Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГО "ГАШУУН ЭМ" МЭТ БОЛОВЧ ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙХАД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
5 жил өмнө   1637
Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо (ЗӨАТБХ) хамтран “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй “Санхүүгийн мөчлөг” болон “Макро зохистой бодлого” сэдвийн хүрээнд ярилцлаа.  
 
- “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сургалтын талаар мэдээлэл өгнө үү?
 
Монголбанк 1999 онд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбоо (ЗӨАТБХ)-нд гишүүнээр элссэнээс хойш хамтарсан сургалт, судалгаануудад идэвхтэй оролцож ирсэн байдаг. “Санхүүгийн мөчлөг ба эдийн засгийн хямрал” сэдвээр Улаанбаатарт зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн сургалтад 10 төв банкны 30 орчим мэргэжилтэн  оролцлоо. Багш нарын хувьд ЗӨАТБХ (Seacen Centre), Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Холбооны нөөцийн банк (Fed)-ны туршлагатай экспертүүд хичээл зааж байна. Тус сургалтаар Азийн орнуудын төв банкны мөнгөний бодлого, хяналт шалгалт, макро зохистой бодлогын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд сүүлийн үеийн академик судалгаанууд, тооцооллын арга техникүүдтэй танилцаж, санхүүгийн мөчлөгийн аль үед ямар бодлогын арга хэмжээ зохистой талаар үзэж байна.
 
- Худалдааны маргаан гүнзгийрч, дэлхийд дахин нэг эдийн засгийн хямралын эрсдэл нэмэгдэж буй энэ үед сургалтын сэдэв анхаарал татаж байна. Санхүүгийн мөчлөгт анхаарал хандуулж буй шалтгаан юу вэ?
 
- Эдийн засгийн хямрал гэдэг зүйл судлаачид, бодлого боловсруулагчид нарын хувьд хамгийн чухал, анхаарах ёстой нэг асуудал байдаг. Учир нь хямралын үеэр хөрөнгө оруулалт хумигдаж, олон хүн ажилгүй болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, 1929 оны Америкийн Их хямралаас эхлээд, 1980-аад оны Латин Америкийн орнуудын хямрал, 1997 оны Азийн хямрал, хамгийн сүүлийн жишээ гэхэд 2008-09 оны дэлхийн санхүүгийн хямралыг нэрлэж болно. Иймд эдийн засгийн хямралын шалтгаан юу вэ, түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу, хямрал боллоо ч хэрхэн хохирол багатай, хурдан даван туулах вэ гэдэг нь чухал асуудал байсаар ирсэн. Тэгвэл санхүүгийн мөчлөгийн хувьд, 2008-09 оны хямралаас хойш нэлээд эрчимтэй судлагдаж байгаа сэдэв юм. Учир нь энэхүү хямрал санхүүгийн мөчлөгийн бодит эдийн засагт үзүүлэх нөлөөг дутуу үнэлсэнтэй ихээхэн холбоотой. Тухайн үед макро эдийн засгийн бодлогоор бизнесийн мөчлөгийг амжилттай удирддаг боллоо гэж үзэж байсан. Хөгжсөн орнуудад ажил эрхлэлт сайн, инфляци нам дор, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, өсөлт тогтвортой байсан бол хөгжиж буй орнуудын хувьд ч түүхий эдийн үнэ таатай, экспорт нь нэмэгдэж эдийн засаг нь хурдтай тэлж байв. Гэтэл эдийн засгийн глобальчлал гүнзгийрэхийн хэрээр нягт холбогдсон олон улсын санхүүгийн системд эрсдэл хэрхэн хуримтлагдаж, яаж тархаж болохыг – академик эрдэмтэд ч тэр, бодлого зохицуулагч нар ч тэр – дутуу тооцоолсон байв. Эдийн засаг тэлж, бизнесийн мөчлөг эерэг үед эрсдэл бага гэж үзэж байсан ч, чухам өсөлтийн үед санхүүгийн системд том эрсдэл хуримтлагдсан. Ингээд Америкийн моргежийн зах зээлээс эхтэй шок үүсэхэд дэлхийн санхүүгийн системд том савлагааг үүсгэж, цаашлаад бодит эдийн засагт маш хүчтэй нөлөөлсөн нь 2008-09 оны дэлхийн хямрал юм. Тухайн үед Монголын эдийн засаг ч уг хямралын нөлөөгөөр хүндрэлд орж, ОУВС-гийн Стэндбай хөтөлбөрт орж байсан. 
 
