Цөөн үгээр:
  • Импортолсон амны хаалтны хэмжээ 17.5 саяд хүрэв
  • Цар тахлын хүндрэлийг давахаар ОУВС-аас $100 саяын санхүүжилт авах хэлэлцээр хийжээ
Р.Нандинцэцэг:
Өөрийгөө “эвдсэн” дүрд тоглохыг хүсдэг
Р.Нандинцэцэг: Өөрийгөө “эвдсэн” дүрд тоглохыг хүсдэг
1 сар өмнө   1217

Үр хөндөлт, хүний наймаа, хүсээгүй жирэмслэлт зэрэг нийгмийн эмзэг сэдвийг хөндсөн Хөхөөний үүр” уран сайхны киног Кино цамхаг студийн уран бүтээлчид  2018 онд үзэгчдийн хүртээл болгож байсан. Тус киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Р.Нандинцэцэгтэй ярилцлаа.

 

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа “Хөхөөний үүр” кинонд тоглох болсон түүхээр эхэлье?

Баярлалаа. Танд болон танай сайтын хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд удаагүй байхад тус киноны гол дүрд тоглуулах санал ирсэн. Туршлага, ур чадварын хувьд их үүрэг, хариуцлага хүлээлгэсэн дүр гэдгийг нь ойлгож байлаа. Саналыг маш баяртайгаар хүлээж авсан. Мөн тус киноны найруулагч Б.Цогт-Эрдэнийн удирдлагад өөр уран бүтээл дээр ажиллаж байсан.

Бие сэтгэлээрээ эх хүний зовлонг мэдэрч байгаагүй болохоор энэ дүрд тоглох амаргүй байсан биз ...

-Зохиолтой танилцахад л хүүхэд төрүүлэх, сүүгээ амлуулах хэсгүүд их хүнд санагдсан. Төрж байгаа бичлэг үзсэн, ямар өвдөлт мэдэрдэг, авдаг мэдрэмжийн талаар хүүхэдтэй хүмүүстэй ч ярилцсан. Өөрийнхөө хэмжээнд дүрийнхээ судалгааг хийсэн, их мэрийсэн. Харин дээрх хэсгийн зураг авалтыг олон давтаагүй. Найруулагч маань ч сайн байна, жүжигчний ур чадвар чинь мэдэгдэхүйц ахисан байна гэж урамшуулж байсан шүү. Киноны нээлтэн дээр ирсэн зарим үзэгч надаас өмнө нь төрж байсан юм уу гэж асууж байсан. Үзэгчдэд тийм мэдрэмжийг ч бага ч атугаа өгч чадсан нь л гол гэж боддог.

Өөр ямар уран бүтээлүүдийг нэрлэж болох бэ?

-Галт шувуу, Хонх, Насан туршдаа, Асрагч аав, Орилоон, Сар шинийн факт, Хонх, Бууз ажиллагаа зэрэг кино бий. Хамгийн сүүлд Admin-z-ийн хоёрдугаар ангид тоглолоо.  

Амьдрал дээрх Р.Нандинцэцэг Хөхөөний үүр киноныхоо дүрээс хэр өөр хүн бэ?

-Уурлахаараа л адилхан харагддаг байх. Ерөнхийдөө зан ааш төстэй гэж болно.

Та энэ дүрээрээ дамжуулж юу хэлэхийг оролдсон бэ? Энэ асуултын хариултыг хүлээж байгаа хүн цөөнгүй бий ...   

-Эх үрийн нандин холбоо, эх хүний сэтгэл, эр зориг, тэвчээр, хатуужлыг харуулахыг зорьсон. Бас үрийнхээ төлөө л бол эмэгтэй хүн ямар их сэтгэлийн хүч гаргадаг вэ гэдгийг. Үр, хүүхдээ гэсээр энэ хорвоог сайнтай, муутай нь туулдаг юм байна гэдгийг ойлгосон. Эмэгтэйчүүдийгээ амьдралын хатуу бэрх, хүнд хэцүүг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж хэлэхийг л хүссэн дээ.

 

Жүжигчний мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Бусдын л адил жүжигчин болох нь миний мөрөөдлийн нэг хэсэг байлаа. Гэхдээ ирээдүйн төлөвлөгөөнд минь өөрчлөлт орж, инженер болохоор шийдэн ШУТИС-ийн лицей сургуульд суралцаж 11 дүгээр ангиа төгссөн. Харин конкурсны үеэр багадаа явдаг байсан жүжигчний сургалтын багштайгаа таарч билээ. Надаас жүжигчин болно гээгүй бил үү? гээд л ганцхан зүйл л асуусан.  Яагаад ч юм бэ, тийм ээ гэж хариулаад л дараа нь СУИС-д очиж шалгалт өгөөд тэнцсэн. Анхны сонголтынхоо эзэн нь болоод эргээд ирсэн байхгүй юу.

Энэ мэргэжил олон зүйлийн цогц, нэгдэл болдгоороо онцлогоос гадна жүжигчнээс их ур чадвар, золиос шаарддаг ...

