Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Н.Эрдэнэбаяр: Улс орнууд өөрсдийн түүхээ зурагт номд үлдээж байна, бид ч гэсэн
4 жил өмнө   898
“Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиогч Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Уран бүтээлч маань өөрийн бүтээлээрээ дамжуулан үндэснийхээ үүх түүх, соёл, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулдаг билээ. 
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ойгоор "Сүхбаатар" намтарчилсан комикс номын нээлт болж байсныг тодхон санаж байна. Комикс хийх санаа анх хэзээ төрсөн бэ?
 
-Би хүүхэд байхын түүх сонирхдог, түүнийгээ хүүхэлдэйн кино, комикс болгохыг мөрөөддөг байсан. Хамгийн анх 2004 онд “300 тайчууд”, 2006 онд “Бат хаан” комиксоо олны хүртээл болгож байлаа. Гэхдээ түүхэн сэдвээр комикс бүтээнэ гэдэг маш хүнд байсан. Судалгааны явц нэлээд ярвигтай. 
Миний хувьд бараг 20-иод жил комикс зурж байна. Орчин цагт дэлхийн улс орнууд өөрсдийн түүхээ зурагт номд үлдээж байна. Бидний хувьд ч гэсэн энэ зорилгыг өвөртөлж төслөө эхлүүлчхээд явж байна. Төсөл маань 3 жилийн өмнөөс хэрэгжсэн. Бид эртний гэхээсээ 100 жилийн өмнөх түүхээ ч сайн мэддэггүй юм байна. Ардын хувьсгалын 100 жилийн ой дөхсөн үед жанжныхаа талаар бүдүүн бараг ойлголттой байж болохгүй гэж бодсон. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд жанжин Д.Сүхбаатар болон тухайн үеийн нөлөө бүхий түүхэн хүмүүсийн талаар тууштай судалж байна. 
Энэ явцдаа 60-аад  ном, 250 гаруй судалгааны материал дээр ажиллалаа. Түүхч, сэтгүүлч Г.Бадамсамбуу, зохиолын багийн залуус гээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэндээс тун сонин үр дүн харагдсан нь Д.Сүхбаатар жанжны түүхийг сүүлийн 70 жил гуйвуулаад, 30 жилд нь мартсан байна. Бид эхэндээ хоёр дэвтрээр төсөөлж энэхүү комиксыг бүтээе гэж бодож байлаа. Тухайн үед Монголын Үндэсний брэндийн зөвлөлтэй хамтарч бүтээгээд, УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлтэд нь дэмжлэг үзүүлсэн. Ингээд өнгөрсөн оны 2 дугаар сарын 2-нд “Сүхбаатар” номынхоо нээлтийг хийсэн. Комикс маань 10 цувралаар гарна. Бидний төлөвлөснөөр энэ ондоо буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж “Сүхбаатар” комиксын үлдсэн 8 цувралыг гүйцээж, улмаар 10 цуврал хүүхэлдэйн кино, төдий тооны сонсдог номын хамт гаргана. Ирэх сард багтаж номынхоо шинэ цуврал, хүүхэлдэйн нэг киног гаргахаар бэлдэж байна. Залууст хамгийн сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьж байгаа маань энэ. 
 
Судалгааны явцад ямар шинэлэг баримт гарч ирэв? Тэр бүхнийг номдоо тусгаж чадсан уу?      
 
-Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор Н.Хишигт бидэнд зөвлөдөг. Ер нь олдсон баримтуудаа бүгдийг нь тусгаж байгаа. Олон сонирхолтой баримттай танилцсан. Тухайлбал, Д.Сүхбаатар жанжин 1922 онд болсон улсын анхдугаар наадамд 20 харваж түрүүлэн, Богд хаанаас дөрвөн удаа бэйс цол хүртэж байсан зэрэг олон сонирхолтой баримтыг олж үзсэн. “Анхны 7” гэж нэрлэгддэг хүмүүс Оросоос хувьсгал экспортолж ирсэн гээд ярьдаг. Тэдгээр хүмүүс Орост дөрвөн сар байсан. Тэр хугацаанд яг ямар үйл явдал өрнөсөн талаар “Сүхбаатар” комиксоос олж мэдэж болно. Өөрөөр хэлбэл, бид нийтээрээ юу ойлгох вэ гэхээр, тусгаар тогтнол, эрх чөлөө, хувьсгалын төлөө хэн хэрхэн зорьж зүтгэж байсан талаар тодорхой ойлголттой болно гэсэн үг. 
 
