Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй “Үнийн тогтвортой байдал ба инфляци” сэдвээр ярилцлаа.
-11-р сарын байдлаар жилийн инфляци улсын хэмжээнд 8.1, Улаанбаатар хотод 9.3 хувьд хүрлээ. Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?
Монголбанкны хувьд инфляцийг дунд хугацаанд 8% орчимд тогтворжуулах зорилттой ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлдэг. Ингэхдээ эдийн засгийн эрэлт талыг голлон анхаарч, инфляцийн дарамтгүй бодит өсөлтийг тогтвортой хадгалахад мөнгөний бодлого чиглэдэг. Инфляци зарим саруудад эрэлт нийлүүлэлтийн гэнэтийн шалтгаанаар дээш эсвэл доош хэлбэлзэх тохиолдол бий ч ирээдүйд эргээд зорилтот түвшин рүү нь тогтворжуулах бодлогыг Төв банк хэрэгжүүлдэг гэсэн үг. Энэ оны хувьд, нэг талаас эдийн засаг идэвхжиж байгаа нь үнийн өсөлтөөр илэрхийлэгдэж байна. Үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ийн өсөлтөөс гадна өрхийн бодит орлогын өсөлт, импортын хэрэглээний өсөлт зэрэг бусад индикаторууд ч илэрхийж буй. Эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор ийнхүү эрэлтийн шинж чанартай инфляци нэмэгдсэн ч харьцангуй даруухан түвшинд хадгалагдаж байгааг онцлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, халалтын шинж эдийн засагт маань илрээгүй гэсэн үг. Харин нөгөө талаас үнийн түвшнийг ингэж өсгөж байгаа гол зүйлс нь гадаад зах зээл, эсхүл улирлын хандлагаасаа зөрсөн нийлүүлэлтийн шинж чанартай бараа бүтээгдэхүүний нөлөө гэж харж байгаа. Тухайлбал, 11-р сарын жилийн инфляцийн тал орчмыг гуравхан төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлт тайлбарлаж буй. Нийлүүлэлтийн гаралтай, улирлын шинж чанартай иймэрхүү үнийн хэлбэлзэл нь инфляцийг түр зуур савлуулах ч, нөлөө нь удаан үргэлжлэхгүй, цаашид саарах хүлээлттэй тул тийм ч санаа зовоох зүйл биш. Иймд мөнгөний бодлогоор шууд хариу үйлдэл үзүүлэх шаардлага бага юм. Тухайлбал, махны үнэ өслөө эсхүл өвлийн хатуу түлш үнэтэй боллоо гээд бодлогын хүүг нэмэгдүүлэх нь оновчтой биш. Иймд аливаа Төв банк мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ яг одоогийн ерөнхий инфляциас гадна, нийлүүлэлтийн шинж чанартай бүтээгдэхүүний нөлөөг хассан суурь инфляци ямар түвшинд байна вэ, мөн инфляцийн цаашдын хандлага ямар байх вэ гэдэг төсөөллийг чухалчилдаг.
-Инфляци өсөхөд голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүн юу байсан бэ? Тухайлбал, шатахууны үнэ эсвэл валютын ханшийн өсөлт инфляцид хэрхэн нөлөөлсөн бол?
