Сэтгэл судлалын ухааны доктор Б.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр хоёр дахь бүтээл буюу “Сэтгэл хөдлөлийн оюун ухаан” номоо өлгийдөн аваад байна.
Энэхүү номыг бичих болсон тэр цаг үеэс ярилцлагаа эхлэе. Яагаад сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг сэдвийг барьж авсан бэ?
-Дээрх сэдвийн хүрээнд докторын судалгааны ажлаа хийж байсан. Десартацын ажил бичихэд онолын үзэл баримтлал, баримт, судалгаа шинжилгээ зэрэг олон материалтай танилцах шаардлага үүсдэг. Судалгааны ач холбогдол нь туйлын өндөр байсан. Мөн амьдралд нэн хэрэгцээтэй. Тиймээс шинжлэх ухааны хэллэгийг нь хялбаршуулж, илүү энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх нь зөв гэж бодсоны үндсэн дээр ном болгох үйл явц эхэлсэн гэж болно.
Сэтгэл хөдлөлийн оюун ухаан нийгмийн харилцаанд орсноор төлөвшдөг үү, эсвэл төрөлхийн тийм өгөгдөл байдаг юм уу?
-Өгөгдөлтэй тодорхой хэмжээнд холбоотой. Гэхдээ хүн амьдралдаа ямар хүмүүжлээр хүмүүжив, сургалтын хөтөлбөр нь юунд чиглэгдэв зэрэг сэтгэл хөдлөлийн оюун ухааныг нь хөгжүүлэх ямар чиглэлийн үйл явц өрнөв гэдгээс ихээхэн шалтгаална. Сэтгэл хөдлөлийн оюун ухааны боловсролыг хүн амьдралынхаа явцад нийгэм, сургалт хүмүүжлээс олж авдаг. Бид гэгээлгээр харж болох нэг зүйл юу вэ гэхээр, IQ-н хөгжил тодорхой орчин нөхцөл, цаг хугацаа, удамшлаас хамааралтай бол EQ аль ч үед сэтгэл хөдлөлөө зохицуулах чадварт, суралцах хөгжүүлэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Хүн ямар ч ажил мэргэжилтэй, юу хийдэг байхаас үл хамааран бидний амьдралд нийтлэг тохиолддог асуудлыг шийдвэрлэхэд нэлээд дөхөм, ахиц авчрахуйц ач холбогдолтой чадвар.
Юуны өмнө EQ-н талаар бидэнд хамгийн ойр байж болох тайлбарыг хүргэхгүй юу?
-EQ гэдэг нь шинжлэх ухааныхаа нэр томьёонд Emotional intelligence гэж тэмдэглэгддэг. Монгол хэлнээ сэтгэл хөдлөлийн оюун ухаан хэмээн орчуулагдсан. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлийн чадамж бүхий цогц шинжтэй ойлголт, сэтгэцийн үзэгдэл. Хөрсөн дээр буулгаж, маш энгийнээр тайлбарлавал сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах чадвар юм. Ганц хоёр үгээр хамгийн ойр байдлаар тайлбарлавал ийм. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, түүнийгээ удирдан зохицуулах, бусад харилцагчийнхаа сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, мөн удирдах гэсэн дөрвөн хүрээгээр тодорхойлогдоно. Эдгээр нь голлох амин бүрдэл хэсэг. Өөрийгөө сэдэлжүүлэх, дасан зохицох, шийдвэр гаргах гэх мэтчилэн дэд бүрэлдэхүүн хэсэг байдаг. Ингэж тодорхойлж болох юм.
Хүмүүс сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүйгээс юун дээр илүү алддаг вэ?
-Дийлэнхдээ гаргаж байгаа шийдвэрүүдээс алдаа нь харагддаг. Жижгээс эхлээд хань ижлээ сонгох гэх мэт том сонголтуудын үед ч тухайн нөхцөл байдалд сайхан харагдсан, өөрт таалагдсан зүйлс рүү хэлбийдэг гэх юм уу даа. Бусад хүчин зүйлийн талаар бодож, санадаггүй, юунаас ч хязгаарлагдмал бус мэт болж ирнэ. Гэхдээ дээрх таатай сэтгэл хөдлөл тийм хэвээрээ үргэлжилдэггүй. Бодит байдал, амьдралын үнэнтэй нүүр тулахаар өмнө нь гаргасан шийдвэрээ эргэж харах, тухайн үеийн сэтгэл хөдлөлийг оновчтой зохицуулах хэрэгтэй байсан нь нотлогддог. Ерөнхийдөө алдаа гэвэл, амьдралд эргэж буцах үе цөөнгүй гардагтай л илүү холбоотой.
Сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирдах нь харилцагчтайгаа ойлголцоход илүү хялбар байдаг талаар дурдсан байна лээ ...
-Эрт дээр үед хөгжсөн хүний лимбийн тогтолцоо гэж бий. Энэн тогтолцоо нь хүний сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг зохицуулдаг. Сэтгэл хөдлөлийн гол амин сүнс буюу тархинд бүх командыг өгдөг бүтэц байдаг. Оюун ухааны чадвар өндөр хөгжсөн хүн байдаг хэдий ч сэтгэл хөдлөлөө зохицуулах нь боломж бас харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, өндөр IQ-тэй хүн амьдралдаа алдахгүй байна гэсэн баталгаагүй. Тэр баталгааг нь харин EQ олгохыг зорьдог. Сэтгэл санааны байдлаас хамаарч алдаа, эрсдэл гаргах үе цөөнгүй шүү дээ. ЕQ тэр эрсдэлийг л бууруулдаг гэсэн үг. Хөгжих тусам буруулна. Танин мэдэхүйн тархи буюу IQ нь тодорхой зам туулдаг. Сэтгэл хөдлөлийн тархи ч гэсэн мэдээлэл хүлээж аваад хариу үйлдэл үзүүлэхдээ бас зам туулна. Уншигчдад илүү ойлгомжтой байх үүднээс хэлэхэд сэтгэл хөдлөлийн тархины туулах зам нь арай богино, хурдтай. Хүн харилцаагаа ширүүсэж юм авч шидэх, зохисгүй үг хэлэх, дайрч давшлах танин мэдэхүйн тархиа хяналтаас гарч байгаагийн нэг шинж. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан хөгжих тусам үүнийг хянах боломж ихэсдэг. Хүн бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдэх нь хамгийн чухал болох нь үүнээс харагдаж байгаа байх. Үндсэндээ хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таних асуудал. Ихэнх тохиолдолд бид өөрт үүсч байгаа сэтгэл хөдлөл, төрж байгаа мэдрэмжээ бусдад тулгадаг сул талтай. Үүгээрээ харилцаагаа авч явах, удирдан зохион байгуулахыг бас хичээдэг. Энэ бол алдаа. “Ухаалаг сэтгэл хөдлөл” номд бичигдсэн нэг жишээн дээр тайлбарлая л даа. Нэг айл орой болгон тугалаа хашихдаа тодорхой асуудалтай тулгарч түүнийгээ ямар нэгэн байдлаар шийддэг байж л дээ. Нэг алаг бяруу л хашуулах гэж их асуудал үүсгэдэг. Хашаа руугаа ордоггүй тул хүмүүс хамжиж оруулна. Бярууны эзэн араас нь дагаж ороод бярууг зоддог. Иймэрхүү үйл явдал орой бүр болдог. Яагаад ингэдэг вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Бярууг зоддог нь зэл рүү орохгүй, хашуулдаггүй учраас. Эзнээ бухимдуулдаг, сэтгэл хөдлөлийг нь ойлгохгүй учраас зодуулдаг. Харин бяруу яагаад хашаандаа орохгүй байгаа талаар эзэн хэзээ ч бодож байгаагүй. Үүнд л гол асуудал бий. Асуудлыг хэрэгжүүлж, удирдаж байгаа субъект эхлээд бодох хэрэгтэй гэсэн үг л дээ. Бярууг зоддог учраас хашуулдаггүй гэсэн логикийг ойлгочхоод өөр арга барилаар асуудалд хандвал шийдэгдэх бололцоотой. Ерөнхийдөө бид нар бусад харилцагчийнхаа сэтгэл хөдлөл ямар байгаа талаар тэр бүр боддоггүй, анзаардаггүй. Гэх мэтчилэн олон төрлийн жишээ баримт бий.
Тэдгээр жишээн дунд цасан бөмбөлөг их сонирхол татсан. Яагаад ийм жишээг иш татав?
-Цасан бөмбөлгийг өнхрүүлэх тусам томордог. Бид нар өөрт байгаа таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлөө зохицуулж, удаан хугацаанд зууралдаад байвал тэр нь томордог. Танд мөнгөний их хэрэгцээ гарлаа гэж бодъё. Мөнгө олдохгүй удсанаас болоод танд таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд үүсч эхэлж болзошгүй. Мөнгөнөөс болж үүсч байгаа хямралтайгаа ажиллахгүй, мөнгө олох талаар л бодоод байна. Хямрал, таагүй мэдрэмжийг үүсгэж байгаа хүчин зүйлтэйгээ л ажилдаггүй. Тэгэхээр өнөөх мэдрэмж томроод үр дагавар нь асуудалд эрүүл хандах боломжуудад хаалт хийж эхэлдэг гэсэн үг. Тиймээс таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлөө дор дор нь гадагшлуулж, зохицуулах шаардлагатай. Бодит байдал ийм тааламжгүй байгаа учраас бид амьдралынхаа багагүй хугацааг аз жаргалгүй өнгөрөөж байна.
Уншигчид сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж сурах вэ гэсэн асуултын хариултыг нэхэх байх ...
-Бид хоёрын хооронд өрнөж байгаа ярилцлагаар үүнд бүрэн дүүрэн хариулт өгөх боломж бас хомс. Хүлээсэн үүрэг даалгавар, аливаа ажлыг гүйцэтгэхдээ маш их ач холбогдол өгч, цаг хугацаа зарцуулж, үр дүнд хүрдэгтэй адил сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа хөгжүүлэхэд хүнээс чармайлт шаардана. Процессын хувьд сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд өөрт байгаа асуудлыг тодорхойлж, гаргаж тавиад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийгөө, онцлогуудаа таньж мэдэх нь тун чухал. Өөрийгөө сайтар таниагүй учраас хүнтэй харилцахад хаалт бий болчихдог. Ихэнхдээ зөнгөөрөө л харилцаагаа авч явдаг. Тэгэхээр хамгийн эхний алхам, чин үнэнчээр таньж мэдэх юм. Юунд дуртай, хэнтэй харилцахад хялбар, ямар үед эрч хүчтэй эсвэл сул дорой байдаг гэхчлэн мэдээллээ цуглуул. Бодит мэдээлэлд дүн шинжилгээ хийж өөрийгөө судал. Үүний үр дүнд өөрийгөө удирдан зохицуулах боломж өснө. Бусадтай харилцах, бусдыг ойлгох чадварууд хөгжиж ирдэг. Бид нар хүүхдийг хүмүүжүүлэхдээ энэ ямар тоо, ямар өнгө вэ гэх зэргээр танин мэдэхүйн чадваруудыг нь хөгжүүлэх гэж оролддог шүү дээ. Хэн нэгний зургийг үзүүлээд энэ хүн царайнд нүүрний ямар хувирал байна, баярлаж байн уу, гуниглаж байн уу гэдгийг хэзээ ч асуудаггүй. Тиймээс хүүхдийг багаас нь сэтгэл хөдлөлийн ийм илрэл, шинж тэмдгүүдтэй харьцаж сурах арга барилыг хүмүүжлээр дамжуулж олгох нь зөв. EQ-г хөгжүүлэхэд энэ ихээхэн үр дүнтэй гэж бодож байна. Хүүхдийн мэдлэгт гэхээс илүүтэй мэдрэмжүүдийн талаар анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд, багш нар голлох үүргийг хүлээх нь мэдээж. Төрж байгаа мэдрэмжийг нь хүүхдээс асууж байвал сайн. Алсдаа хүүхэд өөрийн болон хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таньж мэддэг, ойлгодог болно. Үүнд тулгуурлаад харилцаагаа удирдаж эхэлнэ. Академик төвшинд авч үзвэл EQ-г хөгжүүлдэг хөтөлбөр, сургалтуудад хамрагдаж болно.
Н.Отгонтуяа
Б.Энхбаяр: СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УХААЛГААР УДИРДАЖ СУРАХ НЬ ХАРИЛЦАГЧТАЙГАА ОЙЛГОЛЦОХОД ИЛҮҮ ДӨХӨМ |