Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Э.Пүрэвжаргал: ЭСРЭГ ДҮР БҮТЭЭХ НЬ ИЛҮҮ ХЯЛБАР САНАГДДАГ
4 жил өмнө   970
Жүжигчин хүн дүрээ бүтээх бүрдээ өөр ертөнцөд амьдарч болдог нь гайхалтай. Баян, ядуу, гэнэн цайлган, хорон муу санаатай гээд хүний бүхий л “өнгө”-нд хувирч чаддаг хүнийг жүжигчин хүн гэж миний хувьд боддог. Энэхүү хүмүүний гайхалтай нэгэн мэргэжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, Монголын ард түмэнд танигдаад байгаа залуу жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалтай ярилцлаа. Тэрээр “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “37-р точка”, “Бүтэн амьдрал” зэрэг нэлээд шуугиан тарьсан уран бүтээлүүдэд тоглож, өөрийгөө эсрэг дүрийг шаггүй сайн бүтээдэг гэдгээ харуулаад амжсан юм.
 
Таныг жүжигчин мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ?
 
-Би ер нь аливаа зүйлээс амархан уйддаг хүн. Өөрөөр хэлбэл миний сонгосон мэргэжлийн онцлог нь бүх төрлийн хүмүүст болон мэргэжилд хувирч ажилладаг болохоор дээр хэлсэнчлэн унаган зан араншинтай минь хамгийн сайн тохирч болох юм гэж бодсоноос энэхүү мэргэжлийг эзэмших хүсэл төрсөн.
 
Үлгэр дуурайл, урам зориг авдаг жүжигчин байдаг уу?
 
-Тэгэлгүй яах вэ, жүжигчин ч гэлтгүй хүн бүрд өөрийн гэсэн үлгэр дуурайл авч, түүн шиг болох юм сан гэж бодож явдаг хүн бий гэхэд эргэлзэхгүй байна. Миний хувьд МУГЖ Г.Урнаа эгч шигээ жүжигчин болохыг хичээдэг. Бүх зүйлд дайчин, зоримог, тууштай, түүний зан чанараас би эрч хүчийг олж авдаг. Сонгосон мэргэжилдээ авьяас, чадвар, амьдралынхаа бүхий л зүйлийг харамгүй зориулж ажилладаг хүн гэх үү дээ. Мөн залуу уран бүтээлчдийг дэмждэг гэдэг утгаар нь хүндэлдэг.
 
Таныг хилийн чанадад жүжигчнээр ажиллаж байсан гэж сонссон. Монголд жүжигчин байх гадаадад жүжигчнээр ажиллах хоорондын ялгаа юу вэ?
 
-Огт өөр. Монгол Улсад жүжигчид бид чинь бүхнийг өөрсдөө хийнэ шүү дээ. Орлон тоглогчтой дүр бүтээх нь ховор. Өөрсдийнхөө авьяас, чадвар, урлагийн төлөө гэсэн чин сэтгэлээрээ тухайн уран бүтээлийг бий болгох бүхий л зүйлд нь ханцуй шамлан оролцож байж сая нэг ард нь гардаг. Ингэхээс ч өөр аргагүй. Харин гадаадад бүх зүйлийг тус тусад нь багууд хариуцаад, даагаад авчихсан байдаг. Жүжигчдийнхээ төлөө илүү ажиллаж, тэднийг сайн уран бүтээл гаргахад нь саад болохооргүй байх талаас нь бүх зүйлийг бодолцсон байдаг нь сайхан. Гэхдээ манай улсын кино урлаг өдөр ирэх тусам хөгжиж, дэлхийн жишиг рүү ойртож байна.
 
 
 
 
Танд эсрэг болон эерэг дүр бүтээх хоёрын аль нь илүү ойр тусдаг вэ?
 
-Мэдээж эсрэг дүр. Хүн өөрийгөө бусдын нүдээр харж чаддаггүй шүү дээ. Харин бид амьдралд өдөр бүр бусдыг сонжиж, өөчилж байдаг нь үнэн. Өөрөөр хэлбэл, хүний гаргаж байгаа муу зан, муухай үйлдлийг хүн хамгийн түрүүнд соргогоор анзаардаг. Миний хувьд ч мөн тийм. Эсрэг дүр бүтээх бүрдээ хэн нэгний гаргаж байсан муухай үйлдэл, зан чанар нь надад зурвас ороод ирэх шиг болдог. Тиймээс л эсрэг дүр надад илүү амар санагддаг. Харин ч эсрэгээрээ би яг өөрийнхөө зан, чанараар дүр бүтээвэл төдийлөн хүнд хүрэх эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй. Тогловол хүнд хүрэх үгүйг сайн мэдэхгүй, үзэгчдэд хүрэх үгүйг хэлэхэд хэцүү.
 
Удаан судалгаатай дүр авч байсан уу?
 
-“Бүтэн амьдрал” олон ангит киноны Цэнгэлмаагийн дүрийг гэж хэлнэ. Өмнөх амьдралаасаа хүн яагаад сургамж авах хэрэгтэй байдаг вэ, гэр бүл салахад эмэгтэй хүний оролцоо хэрхэн нөлөөлдөг гэх зэрэг гэр бүлийн харилцаанд тулгардаг асуудлуудад хүмүүс хэрхэн ханддаг талаар нэлээд судалгаа хийж байж тухайн дүрийг бүтээсэн.
 
Дүрдээ хэт орох үе байдаг уу?
 
-Жүжигчин хүн хэт дүрдээ орж, сэтгэлийн хөөрөлдөө автаж, хяналтаа алдаж хэзээ ч болдоггүй. Энэ бол байж болохгүй алдаа юм.
 
 
Таны хамгийн сүүлийн уран бүтээл ...
 
-Олон ангит уран сайхны кинонд тоглох санал аваад дүрийн судалгаанд ороод удаагүй байна. Удахгүй зураг авалт эхэлнэ. Орчин үеийн залуусын хайр дурлал, тэдэнд тулгамдаж байгаа асуудал зэргийг тун сонирхолтойгоор харуулсан уран бүтээл юм.
 
Цаг гаргаж, ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
 
Н.Отгонтуяа
Э.Пүрэвжаргал: ЭСРЭГ ДҮР БҮТЭЭХ НЬ ИЛҮҮ ХЯЛБАР САНАГДДАГ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0