Инфляци өнгөрсөн 10-р сард улсын хэмжээнд 6.3%, Улаанбаатарт 6.9% байсан бол 11-р сард харгалзан 8.1% болон 9.3% болж өссөн. Үнийн түвшин ийнхүү нэмэгдэхэд хатуу түлш, шатахуун, махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, Улаанбаатар хотын инфляцийг тооцоход 370 гаруй бүтээгдэхүүний үнийн өсөлтийг авч үздэг ч, зөвхөн энэ 3 бараа бүтээгдэхүүн инфляцийн 5 нэгж хувь буюу талаас илүүг нь тайлбарлаж байгаа. Үүнд юу нөлөөлснийг задалж үзвэл инфляци өссөн шалтгаан илүү ойлгомжтой болох болов уу. Нэгт, хатуу түлш буюу хэрэглээний нүүрс, модны хувьд хүйтний улиралд үнэ өсөөд, дулааны улиралд эргээд буурдаг улирлын онцлогтой тул инфляцийг удаан хугацаанд өдөөх эрсдэл бага. Хоёрт, шатахууны үнийн хувьд, дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнийн өсөлтийг даган дотоодын бензиний үнэ энэ онд 300 гаруй төгрөгөөр өссөн. Дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнэ 10-р сарын эхэн үе хүртэл хурдтай өсч $80/баррель хүрээд байсан бол сүүлийн 1 сар гаруй хугацаанд эргээд буурч $50/баррель руу ороод ирлээ. 12-р сарын эхэнд дотоодын хэрэглээний шатахууны үнийг 100 төгрөгөөр буурулсан нь инфляцийг 0.3 нэгж хувиар бууруулах нөлөөтэй гэж тооцоолж байгаа. Цаашид дэлхийн эдийн засгийн идэвхжил саарч, эрэлт буурахын зэрэгцээ АНУ, ОХУ, Саудын Араб зэрэг орнуудын нийлүүлэлт харьцангуй өндөр түвшинд байгаа тул нефтийн үнийг өсгөх дарамт бага болов уу. Гуравт, махны хувьд жил бүр 6-7 сараас эхлэн он дуустал үнэ хямдардаг зүй тогтолтой ч энэ жил 8-р сараас хойш эргээд өсөх хандлага ажиглагдаж, намраас хойш инфляцийг өсгөж байна. Энэ нь цаг агаар 11-р сар дуустал харьцангуй дулаан байсан, мөн махны экспорт нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. Махны экспортыг авч үзвэл 8-аас 11-р сарын хугацаанд 2017 оны мөн үетэй харьцуулахад 70% гаруй нэмэгдсэн нь дотоодын зах зээл дээрх нийлүүлэлтэд нөлөө үзүүлсэн. Харин ханшийн өөрчлөлт нь одоогоор инфляцид жинтэй нөлөө үзүүлээгүй байна.
-Төв банк ирэх онд инфляцийг найман хувь орчимд тогтворжуулах зорилт тавьсан. Үүнээс бага түвшинд байлгах боломж байхгүй гэж үзэж байна уу?
Инфляци өөрөө зөвхөн тухайн үеийн гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас гадна манай орны эрс тэрс уур амьсгал, үйлдвэрлэх чадавхи, хүн амын орлогын түвшин, хэрэглэгчдийн зан төлөв гэх мэт суурь онцлог; түүнчлэн макро бодлого, институцийн чанар, дэд бүтцийн хөгжлийг ч давхар илэрхийлэх зүйл. Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дээрх нефтийн үнийн хэлбэлзэл эсвэл дотоодын ургац хураалт, импортлож буй зүйлс, монголчуудын хэрэглээний онцлог, төмөр замын тээвэрлэх хүчин чадал, тухайн үеийн эдийн засгийн өсөлт, төсөв болон мөнгөний бодлого гээд бүх зүйлс инфляцид өөрсдийн тусгалаа олдог гэсэн үг. Монголд инфляци 2007-2016 оны 10 жилийн дунджаар 10 орчим хувьтай байсан байна. Эдийн засгийн идэвхжил саарч байсан 2015 он, эрэлт хумигдсанаар дефляци руу орж байсан 2016 онуудыг оруулаад тэр шүү дээ. Энэ хугацаанд инфляци 30% давсан сарууд ч байсан бол үнийн түвшний