-Энэ талаар ярина гэвэл миний туршлага асар их дутна. Харин өөрийнхөө тоглосон кинонуудын хүрээнд, тулгуурлаж ярия гэж бодлоо. Мэдээж бүх уран бүтээлүүддээ л сэтгэл зүрхээ шингээсэн. Гэхдээ “Хөхөөний үүр” кино надаас илүү их ур чадвар шаардсан. Ер нь өөрөөсөө өмнө нь гарч байгаагүй тийм золиос, хичээл, зүтгэлийг гаргасан гэж болно. Дүрийн хувьд ритм өндөр, уналт босолт ихтэй. Улаанчулуутын хогийн цэг дээр зураг авалтын зарим хэсэг нь хийгдсэн. Ноорхой хувцас өмсөөд, яг тэнд амьдардаг хүмүүсийн дунд ороод хог түүгээд явахад кино зураг авалт гэж ойлгож, хүлээж авахгүй. Залуу хүн байж ич, бид нарын хоолноос хороолоо, зайл гэх үгсийг хайр найргүй шидэлж байсан. Сэтгэл зүйн хувьд бага зэрэг дарамт үүрүүлсэн гэх үү дээ, эхэндээ. Түрхэн зуурынх шүү дээ гэж бодоод л хийх ёстой зүйлээ хийгээд ард нь гарсан. Мэдээж энэ бол юу ч биш. Ийм зүйлийг анх үзсэн төдий л. Тухайн үедээ тиймхэн, таагүй сэтгэгдэл төрж байсан ч ард нь гараад хожим бодоход туршлага болсон байдаг юм билээ.

Ажил мэргэжил гэж байцаасаар байгаад Р.Нандинцэцэг гэдэг хувь хүн, дотоод ертөнц рүү нь өнгийхөө мартах шахлаа ...

-Айлын хамгийн бага нь. Дээрээ хоёр ахтай. Ямар хүүхэд байснаа сайн санадаггүй юм. Тав, зургаан нас хүртлээ яг малын дэргэд өссөн юм билээ. Манайхан л намайг хонь мал хариулдаг, ямар ажилсаг хүүхэд байсныг хэлдэг юм. Тэр цагаас хойш Улаанбаатар хотод амьдарч байна. Би их шашинлаг хүн. Бас өрөвч. Хүнийг гаднаас нь харж дүгнэж, түүн дээрээ үндэслэж харилцдаг байдалд тун дургүй.

 

Жүжигчин бүрт л хүсэж мөрөөддөг, хэзээ хүрэхээ мэдэхгүй эгэлгүй гоё гээд хэлчихээр дүр байдаг даа. Таны хувьд ...  

-Жүжигчин хүн маш олон зүйлийг үздэг. Би тэрнээс нь дөнгөж эхлүүлсэн төдий л юм шүү дээ. Нялхаараа гэх юм уу даа. Тэр ч утгаараа өөрийгөө их голно. Гэхдээ үнэхээр тоглохыг хүсч байгаа дүр олон байна. Түүхэн, баатарлаг, уналт босолттой гээд янз бүрийн л дүр л жүжигчдийн сэтгэлд уяатай байдаг байх. Миний хувьд, өөрийгөө “эвдсэн” тэс ондоо дүрд тоглохыг хүсдэг, галзуу ч гэмээр.

Киноны зураг авалт урд хөршид хийгдсэн гэсэн. Тэнд хэр удсан бэ?

- ӨМӨЗО-ны Ордос хотод киноны зургийг авсан. Бараг сар гаруй хугацаанд амьдарсан байх.  Үндсэн ажлаа хийхээс гадна зарим зүйлийг анзаарсан л даа. Манайхтай харьцуулахад урлаг, соёлын хувьд бага зэрэг хоцрогдож байгаа мэт санагдсан. Өөрсдөө ч миний хэлсэнтэй адил утгатай зүйл ярьж байхтай нь тааралдсан. Монгол хүн гэхээр л нэг тийм дотно сэтгэгдэл төрүүлдэг, их найрсгаар хүлээж авдаг юм билээ. Ялангуяа Монгол Улсаас нэг дуучин очоод тоглолтоо хийлээ гэхэд таньдаг таньдаггүй нь хамаагүй, үзнэ гээд л шуурна. Монголын урлагийнханд их элэгсэг хүмүүс шиг санагдсан.

 

 

Мэргэжлээсээ гадна өөр ямар чиглэлээр хөгжихийг боддог вэ?

-Фитнесээр тогтмол хичээллэдэг. Гэхдээ цаг үеийн нөхцөл, байдлаас болоод хичээллэх боломж маань хумигдсан. Мөн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлмээр байна. Энэ чиглэлээр бол гадагшаа явж суралцахя гэсэн бодол бий. 

Оюутны амьдрал хэрхэн өнгөрсөн тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Миний бодлоор бусад оюутны хувьд онолын хичээлээс илүүтэй мэргэжлийн хичээлдээ их анхаарлаа хандуулдаг байсан. Гэтэл би яг үүний эсрэг юм шиг. Хүүхэд байхын сууж, тогтсон зан юм уу даа гэмээр, онолын хичээлд идэвхтэй хамрагддаг байлаа. Мэргэжлийн хичээл амар байгаагүй. Нэлээд чардайж байж л төгссөн. Ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөнө. Гэртээ байхаас ч илүү их цагийг. Мэдээж гоё сайхан, саар бүтэлгүй гээд янз бүрийн дурсамжтай өдөр хоногийг өнгөрөөсөн. Бусдын л адил.

Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсьe.

Ц.Оргил

 

 

Р.Нандинцэцэг: Өөрийгөө “эвдсэн” дүрд тоглохыг хүсдэг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [202.21.104.2] 1 сар өмнө
    Энэ хэн юм бэ сда гэж