- Санхүүгийн мөчлөг гэж яг юуг хэлж байна вэ, бизнесийн мөчлөгөөс юугаараа ялгаатай вэ? Мөчлөгтэй холбоотой ямар гол сорилтууд байна вэ?
 
- Ердийн бизнесийн мөчлөг бол эдийн засагт үйлдвэрлэл, үйлчилгээ хэр идэвхтэй өрнөж буйг харуулдаг үзүүлэлт гэж хэлж болно. Үүний хүрээнд ДНБ-ийн бодит өсөлт, мөн түүнчлэн хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэлийн идэвхжил, худалдааны салбарын борлуулалт, ажил эрхлэлт, өрхийн орлогын өсөлт гэх зэрэг үзүүлэлтүүдийг авч үзэх нь түгээмэл. Тэгвэл эдийн засагт оролцогчдын үйл ажиллагаа цаанаа санхүүжилттэй ихээхэн холбоотой байдаг бөгөөд санхүүгийн нөхцөл байдал ч мөн тодорхой мөчлөгтэй байдаг. Жишээ нь компаниуд хөрөнгийн зах дээрээс хувьцаа эсвэл бонд хэлбэрээр санхүүжилт босгох боломж, эсвэл иргэдийн авч буй хэрэглээний зээл, эзэмшиж буй хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдөх нь одоогийн санхүүгийн байдал болон цаашдын шийдвэр, үйл хөдлөлд нь чухал нөлөөтэй. Энэ нь хэдийгээр мэдээжийн зүйл мэт санагдавч зээлийн өсөлт, бондын хүүгийн спред, хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнийг ажиглаад, ямар нэг нэгдсэн дүгнэлт хийх нь амаргүй. Учир нь энэ өсөлт үнэхээр “эдийн засаг хэвийн, сайн байгаагийн илрэл үү?” эсвэл “хэт эрсдэлтэй зүйл үү?” гэдэг заагийг ялгах шаардлагатай учраас тэр. Санхүүгийн байгууллагууд эдийн засаг сайн үед санхүүжилтийн нөхцөлөө хэт сулруулж, мөчлөг дагасан үйл хөдлөлтэй байдаг нь нэмэлт сорилтыг дагуулдаг. Тухайлбал, эрсдэл өндөртэй зээлдэгчид шалгуур багатай моргежийн зээл ихээр олгосон нь 2008-09 оны хямралын шалтгаан болсон том сургамж байсан. Мөн санхүүгийн мөчлөг бизнесийн мөчлөгөөс урт бөгөөд, далайц өндөртэй байх нь түгээмэл тул 2 мөчлөг зөрөх үед сорилтыг бий болгодог. Одоо дэлхийн гол эдийн засгууд түүхэн дэх хамгийн урт тэлэлтийн мөчлөгтөө яваа бөгөөд харьцангуй бага хүүгийн орчинд санхүүгийн маш таатай нөхцөлөөр үүнийг дэмжиж буй. Бизнесийн мөчлөг унахад санхүүжилтийн нөхцөлийг үргэлжлүүлэн сулруулах уу, энэ нь ирээдүйд санхүүгийн байгууллагуудын ашигт ажиллагаа, хөрөнгийн үнийн хөөсрөл болон өрийн тогтвортой байдалд илүү том эрсдэлийг хуримтлуулах уу гэдэг нь том асуулт юм.
 
- Санхүүгийн мөчлөгийг далайц багатай байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад олон улсад макро зохистой бодлого түгээмэл хэрэглэгдэж байна. Монголбанк макро зохистой бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
 
- “Санхүүгийн мөчлөг”, “макро зохистой бодлого” зэрэг нь олон улсад ч харьцангуй шинэ сэдэв. Иймд мөчлөгийг хэмжих арга техникүүд, эрсдэл хуримтлагдаж уналт ойрхон байгааг илэрхийлэх урьдчилсан дохиоллын индикаторууд болон санхүүгийн систем хэр эмзэг байгааг хэмжих стресс тестийн арга барилыг хөгжүүлэх чиглэлийн ажлууд эрчимтэй хийгдэж байна. Монголбанкны хувьд, 2018 онд Төв банкны тухай хууль шинэчлэгдсэнээр макро зохистой бодлого хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар мөчлөгийн болон бүтцийн шинж чанартай, системийн эрсдэлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг нэвтрүүлэх стратегийг боловсруулаад хэрэгжүүлээд явж байна. Мөн олон улсын шилдэг арга барилыг судлах, техник туслалцааны хүрээнд төсөл хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, бусад төв банкуудын туршлагыг судлах зэрэг ажлууд хийгдлээ. Хэрэгжүүлж буй бодлогын хувьд, банкны системийн хэмжээнд зарим зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд болон хэрэглэгчид суурилсан хэрэгслүүдээр дамжуулж бодлогын арга хэмжээг авсан. Тухайлбал, төгрөгийн болон валютын зээлийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг ялгаатай тогтоосон, төгрөг болон валютын зээлийн эрсдэлийн жинг ялгаатай тогтоосон, мөн хамгийн сүүлд хэрэглээний зээлийн өр орлогын харьцаа болон хугацаанд дээд хязгаар тавьсан зэрэг арга хэмжээг нэрлэж болно. Мөнгөний бодлогоор эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн зэрэгцээ, бодлогын хүүгээр нөлөөлөхөд хүндрэлтэй эрсдэлүүд, тухайлбал балансын долларжилт болон валютын зөрүү, хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлт гэх мэт эрсдэлийг хуримтлуулахгүй байлгахад чиглэсэн арга хэмжээ юм. Ингэснээр банкны системийг эрүүл байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой. Хэрэглээний зээл дээр тавьсан хязгаарлалтууд нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах давхар агуулгатай.
 
- Хэрэглээний зээл, тэр дундаа тэтгэврийн зээлийг хязгаарласан гээд шүүмжлэлд ямар тайлбар өгөх вэ?
 
Макро зохистой бодлого нь зарим талаар захиргааны шинж чанартай, зүйрлэвэл “гашуун эм” мэт санагдах ч эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд зайлшгүй гэдгээрээ онцлог. Хэрэглээний зээл дээрх хязгаарлалтыг “одоо бүгдэд таалагдах зүйл биш боловч, ирээдүйд эдийн засагт хэрэгтэй арга хэмжээ” гэдэг өнцгөөс харах нь зүйтэй болов уу. Банкны эх үүсвэр зөвхөн хэрэглээ, импортыг л санхүүжүүлээд байх нь тийм ч оновчтой биш. Энэ нь ханшийн сулралтын дарамтыг үүсгэхээс гадна ажлын байр бий болгох бизнесийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байх, цаашлаад урт хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх нь асуудалтай болно. Хэдийгээр хэрэглээний зээлийн эргэн төлөлт одоо сайн байгаа ч, цаашид өрхийн өр хэт нэмэгдсэн тохиолдолд зээлийн чанар муудах эрсдэл бий. Энэ нь банкны салбарт эрсдэл гэсэн үг. Мөн зээлээр санхүүжиж буй хэрэглээ хумигдахад бодит эдийн засгийн салбаруудын борлуулалт дагаад хурдтай агших эрсдэлтэй. Тэгэхээр хэрглээний зээл дээрх хязгаарлалтууд нь банкны салбарын тогтвортой санхүүгийн зуучлал талаасаа ч, өрхийн өрийн дарамт болон эдийн засгийн тогтвортой байдал талаасаа ч эрсдэлийг үүсгэж байсан учраас авсан арга хэмжээ юм. Богино хугацаанд зээл хурдтай өсөөд, эргээд огцом агших нь эдийн засагт сайн биш. Харин аль болохоор тогтвортой байх нь чухал.
 
- Ярилцсанд баярлалаа!
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГО "ГАШУУН ЭМ" МЭТ БОЛОВЧ ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙХАД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0