бууралт үргэлжилсээр инфляци 3-4 сар дараалан хасах руу орсон сарууд ч байсан. Эндээс Монголын инфляци харьцангуй өндөр бөгөөд савлагаа ихтэй байдаг гэдэг дүгнэлтийг хийж болно. Өмнө хэлсэнчлэн, инфляци нэлээд олон зүйлийн тусгал болдог тул шууд 4%-д ч юм уу бага байлгая гэдэг зорилт тавих нь өөрөө бодитой бус бөгөөд, энэ тийм ч оновчтой бодлого болохгүй. Нэгэнт улсын хөгжлийн түвшин, байгаль нийгмийн онцлогоо дагаад үнийг өсгөх олон хүчин зүйлс байхад зөвхөн мөнгөний бодлогыг хэт чанга байлгах замаар инфляцийг бага байлгана гэвэл бодит эдийн засгийг боомилсон хэрэг болно. Иймд эхний ээлжинд инфляцийг 8%-д тогтворжуулах, цаашид дунд хугацаанд шат дараатай буулгах стратеги хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болох юм. Нэг талаас 8%-ийн зорилтыг өндөр байна гэх өнцөг цөөнгүй байдаг ч, нөгөө талаас энэхүү зорилт нь мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих орон зайг олгож байгаа гэдэг утгаар нь харах нь зүйтэй болов уу. Тухайлбал, энэ оны хувьд бодлогын хүүг 10% болгож бууруулснаар зээлийн хүү буурах, бизнесийн санхүүжилтүүд нэмэгдэх зэрэг бодит эдийн засгийг дэмжих эерэг үр дүнгүүд гарсныг онцолж болно. Иймд 8%-ийн зорилт маань инфляци болон эдийн засгийн өсөлтийн оновчтой тэнцвэрийг хадгалж, цаашид инфляцийн өндөр дарамтгүйгээр эдийн засгийн сэргэлтийг дэмжих бололцоог олгож байгаа юм.
-Эдийн засагт үнийн тогтвортой байдал хангагдаж, инфляцийн дунд хугацааны зорилт биелэхэд Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэдэг вэ?
Гурван үндсэн зүйлийг нэрлэж болно. Нэгт, Засгийн газар төсвийн орлого зарлагаа оновчтой удирдах нь инфляцийн дарамтгүй өсөлтийг бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд маш чухал. Үүнд төсвийн тогтвортой байдлын хуулийг тогтмол мөрдөх, орлого ихтэй үед хуримтлал үүсгэх, эдийн засгийн уналтын үед хуримтлалаа ашиглан өсөлтийг дэмжих нь эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын үнийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Хоёрт, татварын бодлогоор зарим оновчгүй хэрэглээг хязгаарлах, орлогын дахин хуваарилалтыг оновчтой болгох, экспортын төрөлжилт болон импортыг орлох салбарыг дэмжих бодлого чухлаар тавигдана. Жишээ нь, сүүлийн үед нэг хурц асуудал болж эхлээд байгаа бэлчээрийн даац, байгаль орчны тогтвортой байдал эргээд татварын асуудал, үүнийг дагаад малын тоо толгой, махны үнэтэй шууд холбогдоно шүү дээ. Орлогын тэгш бус байдал ч эдийн засгийн тогтвортой байдал, үнэтэй холбогдох тул үүнийг татвараар хэрхэн зохицуулах вэ гэдэг нь чухал юм. Гуравт, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бүтцийн бодлого чухал. Үүнд өмнө ярьсан эдийн засгийн төрөлжилт, импортыг орлох үйлдвэрлэлийн бодлого ч хамаарна. Мэдээж экспортын орлого тогтвортой, импортын хэрэглээ зохистой байх нь төлбөрийн тэнцэл, санхүүгийн зах зээл, үнэ ханш тогтвортой байхад нөлөөлөх нэг суурь хүчин зүйл болно. Дээр нь зам дэд бүтэц, бүтээмжийг сайжруулах бүтцийн бодлогууд ч тээврийн зардал, компани аж ахуйн нэгжүүдийн үр ашгаар дамжаад үнэд нөлөөтэй.
