Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Д.Хосзул болон түүний багш Ч.Мягмар
Дэлхийн бяцхан мисс тэмцээний шилдэг оролцогч
Д.Хосзул:Би дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг цуурайтуулсан топ модель болно
7 жил өмнө   3023
Гүрж улсын Батуми хотноо 4-р сарын 09-17-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world-2018” тэмцээн амжилттай болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон Д.Хосзул болон түүний багш Ч.Мягмартай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
 
 
Та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн бяцхан Мисс тэмцээнд  амжилттай оролцож  ирсэнд нь баяр хүргэе. Ингээд яриагаа энэ удаагийн тэмцээнд гаргасан амжилтаас эхлүүлье?
 
- БАГШ Ч.МЯГМАР
Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. “Дэлхийн бяцхан мисс- 2018” олон улсын тэмцээнд оролцохоосоо өмнө танай сайтад ярилцлага өгч байсан. Дахин уулзаж байгаадаа туйлын баяртай байна.  Гүрж улсын Батуми хотноо 12 өдрийг өнгөрүүллээ.  Зарим хүмүүс мисс гэдгийг гоё алхаа гишгээ, хувцсаар дүгнэгдээд байх шиг санагддаг. Харин энэ тэмцээн нь бяцхан биед баймгүй их ачаалал,  цаг баримтлах, хооллох болон харьцааны соёл,  хүмүүжил төлөвшил гээд бүх л зүйл шүүгчдийн нүдэнд илхнээ байдаг дэлхийн хэмжээний чансаатай  тэмцээн юм.
Энэ жилийн хувьд Сэлэнгэ аймгаас Д.Хосзулынхаа зургийг “Miss Mongolia” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоод явуулснаар уг тэмцээнд оролцох гүүр нь нээгдсэн. “Дэлхийн бяцхан мисс- 2018” олон улсын тэмцээний финалын шатанд 21 бяцхан мисс шалгарч үлдсэн.  Манай улсаас тунаж үлдсэн дөрвөн охин үнэхээр цог золбоолог байж, зөв сайхан бие авч явснаараа монголчууд авьяаслаг дуутай, хууртай ард түмэн гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан.
Эдгээр 21 хүүхдээс 4-6 насны ангилалд өрсөлдсөн Б.Пүрэвдарь охин маань “Winner” буюу ялагчийн титмийг зүүсэн.  Харин 7-10 насны ангилалд Хосзул маань  “Euro-Asian Winner” буюу Евро-Азийн ялагч миссийн шагналыг дэлхийн хэмжээнд анх удаагаа авсанд туйлын баяртай байна.  Мөн шалгарсан 21 миссээс “ТОП” моделийг шалгаруулахад Хосзул шалгарч баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. Арвин их амжилттайгаар та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.
 
-Д.Хосзул уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаад сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
 
-Намайг Доржмягмарын Д.Хосзул гэдэг.  Би найман настай. Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 2-р сургуулийн 4a ангид сурдаг. Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн бяцхан мисс- 2018” тэмцээнд амжилттай оролцон “Евро-Азийн тэргүүн мисс” алтан титэм, дэлхийн “ТОП” модель болсондоо туйлын их баяртай байна. Мөн энэ үеэр ээжүүдийн дунд сонирхолтой тэмцээн зохион байгуулагдсан юм.  Ээж минь тэрхүү тэмцээнд оролцож хамгийн “Загварлаг” ээжээр шалгарсанд баяртай байна. Ээжээрээ маш их бахархаж байна. Намайг энэ их амжилтад хүрэхэд тусалсан Мягмар багш болон нийт сэлэнгэчүүд, сургуулийн хамт олон, гэр бүлийнхэндээ талархаж байгаагаа энэ ташрамд илэрхийлье.
 
 
- Энэ тэмцээний үеэр, эсвэл бэлтгэл өдрүүдэд тулгарч байсан саад бэрхшээлтэй зүйл байв уу?
 
