Энэ шоуны хамгийн хүнд даваа гэвэл ...
-Хамтрагчтай үзүүлбэр хамгийн хүнд санагдсан. Гэхдээ хүндээр эхлээд хамгийн аз жаргалтайгаар төгссөн. Яагаад гэвэл, нэг баг болж, бусадтайгаа уусаж нэгдсэн тийм хүмүүсийг хооронд нь өрсөлдүүлээд хасна гэдэг маш хүнд юм билээ. Энх-Ингүүн бид хоёр шоунаас өмнө зусланд танилцаж байсан. Арай илүү дотно ч юм шиг санагддаг. Түүнтэй өрсөлдөх болсон гэдгээ мэдээд их гайхсан, итгэж чадаагүй. Тэр үед Ука шүүгч бидэнд сэтгэл зүйгээ үргэлж бэлдэх хэрэгтэй гэж зөвлөж байсан. Шалгаруулалтын төгсгөлд Ука шүүгч намайг сонгоход би маш их баярласан ч Энх-Ингүүнийг хасагдахад бас тэр хэрээрээ харамссан л даа. Харин Отгонбаяр шүүгч шүүрээд авахад нь би ялагч болсон юм шиг баярлаж байлаа.
Шоунд оролцохоос өмнөх болон дараах Л.Сэржмядагийн хооронд ямар ялгаа гарсан бэ?
-Нэгд, маш том баг, хамт олонтой танилцсан. Хоёрт, хүний хөдөлмөр, түүний үнэ цэнийг маш ихээр мэдэрсэн. Биднийг тайзан дээр гурван минут дуулахад ард 100, 100 хүн ажилладаг юм билээ. Биднийг үзэгчдэд гоё сайхан харагдуулахын тулд ямар олон хүн нойр, хоолоо хасаж ажилладаг гэдгийг хэзээ ч мартахааргүй мэдэрсэн. Тиймээс би хүний хөдөлмөрийг өмнөхөөсөө илүү ихээр хүндэлж, бас ойлгодог болсон.
Эхний шатанд тэнцэхэд ямар сэтгэгдэл төрж байв ...
-Маш сайхан санагдсан. Ядаж байхад би гэдэг хүн анхны шалгаруулалтын үед дуулахдаа өнгө алдчихсан. Дуу дуусах гээд байдаг, хэн ч эргэж хардаггүй шүү. Итгэл алдрах шахсан энэ үед Ука шүүгч эргэж хараад маш том аз жаргалыг бэлэглэж байсан. Их айдастай эхэлсэн ч маш сайхнаар төгссөн.
Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Ямартаа ч үзэгчдэд өөрийн дотор байгаа бяцхан авьяасаа нээж харуулсандаа сэтгэл хангалуун байгаа. Цаашид өөртөө илүү цаг, боломж гаргаад төлөвлөсөн ажлуудынхаа ард гарна. Тэр үедээ үзэгч та бүхэнтэйгээ баяртайгаар уулзана гэж бодож байна.
Шоуны туршид хамт байж, дэмжсэн үзэгчдэдээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж байна. Ялангуяа ээждээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Мөн гэр бүл, найз нөхөд ҮБХИС-ийн хамт олон, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Дуулахаас гадна төрөл бүрийн авьяастай гэсэн шүү дээ. Энэ талаар ...
-Сурагч байхаасаа аэробик, волейболын спортоор хичээллэдэг байсан. Аль алинаар нь спортын нэгдүгээр зэрэгтэй. Оюутан болсноосоо хойш байт харваагаар хичээллэж эхэлсэн.
Чөлөөт цагаа юунд зарцуулдаг вэ?
-Сурахыг хүссэн зүйлдээ л зарцуулдаг.
Мөрөөдөлдөө хүрэх замыг хэр хол гэж төсөөлж байна вэ?
-Хүн шиг хүн байж, өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж тайван амгалан амьдрахыг л хүсдэг дээ. Их энгийн мөртлөө эгэлгүй сайхан мөрөөдөл.
Танай гэр бүлд дуучин болон цэргийн хүн байдаг уу?
-Ээж маань маш гоё дуулдаг. Цэргийн хүн байхгүй. Харин би цэргийн хүн болох гээд хүсэж, зорьж, хичээж л явна даа.
Ярилцсанд баярлалаа.
Ц.Оргил