-Монголбанк инфляцид хэрхэн нөлөөлж, ямар арга хэрэгслээр арга хэмжээ авах боломжтой вэ?
Төв банкны гол ач холбогдол өгдөг зүйл нь эрэлтийн шалтгаантай инфляци юм. Хэдийгээр ерөнхий инфляци өссөн байгаа ч, өмнө тайлбарласанчлан эрэлтийн шинж чанартай хэсэг нь харьцангуй даруухан хэвээр байна. Мэдээж хэрэв эдийн засагт халалтын шинж тэмдэг илрэх нь гэж үзвэл тухайн үед нь тохирсон арга хэрэгслийг ашиглаж хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Ямар арга арга хэрэгслүүд байна вэ гэвэл Төв банкны хувьд нээлттэй захын үйл ажиллагаа, заавал байлгах нөөц, байнгын санхүүжилтийн хэрэгслүүд гэх мэт стандарт арга хэрэгслүүдтэй. Мөн 2018 оноос макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шинэ мандаттай болсноор стандарт хэрэгслүүдээр удирдах аргагүй санхүүгийн эрсдэлүүдэд тохирсон арга хэмжээг авах боломжтой болсон. Ингэснээр үндсэн хэрэгсэл болох бодлогын хүүний үр нөлөөллийг дээшлүүлнэ гэж үзэж байгаа. Тухайлбал 2019 оноос хэрэглээний зээлд өр орлого болон хугацааны хязгаарлалтыг тавьсан макро зохистой бодлогын арга хэмжээ нь эдийн засаг дахь банкны санхүүжилтийг хэрэглээнээс хөрөнгө оруулалт руу чиглүүлэх, өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, банк санхүүгийн системийг эмзэг байдалд оруулахаас сэргийлэх зэрэг ач холбогдолтой. Макро зохистой бодлогоор хэрэглээний зээлийн хурдтай өсөлтийг хязгаарлах нь зээлээр санхүүжих хэрэглээг нэмэгдүүлэхгүй байх, импорт, төлбөрийн тэнцэл дээрх дарамтаас үүдэлтэй ханшаар дамжаад үнийн түвшинд үзүүлэх нөлөөллийг зохистой удирдахад дэмжлэг болно гэж үзэж байгаа. Энэ нь эргээд бодлогын хүүд илүү орон зайг олгоно гэсэн үг. Мөнгөний бодлогын үндсэн хэрэгслэл болох Бодлогын хүү өөрөө эдийн засаг дахь санхүүжилтийн хэмжээ, өртөг, ханш, цаашдын хүлээлт зэрэг гол сувгуудаар дамжаад хэрэглээ, хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эрэлт талд нөлөөлнө. Ингэхдээ тодорхой цаг хугацааны дараа бүрэн нөлөөлөл нь арилдаг. Иймээс мөнгөний бодлогоор эрэлтийг үйлдвэрлэлийн потенциаль түвшинтэй нь нийцтэй удирдах замаар инфляцийг зорилтот түвшинд хадгалж, ирээдүйд үнийн тогтвортой байдлыг хангахыг зорьж байна гэсэн үг. Одоо цаг дээр инфляци эрэлт нийлүүлэлтийн шалтгаанаас болж дээш доош хэлбэлзлээ ч, түүний учир шалтгааныг шинжилсний үр дүнд үнэхээр бүтцийн тогтмол шинж чанартай өөрчлөлт бий болов уу, эсвэл түр зуурын нөлөөтэй зүйл үү, эдийн засгийн идэвхжил цаашид яах төлөвтэй зэргээс хамаараад дээрх арга хэрэгслүүдийг хослуулан хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр төв банк дунд хугацаанд үнийн түвшний өсөлтийг зорилтот түвшиндээ тогтворжуулж, инфляцийн дарамтгүй тогтвортой эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк