Төрийн өмчит “Эрдэнэс Метан” ХХК 2017 онд Тавантолгойн бүлэг ордод газрын тосны уламжлалт бус буюу нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажил эхлүүлсэн. Хэрэв нөөц тогтоогдсон тохиолдолд Монгол Улс нүүрсний давхаргын метан хий олборлож, эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоос хангах, улмаар экспортлох, шинээр олон ажлын байр бий болох, нийслэлийн агаарын бохирдлыг бүрэн шийдэх боломжтой юм.
Тэгвэл Нүүрсний давхаргын метан хийн төсөлд хөрөнгө оруулагч Австралийн “Jade Gas Holding” компани өнгөрөгч долоо хоногт Австралийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, Монгол Улс дахь төсөлд 5.4 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн. Ингэснээр манай улс метан хийн төсөл хэрэгжүүлэх ажил нэг том шатаар урагшилсан юм. Төслийн хүрээнд “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амартай ярилцлаа.
-Хүмүүс “Эрдэнэс Метан” ХХК-г “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани, метан хийн эрэл, хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа гэдгээс өөрөөр төдийлөн сайн мэдэхгүй байх. Тиймээс юуны өмнө та компаниа товч танилцуулахгүй юу.
-“Эрдэнэс Метан” ХХК 2016 онд Монгол Улсын нүүрсний сав газрууд дахь нүүрсний давхаргын метан хийн эрэл судалгааны ажлыг гүйцэтгэх, улмаар өрөмдлөг хайгуулын ажлын үр дүнд үндэслэн метан хийн нөөцийг тогтоох, ТЭЗҮ боловсруулах, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолж санхүүжилт татах, метан хийг олборлох, ашиглах зорилгоор үүсгэн байгуулагдсан 100 хувь төрийн өмчит компани юм.
Манай компанийн эхний төсөл бол Тавантолгойн нүүрсний сав газарт метан хийн эрэл судалгаа хийх ажил байсан. АМГТГ-тай байгуулсан Эрлийн гэрээний дагуу нүүрсний давхаргын метан хийн эрэл судалгааны ажлыг Австралийн хөрөнгө оруулагчтай хамтран 2019 онд амжилттай хийж гүйцэтгэсэн.
Улмаар 2020 онд Засгийн газрын 150 дугаар тогтоолын дагуу уламжлалт бус газрын тосны “Тавантолгой - XXXIII” Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан одоо энэ төслийг үргэлжлүүлэн хайгуулын үе шатыг эхлүүлэх гээд бэлтгэл ажлуудаа хангаад байна. Нөөц тогтоогдсон тохиолдолд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулна.
-Эрлийн ажлаар яг ямар ямар ажил хийгдсэн бэ. Нөөц тогтоож чадсан уу?
-Тэгэхээр эрлийн ажлын хүрээнд нийт найман цооног өрөмдсөн. Үүнээс долоо нь нүүрс агуулагч зузаалгыг бүрэн нэвтэрч, ул чулуулагт метан хий агуулах боломжтой давхаргууд байгаа эсэхийг тодорхойлсон. Үндсэндээ 500-920 метр гүнтэй найман цооног буюу нийт 5207.7 тууш метр өрөмдсөн. Ингээд 618 ширхэг нүүрсний дээжид метан хийн бүрэн шинжилгээ, 853 дээжид нүүрсний чанарын шинжилгээ хийгээд байна. Эдгээр ажлын үр дүнд үндэслэн хийн хамаарлын анализ болон ордын нүүрсний давхаргын “3D” загварчлалыг боловсруулсан.
Нөөцийн хувьд нарийн тогтоогоогүй байгаа. Тиймээс нөөцийн талаар ярихад арай эрт байна. Ямартай ч бид одоогоор нүүрсний давхаргын метан хий илрүүлсэн. Цаашид хайгуулын өрөмдлөгийн явцад олон зүйл тодорхой болно. Энгийнээр хэлбэл, газар доор зүгээр л нэг удаа хоол хийх тийм бага хэмжээний газ байна уу, эсвэл орон нутгийн цахилгаан станц ажиллуулах хэмжээний газ юм уу, эсвэл бүр нийслэлийг утаагүй болгох хэмжээний газ уу, газ олборлож ашиглах арга технологи нь ямар байх вэ, эцэст нь эдийн засгийн хувьд ашигтай юу үгүй юу гэдгийг мэдэх гээд явж байна гэсэн үг.
-Нөөц тогтоож, ТЭЗҮ боловсруулаагүй төсөл дээр олборлолт, дотоодын эрчим хүчийг хангах асуудлыг ярих нь мэдээж утгагүй байх. Гэхдээ манай улсын хувьд уламжлалт бус цоо шинэ салбар гэдэг утгаар хэрэв нүүрсний давхаргаас метан хийн олборлож эхэлсэн тохиолдолд эдийн засаг, нийгэмд ямар ач холбогдол, давуу талтай вэ?
-Мэдээж метан хий олборлосноор дотоодын эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг хангах буюу импортыг орлох, алсдаа экспортлох зэрэг эдийн засгийн цоо шинэ салбар үүснэ. Үүнийг дагаад олон мянган шинэ ажлын байр бий болж, мэргэжлийн боловсон хүчинтэй болох, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.
Хамгийн гол нь газ бол эко түлш. Монгол Улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7 хувь бууруулах үүрэг, амлалт хүлээсэн. Манай улс энэ зорилтод хүрэхийн тулд өмнө нь сэргээгдэх эрчим хүчний талаар нэлээд ярьж ирсэн. Харин үүн дээр нэмээд манай улсад шинэ салбар болох хийн аж үйлдвэрийн салбар дорвитой хувь нэмэр болно гэж би хардаг. Товчхондоо нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх урт хугацааны шийдэл юм. Утаанаас бүрэн сална гэдэг бол ирээдүй хойч үе, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.
-Хүмүүс Тавантолгойн нүүрсний уурхайтай зэрэгцээд газ олборлоно гэдгийг гайхах байх. Үндсэндээ лиценз давхардаж байна гэсэн үг шүү дээ. Ер нь дэлхийн бусад оронд нүүрсний ордтой зэрэгцээд метан хий олборлодог туршлагууд хэр олон бэ?
-Дэлхийд нүүрсний давхаргын метан хий олборлодог тэргүүлэх улс орнууд гэвэл Австрали, Хятад гээд нэрлэж болно. Манай урд хөрш агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нүүрсний олборлолтоо багасгаад, газаа түрүүлж олборлодог болсон. Тэгээд нэг куб метр газ тутамд орон нутаг нь нэг юань, муж нь нэг юань, улс нь нэг юань, нийт гурван юанийн татаас өгдөг. Олборлолт нь ч гэсэн газар ухаж сэндийлж, шороо тоос босгохгүй, ердөө цооног тавина.
Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлд хэрэв талбай давхацсан бол талууд бие биенийхээ үйл ажиллагаанд саад болохгүй байх тухай заасан хуулийн зохицуулалттай. Метан хий нь Монгол Улсын Газрын тосны хуулиар, харин нүүрс нь Ашигт малтмалын хуулиар зохицуулагддаг. Манай төслийн хувьд бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Тиймээс манай хайгуулын ажлын төлөвлөгөө Тавантолгойн уулын ажлын төлөвлөгөөтэй уялдан нийцэж явах ёстой. Бид эрлийн ажлын үр дүнгээр гарсан нүүрсний давхаргууд болон чанарын мэдээллүүдийг Эрдэнэс Тавантолгой компанид хүлээлгэн өгсөн. Цаашид ч мэдээллээ солилцоод явна. Дээр нь Тавантолгойн нүүрсний ордын онцлог энгийнээр аяга шиг хэлбэртэй. Тэгэхээр Тавантолгой дээр байгаа нүүрсийг олборлож байхад, манайх бүүр доор байгаа газыг олборлоно гэсэн үг.
Энд нэг чухал зүйлийг хэлэх хэрэгтэй. Метан газ бол тэсрэх дэлбэрэх аюултай, тэгэхээр алсдаа нүүрсний далд уурхай байгуулж гүний давхаргуудад олборлолт явуулахад гүний уурхайн аюулгүй ажиллагааг хангахад метан хийг зайлуулсан байх нь чухал ач холбогдолтой. Мөн манай хайгуулын өрөмдлөг хийсэн газарт Тавантолгой нүүрсний чиглэлээр дахиж өрөмдлөг хийх бараг шаардлагагүй, энэ утгаараа маш их хэмжээний зардлыг хэмнэж өгөх боломжтой.
Мөн бид толгой компани болох Эрдэнэс Монгол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газартай нягт хамтран ажиллаж, тэдний зүгээс бидний ажлыг ч бүх талаар маш сайн дэмждэг.
-Хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалтын сэдэв рүү оръё. Хөрөнгө оруулагч “Jade Gas Holding” Австралийн Хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцааныхаа арилжааг эхлүүлсэн. Үүгээр татан төвлөрүүлсэн 5.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт юунд зарцуулагдах вэ?
- Мэдээж төслийн үйл ажиллагаанд зарцуулна. Биржийн дүрмээр хувьцаат компанийн шинээр эсвэл нэмж хувьцаа гаргаснаар татан төвлөрүүлсэн хөрөнгө зөвхөн санхүүжилт татан төвлөрүүлсэн тухайн төслийн зорилгоор зарцуулагдах ёстой.
Манай хөрөнгө оруулагч талын Австралийн Хөрөнгийн бирж дээр бүртгүүлж байгаа үйл явдлыг хоёр өнцгөөс харах нь зүйтэй.
Нэгд, манайх шилэн данс гэж ярьдаг, үүнтэй адил манай хөрөнгө оруулагч талын үйл ажиллагаа, аливаа хөрөнгө мөнгөний зарцуулалт ил тод, нээлттэй болсон гэсэн үг. Компанийн засаглал ч сайн болно. Хүссэн хэн ч интернэтээр ороод үзэх боломжтой, хүссэн мэдээллээ авч болно. Манай төсөлтэй холбоотой бүх зардал, зарцуулалт нь ил тод болно.
Хоёрт, дээр хэлсэнчлэн манай төсөл геологи хайгуулын хамгийн эрсдэлтэй үедээ явж байна. Маш их хөрөнгө санхүүжилт шаардагдана. Биржид бүртгүүлснээр хувьцаагаа чөлөөтэй арилжаалах эрхтэй болж, ингэснээр хөрөнгө оруулагч талын санхүүгийн чадавхи эрс нэмэгдэнэ. Төсөлд шаардлагатай мөнгийг саадгүй гаргаж төсөл цаашдаа амжилттай үргэлжлэх чухал нөхцөл бүрдэж байна гэсэн үг.
Ковид цар тахлын хүндрэлтэй үед манай төслийн санхүүжилт нэг ч удаа зогсоогүй. Хөрөнгө оруулагч тал сайн ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Дээрх 5.4 сая ам.доллар 100 хувь бүгд манай төсөлд буюу Монгол Улсад хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирнэ. Цаашдаа ч улам нэмэгдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Itoim.mn
ERDENES MONGOLIA
Д.Амар: Цар тахлын хүнд үед ‘Эрдэнэс Метан' 5.4 сая долларын хөрөнгө оруулалт татаж чадлаа |