Та өмнө “Бумбардай” номоо гаргаж байсан. “Бумбардай” бол таны санаанаас урган гарсан дүр, гэтэл Д.Сүхбаатар бол хэн бүхний мэдэх түүхэн жанжин, цэргийн удирдагч. Тиймээс дүрээ гаргаж ирэхэд харьцангуй хялбар байв уу?
 
-Ийм түүхэн намтарчилсан комикс өнөөдөртөө Монголд байхгүй. Энэ утгаараа бидний хувьд шинэ сорилт болж байна. 
 
“Бид түүхээ сайн мэддэг гэж боддог, гэтэл амьдрал дээрх мэдлэг нимгэн юм билээ” гэж та ярьж байсан. Судалгаанууд дээр ажилласны дараа ямар бодол төрж байна вэ?
 
-Бараг л Д.Сүхбаатар судлаач болж байна. 1911, 1921, 1990 он гээд хувьсгалын үе, мөчлөгөөр нь ярьж болно. Монголчууд 800-аад жилийн өмнө сэргэн мандаж, нүүдэлчин угсааныхаа төрт ёсоор бол 2000 жил замнаснаас сүүлийн 100 жилийг онцлоход эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх цаг үе байж. 1911 оны үйл явдлыг оруулбал 110 жил гэж болно. Том зургаар нь харвал, Манжийн зах хязгаар нутаг болж тусгаар байдлаа алдсанаас хойш 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөнөөс эхлээд 1921 оны хувьсгалыг хийн, дараа нь ЗХУ-ыг дагаж улмаар 1990 онд Ардчилсан хувьсгалаар шинэ нийгэм рүү шилжсэн. Монгол үндэстэн, эх орончид бүхий л цаг үед тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн. Одоо ч тэмцэж байна.      
 
Бүх хүний мэддэг баатрын дүрийг шинэлэг байдлаар гаргаж ирнэ гэхээр их сонирхолтой санагдаж байна ...
 
-Д.Сүхбаатар жанжныг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ энэ хүний талаар юу гэж боддог вэ гэхээр тоймтой зүйл хэлэх хүн цөөн. Тоймтой ойлголтгүй хүн бол цэргийн жанжин байсан л гэнэ. Түүхээ сайн мэддэг байх нь эх оронч үзэл, тусгаар тогтнолын ач холбогдлын талаар иргэд, хүүхэд залууст үнэн зөв мэдээлэл хүргэх ач тустай. Үнэ цэн нь ч өснө. Хамгийн их сурталчлагдсан мөртлөө хамгийн бага мэдэгдэж байгаа хүний ажил, амьдралыг сүүлийн үеийн баримтаар баяжуулж, илүүтэй таниулахгүй юм бол өөр хэнийг гэх вэ. Нөгөөтэйгүүр Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Ийм давхцалыг ашиглаад, өнгөн дээрээ жанжин Д.Сүхбаатарын дүрээр комикс ном бүтээж байгаа боловч бидний цаад зорилго бол түүхээр контент бүтээх, түүнийгээ сонирхолтой хэлбэрээр хийж болдгийг харуулахыг зорьж ажилласан. 
 
Хоёр цувралын ард гарчихлаа. Уншигчид хоёр цувралыг чинь хэрхэн хүлээж авав?
 
-Худалдаанд оруулах гэж төдийлөн оролдсонгүй. Уншсан хүмүүсийн хувьд ам сайтай байгаа. Хүлээж авах хөрс нь бэлэн байсан юм байна гэж ойлгосон. 
 
Борлуулах гэж нэг их оролдсонгүй гэхээр бүтээлдээ арилжааны бус хандсан ч юм шиг. Зах зээлийн нийгэмд таны барьж буй зарчим зөрчилдөж байгаа юм биш үү?
 
-Тэгж хандсан гэхэд өрөөсгөл. Удаашраад байгаа шалтгаан нь Ардын хувьсгалын ойд зориулж төслөө цогцоор нь хэрэгжүүлэх гэсэнтэй холбоотой. Нэг ёсондоо судалгаа, хөгжүүлэлт, хөрөнгө санхүү босгоход ихэнх цагаа зарцуулаад, борлуулалт сурталчилгаан дээрээ ажиллаж амжихгүй байна. Контентуудынхаа ард амжилттай гарчихвал цувралууд маань багагүй хугацаанд уншигдаж, яригдсаар байх болно гэсэн гэгээлэг хүлээлт байна. 
 
