 1.98 тэрбум, зээл, бонд, ногдол ашиг зэрэг анхдагч орлогын тэнцэл 1.2 тэрбумын ам.долларын алдагдалтай байлаа. Энэ нь урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад голлон нөлөөллөө.
 
Иймд энэ удаагийн онол практикийн хурал гадаад өрийн асуудал, төлбөрийн тэнцэл, тэр дундаа урсгал дансны алдагдлыг бууруулах асуудал дээр түлхүү анхаарч, цаашид валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, экспорт, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр зөвлөмж гаргах юм.
 
Эх сурвалж; Монголбанк
Б.БАТДАВАА: 9 ДҮГЭЭР САРД ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АСУУДЛААР ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0