Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийн талаар
3 жил өмнө   654
Нийслэл Улаанбаатар хотод, тодруулбал Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм.
 
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах юм.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай энэ талаар ярилцлаа. 
 
-Өглөөний жишиг гудамж өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ гудамжийг яагаад байгуулах болсон бэ?
 
-Улаанбаатар хотын өглөөний нөхцөл байдлыг олон улсын хотуудын жишигт хүрээсэй гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн. Иргэд үүнд ам сайтай байна. Цаашид ийм гудамж, газруудыг дүүрэг бүрд үе шаттай байгуулна. Дэлхийн олон хотод ийм үйлчилгээний газрууд байдаг. Улаанбаатар хотын нүүр царай болсон газар байгаасай гэж бодож, “Өглөөний Улаанбаатар” гудамжийг байгуулсан.
 
Ковидын нөхцөл байдал, хил гааль дээр ачаа бараа саатсанаас шалтгаалж ажил удааширсан тал бий. Иргэд хүлээлттэй, найрсаг хандаж байгаад Хотын даргын хувьд баяртай байна. Өнөөдөр гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээлүүд дэлгэгдсэн. Энэ мэтчилэн хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Цаашид гаднын жуулчид ирэх үеэр үйлчилгээ үзүүлж, гар урлал, үндэсний онцлогийг харуулсан бүтээлүүдийг Монголд зочилж байгаа жуулчдад зарж, борлуулна.
 
Хот  бол бизнес гээд байгаагийн учир энэ. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ажиллана. Тэрнээс Хотын дарга бизнес хийх гээд байгаа юм биш. 150 мянган аж ахуйн нэгж, 1.5 сая иргэн бүгд орлоготой болж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ суурийг л бий болгох гээд байгаа юм. 
 
-Хотын төвийн зургаан дүүргийн удирдлагад өглөөний жишиг гудамж байгуулах үүрэг, чиглэл өгсөн гэсэн?
 
-Өглөөний гудамжийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байгаа. Цаашид Жамъян гүний гудамж, Амарын гудамж зэрэг гурван байршилд ийм гудамж байгуулахаар төлөвлөж байна. Хүмүүсийн хэлээд байгаа шиг нэг байршилд 1.8 тэрбум төгрөг зарцуулаагүй. Энэ бол худал мэдээлэл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижилтод 300 сая орчим төгрөг зарцуулсан. Гүйцэтгэлээрээ тайлан, тооцоо нь гараад ирнэ.
 
Зургаан дүүрэгт өөр өөрийн онцлогт тохирсон, эртэч “Өглөөний Улаанбаатар” гудамжийг нээх чиглэл өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн боломжтой байршил хаана байх вэ гэдгийг дүүргийн удирдлагууд судалж, төлөвлөгөө гаргаж танилцуулна. 
 
 
 
-Энэ гудамж иргэдийг эртэч болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах болов уу?
 
-Өглөө эрт ажил амжуулах гэхээр Улаанбаатар хотод онгорхой газар байдаггүй. Улаанбаатарчууд эртэч байх хэрэгтэй. Үйлчилгээний газрууд нь эрт нээгддэг, иргэд өглөөний цайгаа уунгаа ажлаа амжуулдаг нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Дэлхийн хотуудын жишиг ч ийм байдаг. Энэ жишигт хүргэхийн тулд өглөөний гудамжийг үе шаттай бий болгоно.
 
-Хотын стандарт байхгүй болсон талаар иргэд шүүмжилдэг шүү дээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
 
-Хот нэг стандарттай байх ёстой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуульд Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй, стандарттай байна гэж заасан. Тиймээс хотын ойлгомжгүй, тодорхойгүй байдлуудыг стандартаар нь, дүрмээр нь зохицуулж, хотынхоо тулгамдсан асуудлыг шийднэ.
 
Улаанбаатар хотын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал эрс сайжрах, эрх зүйн чадамж нэмэгдэх, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлүүдийг сайжруулах сууриа энэ хуулиар тавьсан. Үйлчилгээ үзүүлж, үүнээсээ ашиг, орлогоо олдог хот байгаасай гэж хүсэж байна. Ийм хот байхын төлөө хуулийг оруулж, дутаж, үгүйлэгдэж байгаа зүйлүүдийг нөхөх, олон улсын жишигт хүрсэн хот байх суурийг тавилаа. Цаашдаа Улаанбаатар хот өргөжин тэлж, хотын өнгө үзэмж сайжирна.
 
Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээврийг сайжруулах, гэр хорооллын төлөвлөлтийг дэмжих бодлогыг хүчтэй явуулахаар бэлдэж байгаа.  Хот эдийн засгаа сайжруулж, хуримтлал бий болгоод эхэлбэл тулгамдаж байгаа асуудлаа шийдэх боломжтой. Ер нь санхүү, эдийн засгийн эх үүсвэр дээр очоод ажил гацдаг. Үүнээс болж мөнгөндөө тааруулж ажил хийдэг, тэр нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, иргэдийн шүүмжлэл хүртдэг. Үүнийг засах ёстой. 
 
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэднийг дэмжих чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдрийн энэ гудамж болов уу гэж харж байна. Цаашид залуучуудад чиглэсэн ямар бодлого баримталж ажиллах вэ? 
 
-Манай Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс бид ажил хийж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа залуусаа дэмжинэ. Залуучууд зөв, хөдөлмөрч, боловсролтой, хотоо гэсэн элэгтэй байвал хотын өнгө үзэмж сайжирч, хот маань өргөжин тэлнэ. Тиймээс хотынхоо залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, өөрийн сонирхлоор нь дэмжих тийм нөхцөлийг бодитоор бий болгож өгөх ёстой.
 
Хотын даргын хувьд залууст үргэлж нээлттэй ажиллана. Улаанбаатар хотод аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа улам тэлж, ажлын байр бий болгож, орлогоо нэмэгдүүлэх ёстой. Хотын иргэд мөнгөтэй, орлоготой, баян болох хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд бидний зүгээс гол зохицуулалтыг хийж өгөх ёстой. Боломжийг нээж өгч, нөхцөлөөр нь  хангаж өгөхийн төлөө Хотын дарга ажиллана. Хөдөлмөрч залуус олноор бий болоосой гэж хүсэж байна.  Өөрсдийн сонирхож байгаа зүйлээ хийж, түүгээрээ орлого олдог залуусын хотыг бий болгохын төлөө бид хүч, оюунаа дайчлан ажиллана.
 
Нийгэм хэдий бухимдалтай байгаа хэдий ч залуучууд маань ухамсартай, хүлээцтэй, аливаа болохгүй, бүтэхгүйг зөв шүүмжилдэг болсон. Эрүүл шүүмжлэлийг ямар ч удирдлага хүлээж авах ёстой. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйл хотод олон бий. Нэг өдөр, нэг сарын дотор бүгдийг засах боломжгүй. Заавал тодорхой хугацаа, хүн хүчний  бодлого, хөрөнгө санхүү шаардлагатай. Бид тэдгээрийг үе шаттай засаж, янзалж, сайжруулж явах төлөвлөгөөтэй ажиллаж, тэр ч дагуу үүрэг, чиглэл өгч байгаа. Хот тэр тусмаа хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана. 
 
Эх сурвалж. НЗДТГ
 
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийн талаар
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0