Илтгэлийн тэмцээний хувьд хамгийн чухал нь илтгэлийн сэдвүүд байх гэж би боддог. Энэ удаагийн тэмцээний илтгэлүүд сэдвүүдээс хуваалцаач.
Энэ удаагийн тэмцээнийг Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар дэмжин ажиллаж байна. Иймд эхний шатны сэдвүүдийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сурагчдын үзэл бодлыг сонсох зорилготой өгсөн. Нэгдүгээр шат: Хорт зуршилд цэг тавих болно, Архи бол амьдралын дайсан, Цахим орчинг зөв хэрэглэж сурцгаая, Дүрмээ мөрдөцгөөе гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдах болно.
Энэхүү тэмцээн нь хэдэн үе шаттай зохион байгуулагдах вэ? Үе шатуудын онцлогийн талаар хэлэх боломжтой болов уу?
Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн нь 4-н үе шаттай зохион байгуулагдана. Үе шатуудын онцлог болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг одоо өгөх боломжгүй. Илтгэх ур чадвар гэдэг бол сэтгэлгээний тулаан л гэсэн үг шүү дээ.
Тэмцээнд оролцогчид юунд анхааран бэлтгэлээ базаах ёстой вэ? Илтгэх хугацааны хувьд хэдэн минут байх вэ?
Маш чухал асуулт байна. Тэмцээнд оролцогчдын хувьд нэмэлт төхөөрөмж болох дуу өсгөгч, шуум, дэлгэц зэрэг ашиглахгүй. Мөн илтгэл хэлэлцүүлэх хугацаа 3-4 минут байна. Та өөрийн илтгэлийн 3-4 минутад хүссэн үедээ дуусгах боломжтой гэсэн үг.
Аливаа тэмцээн уралдаанд шүүн дэнслэх арга, шүүгч бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ тэмцээнийг ямар хүмүүс шүүн явуулах вэ?
Бид Mongolian High School Public Speaking Championship тэмцээнийг зохион байгуулах гэж байна шүү дээ. Энэ бол Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн. Тиймээс шүүгчдийг нээлттэй бүртгэж, тодорхой шалгуурыг баримталж, шалгуурт тэнцсэн шүүгчдийг сургалтад хамруулан тус тэмцээнийг шүүх эрхийг олгох болно.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөх гэж буй тул та оролцох сонирхолтой байгаа сурагчдад хандан үг хэлээч.
“Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал юм” гэж Генри Форд хэлсэн байдаг. Илтгэх ур чадвар бол зөвхөн өөрийн тархиар сэтгэдэг салбар юм.
Н.Тамир