Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
П.МӨНХБАЯР: ОН ГАРСНААС ХОЙШ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭД 283 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГООД БАЙНА
5 жил өмнө   1716
Орон сууцны ипотекийн зээлийн нөхцөл байдал, санхүүжилтийн талаар Монголбанкны НУСЗЗГ-ын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяртай ярилцлаа.
 
Он гарснаас хойш хэдий хэмжээний санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоод байна? 
 
Он гарснаас хойш эхний 8 сарын байдлаар 3 төрлийн эх үүсвэрээс нийт 4000 зээлдэгчдэд 283 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоод байна. Тодруулбал, Монголбанк өөрийн эзэмшилд байгаа бондын орлогоос хэтрүүлэхгүйгээр сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг, харин банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр олгож байна.
 
Үндсэндээ, энэ онд дээрх 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг тогтмол ипотекийн зээлд зориулан олгож байгаа бөгөөд 2019 онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна.
 
Энэ нь өнгөрсөн онтой харьцуулбал өссөн гэсэн үг үү?
 
Тийм. Энэ онд хийсэн томоохон өөрчлөлт бол банкуудын эх үүсвэрийг татан оролцуулж байгаа явдал юм. Ингэснээр нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр, зээлдэгчийн тоо хоёр дахин өсөх тооцоо гарч байна. Энэхүү өсөлт нь эхний 7 сарын статистик мэдээллээс ч тодорхой харагдана.
 
Иргэдийн зүгээс зарим банкууд хөтөлбөрийн санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар өргөдөл хүлээн авахгүй байна гэсэн гомдол нэлээдгүй байна. Үүн дээр та тайлбар өгнө үү.
 
Хэдийгээр хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэн ч банкуудад зээлийн хорооны шийдвэр гарсан, арилжааны нөхцөлөөр олгоод дахин санхүүжилт хийхээр  хүлээгдэж буй нийт 1900 орчим зээлдэгчийн 130 тэрбум төгрөгийн зээл хуримтлагдсан байна. Энэ дүн оны эхэнд 200 тэрбум төгрөг давж байсан. Эдгээр хуримтлагдсан зээлийн эрэлтийг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа нь банкууд их хэмжээгээр шинээр өргөдөл хүлээн авахгүй байх нэг шалтгаан болж байна.
 
Харин Засгийн газрын журмаар олгогдож байгаа хөтөлбөрийн зээл нь зорилтот бүлгийн зөвхөн шинэ зээлдэгчдэд санхүүжилт олгохоор зохицуулагдсан тул журмын шаардлага хангаж байгаа иргэд шинээр өргөдлөө өгч, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.
 
Түүнчлэн банкууд шалгуур хангахгүй байгаа зээлдэгчийн өргөдлийг буцаахдаа Монголбанк эх үүсвэр олгохгүй байгаа хэмээн ташаа мэдээлэл өгсөн тохиолдол нэлээдгүй байна. Эдгээр банкуудын хувьд холбогдох журам, гэрээний дагуу тус банкны санхүүжилтийн эх үүсвэрийг буцаан татах, санхүүжилтийн эх үүсвэрийг бусад шаардлага ханган ажиллаж байгаа банкинд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг анхааруулсан.
 
Ер нь ямар банкууд хөтөлбөрт хамрагдаж байгаа вэ?
 
Монголбанк болон Засгийн газрын хоорондын гэрээ, холбогдох журмын шаардлагыг хангасан банкууд хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогоор хөтөлбөрийн санхүүжилтийг Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Чингис Хаан банк, Улаанбаатар хотын банк, Богд банкаар дамжуулан олгож байна.
 
Цаашид орон сууцны ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт нэмэгдэх үү?
 
Монгол улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан цагаас буюу 2017 оноос эхлэн Монголбанкийг төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг бүрэн зогсоох, Засгийн газарт бүрэн шилжүүлэх шаардлагыг тавьж ирсэн. Харин Монголбанкны хувьд ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэж 2 жил гаран санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож байгаа бөгөөд 2019 оныг дуустал Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсан. Энэхүү шаардлагын дагуу 2019 он дуустал өмнө нь дурдсанчлан Монголбанкнаас зөвхөн өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын орлогоос санхүүжүүлэх юм.
 
Энэ хугацаанд хийгдсэн томоохон өөрчлөлт бол банкуудын эх үүсвэрийг нэмж оруулсан явдал юм. Тиймдээ ч энэ жилийн нийт санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэн. Цаашид, тодорхой хэлбэл 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газраас улсын төсөвт тусгасан дүнгээр, банкууд өөрийн эх үүсвэрээр хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.
 
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
 
Эх сурвалж: Монголбанк
П.МӨНХБАЯР: ОН ГАРСНААС ХОЙШ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭД 283 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГООД БАЙНА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0