Зарим ном кино болсны дараа номыг нь авах гэж шуурсан тохиолдол цөөнгүй байдаг. Таныг үүнтэй төстэй маркетинг хийж байна уу гэж бодлоо. Жишээлбэл, “Marvel”-ийн “Doctor Strange” кино гарсны дараа номных нь борлуулалт үлэмж өссөн шүү дээ ... 
 
-Нэгэнт ийм их хугацаа, хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа бол хүртээмжтэй хэлбэрээр нийтэд хүргэх нь чухал. Видео нь мэдээж контентын түгээмэл хэлбэр байх болно. Энэ утгаараа үзэгчид хүүхэлдэйн киноноос агуулгыг нь илүүтэй ойлгох байх. 
 
Түүхийн ямарваа нэг сэдвээр эрдэмтэд нэг талдаа гарч чадахгүй талцах нь бий. Тийм зүйлтэй тулгарч байв уу?    
 
-Түүхчид судалгаа, баримт сайтай буюу илүү батлагдсан зүйл дээр дуугарах гэдэг. Уран бүтээлчдэд нэг давуу тал бий. Түүхэн баримтад тулгуурлаж хийж байгаа ч тодорхой хэмжээний уран сайхны арга хэлбэрийг ашиглах нь мэдээж. Бид 100 хувь түүхийн ном бичээгүй, үнэн бодит өгөгдөлд тулгуурлаад өөрсдийн шинэ санааг гаргаж, уран сэтгэмжээ ажиллуулж байгаа хэрэг.     
 
Та цаашид Монголын төрийг удирдаж байсан удирдагчдаар комикс хийе гэсэн бодол бий юу? 
 
-Дараагийн баатар хэн байх вэ гэдэг дээр ярьж байна. Дараагийн  дүрээ тодорхойлоогүй байна. Гэхдээ маш олон санаа байна.
 
Ер нь соён гэгээрүүлэх ажилд төрийн оролцоо хэр үгүйлэгдэж байна вэ?
 
-Энэ контентоо олон нийтэд хүргэхийн тулд хувь хүн, яам, Засгийн газраар дэмжүүлэх сонирхол өндөртэй ажиллаж байна. Олон ч хүнтэй уулзсан. Хөрөнгө санхүү босгох тал дээр ажиллаад, болох талаас нь ярьж байгаа. Гэхдээ сүүлийн гурван жилд голлон өөрсдийн зардлаар энэ ажлыг хийж байна. Нөгөө талаас энэ онд 100 жилийн ой нь тохиох МАН, УИХ, Засгийн газар энэ мэт санаачилгыг дэмжиж ажиллах нь хар ухаанаар бодсон ч маш хэрэгтэй зүйл. Бидний хувьд ямар нэгэн ойд зориулсан, нам сурталчилсан ажил гэж харахгүй байна. Монголын түүх бол Монголын л түүх. 
Түүхээ сурталчлан таниулах, ач холбогдлыг нь ойлгуулах, үнэн зөвөөр нь хүргэх өргөн цар хүрээтэй ажил гэж хэлмээр байна. Үүнийг олон сувгаар сонирхолтой хэлбэрээр хүүхэд залууст хүргэнэ. Уран бүтээлчидтэйгээ, төр засаг, хувийн хэвшилтэйгээ хамтраад 2021 онд багтаж энэ ажлыг дуусгаж, контентоо уншигч үзэгчдэдээ хүргэх нь бидний эрхэм зорилго. Д.Сүхбаатар гэдэг хүн 30 наслахдаа амьдралынхаа дийлэнх цаг хугацааг тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө өөрийгөө зориулж тэмцсэн. Энэ тэмцлээрээ өнөөдөр бидэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх боломжийг олгосон гэж хэлж болно. 
Тиймээс нэг талаараа түүхээ сурталчлах, нөгөөтэйгүүр энэ хүний гавьяаг мөнхжүүлэхийн төлөө гурван жил хөдөлмөрлөж, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж 30 контент хийх нь бидний, чухамдаа иргэн хүний үүрэг хэмээн бодож, ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ чиглэлд хамтарч ажиллая гэсэн хувь хүн, албан байгууллагад бидний үүд хаалга нээлттэй шүү гэж хэлье.
 
Ц.Оргил
 
Н.Эрдэнэбаяр: Улс орнууд өөрсдийн түүхээ зурагт номд үлдээж байна, бид ч гэсэн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0