- БАГШ Ч.МЯГМАР
 
- Өнгөрсөн жил оролцсон Ж.Сувд охин “ТОП” моделийн шагналыг хүртэж байсан.  Энэ жил хошой болно гэсэн зорилгыг л өвөртөлж байлаа. Монголоосоо явахдаа сонгож авсан хувцсаа гоё сайхан харагдуулах, монгол хүний сэтгэлгээг харуулах гээд л олон зүйл байлаа.  Би шавьдаа чи хувцсанд захирагдах биш харин хувцсыг захирах ёстой гэж хэлдэг. Д.Хосзулын маань өмссөн улаан даашинз шүүгчдийг үнэхээр алмайруулж  “пөөх”, “ваав” гэж уулга алдахад хүргэсэн.  Хувцас нь 7 кг байсан. Энэ нь Д.Хосзулд маань алхаж гишгэхэд төвөгтэй, бэрхшээлтэй байсан. Гэсэн хэдий ч тэр хүнд хувцастай хөнгөн юм шиг л алхахаас өөр арга байгаагүй. Цагийн зөрүү нөлөөлж ойр ойрхон ядрах, нойр хүрэх явдал цөөнгүй. Мөн хашаа ч явсан цаг сайн барих хэрэгтэй. Эс чадваас шүүгч нарт “mоngolia” монгол гэж дуудуулах ичгэвтэр хэрэг шүү дээ. . Тэсэх, тэвчих хэрэгтэй гэдгийг л шавьдаа хэлдэг байлаа.
 
- Хосзулийн маань ээж  шагнал авсан гэж бяцхан охин маань яриандаа дурдлаа. Энэхүү шагналын талаар ?
- Ээжүүдийн тэмцээн энэ жил анх удаагаа зохион байгуулагдсан юм билээ. Бүх ээжүүдийг дуудахад Д.Хосзулын маань ээж гарч, би ч дагаад л гарсан.  Олон шилдэг миссүүдийн хувцсыг урлаж бүтээсэн миний шавь н.Алтжин ээж охин хоёрын хувцсыг мөн оёж өгсөн. Ингэхдээ үндэсний гэх тодотголоо харуулж сайхан бүтээсэн учраас хүний хараа булаам, чамин содон харагдсан байх.  Загварлаг ээжүүдийн салхийг хагалж хамгийн анхны  “Best Fashion Mother” загварлаг ээжийн шагналыг  Д.Хосзулын маань ээж Э.Элбэгзаяа хүртсэнд их бэлэгшээж бас олзуурхаж байгаа. Үүндээ ч Д.Хосзул маань улам их урамшсан байх.
 
- Ч.Мягмар  багш  шавиа Евро-Азийн тэргүүн мисс болон топ моделийн шагнал авахад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
 
Номинацыг багаас нь эхэлж дуудсан. Топ моделийн шагналыг авсан учраас “Winner” ялагчийн шагнал байгаа гэж горьдож суулаа. Гэтэл бүр Евро-Азийн тэргүүн мисс гэж зарлахад туйлын их баярлаж багш шавийн аль аль нь л нүдэндээ баярын нулимстай байлаа. Анх 21 хүүхэд шалгарах мөчөөс эхлээд л шавьтайгаа “бид хоёрын зорилго юу билээ” гээд л ярилцдаг байлаа. Орой Д.Хосзулд чи бид хоёр Монгол гэдэг улсыг төлөөлж ирсэн Монголын хүн болохоос ээждээ эрхэлж байгаа Мягмарын шавь, Доржмягмар охин биш ээ гэж хэлээд л зорилгыг нь асууна даа.  Тэр үед ийм бяцхан охин өөртэй итгэлтэйгээр би Монголоос ирсэн, дэлхийн мисс болох ёстой гэж хариулдаг байлаа.
Титмээ зүүгээд баярын нулимсаа дуслуулан зогсох тэр дүр зураг л надад зорилгоо мэдэрсэн хүүхэд ямар гайхалтай амжилт үзүүлдгийг ойлгуулсан.
 
-Ч.Мягмар багшийн ажигласнаар Д.Хосзулын бусад улс орны миссүүдээс ялгарах, онцлог давуу тал нь юу байсан гэж бодож байна?
 
- Маш оюунлаг, хүлээцтэй чанараараа бусад миссүүдээс ялгарч шүүгчдийн анхаарлыг татдаг байсан.  Зарим шүүгчид ч хэлэхдээ модель царайтай хүүхэд гэдгийг ч тодотгоод амжсан шүү.  Бусад миссүүд зөвхөн эцэг эхтэйгээ.  Д.Хосзулын хувьд зааж зөвлөх хүн нь буюу  багш нь үргэлж дэргэд нь байсан явдал хамгийн том давуу тал гэж ойлгож байна.  Загнаж байсан ч хүний үгийг маш сайн тусгаж авдаг зан нь их авууштай.
Бас “Promotion” нь монгол ахуй, үзэсгэлэнт байгаль, монголчуудын хөдөлмөрч зан чанарыг харуулсан их сайхан видео болсон. Д.Хосзулыг хараад л монгол хүүхдүүд багаасаа байгаль орчинтойгоо харилцаж, хүмүүжиж төлөвшдөг юм байна гэсэн сэдэл өгөхүйц байлаа. Видеог бүтээсэн “UB film”-ийн хамт олондоо энэ завшааныг ашиглаад талархал  илэрхийлье.
 
 
-Тэмцээнд ямар урлагийн номер бэлдэж үзүүлэв, бусад орны миссүүдийн хамгийн сонирхолтой үзүүлбэрээс сонирхуулбал?
 
-Д.ХОСЗУЛ
- Монгол бүжиг болох “Чононсүлд”-ийг мэндчилгээндээ энэтхэг бүжгийн хамт бүжиглэсэн.  Орос орны эгч дүүсийн бүжиг их таалагдсан. Бас надтай хамт Монголоос оролцсон М.Ану эгч уртын дуу дуулсан нь чихэнд сонсголонтой сайхан байлаа.
 
-Тэмцээний үеийн дурсамжтай, сэтгэлд хоногшсон мөчүүдээсээ хуваалцаач ?
 
- Орон орны миссүүд бэлэг солилцдог юм билээ. Хамгийн их таалагдсан бэлэг нь зүрхэн хайрцагтай энгэрийн зүүлт байсан. Тэрийг багш харчхаад хөөх, чамд хуримын бөгж ирсэн юм уу гээд инээгээд байсан. (Мишээв)
 
- Цагийн зөрүүтэй байдлаас болж ядардаг тухай ярьсан шүү дээ. Одоо цагийн зөрүү арилсан уу?
 
- Одоог хүртэл арилаагүй л байна даа. Батумид орой болж байхад Монголд дөнгөж өдөр болж байна. Тийм өндөр хариуцлагатай үед тэсээд, тэвчээд л өөрийгөө их дайчилдаг юм билээ.
 
-Ирээдүйн зорилгоо юу гэж тодорхойлох вэ?
 
- Би дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг цуурайтуулсан топ модель болно гэж боддог.
- Монгол эх орондоо буугаад юу бодогдсон бэ?
 
-Д.ХОСЗУЛ
Би хамгийн түрүүнд л эгч дүү нараа тэврээд л уйлсан.  Их санасан гэдгээ тэр үед л мэдэрсэн. Батумид байхдаа бэлтгэлээ тарсны дараа хоолоо идээд аав, гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярьдаг байсан. Заримдаа ядарснаасаа болоод ч тэр үү, эсвэл цагийн зөрүүнээс болсон уу, ярьж чадахгүй унтчихна.
 

- Бяцхан охид маань дэлхийн тэмцээнд амжилт гаргаж эх орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэг биед нь баймгүй тэсвэр хатуужлын илэрхийлэл байх. Ингээд ярилцлагаа энд хүргээд өндөрлөе.   Д.Хосзул болон Ч.Мягмар багшдаа цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
 
- Ч.МЯГМАР
Загварын урлаг бол маш том хүмүүжил хүнд олгодог гэж ойлгодог. Д.Хосзул гэж нэг хүүхдээр төлөөлүүлж бусад олон хүүхдийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл Хосзул маань хэдий чинээ зөв сайхан биеэ авч явна,  анги хамт олон болон үе тэнгийнхэндээ  үлгэр дууриалал болно гэсэн үг. Бяцхан миссүүд олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргана гэдэг бол хамгийн том аз жаргал юм. Тиймээс бяцхан миссүүдийг олон улсын тэмцээнд оролцоход гүүр нь болж ажилладаг “Miss Mongolia” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоодоо бяцхан миссүүдийнхээ өмнөөс болон өөрийнхөө зүгээс чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.  Мөн танай  сайтын хамт олонд ч бас талархсанаа илэрхийлж цаашдын ажилд тань амжилт хүсье. Цааш цаашдын олон тэмцээнд амжилт гарган Сэлэнгэ нутаг, цаашлаад улс орныхоо нэрийг өндөрт өргөх болно.

О.Цэнгэл

Д.Хосзул:Би дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг цуурайтуулсан топ модель болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0