Монголын хацар гоо охид хаа ч явсан өөрсдийн ухаан, үзэсгэлэн гоо, авьяас билгээрээ ялгарч чаддаг. Тэдний нэг бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБС-ийн Т.Бумандэлгэр багштай 9Б ангийн сурагч Сүхбаатарын Ангирмаа. Тэрээр Гүрж улсын Батуми хотноо 2018 оны 4-р сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Best_Princess_Prince_of_the_world” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, 3 титэмт шагналаар амжилтаа мялаан ирсэн билээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Энэ өдрийн мэндийг хүргэе. “Best_Princess_Prince_of_the_world” олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе.
- Баярлалаа.Таньд болон танай сайтын хамт олон мөн уншигчидадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү тэмцээнд орход туслаж дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлаж байна.
-Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай уншигчдад өгөхгүй юу.
- Тэмцээнд 80 гаруй орны бяцхан мисс эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн надтай цуг нийт 4 хүүхэд нас насны ангилалд оролцсон. “Дэлхийн бяцхан мисс- 2018” олон улсын тэмцээний финалын шатанд 21 бяцхан мисс шалгарч үлдсэн. Манай улсаас тунаж үлдсэн дөрвөн охин үнэхээр цог золбоолог байж, зөв сайхан бие авч явснаараа монголчууд авьяаслаг дуутай, хууртай ард түмэн гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан байх.
- Тэмцээний үеэр бэрхшээл, хүндрэлтэй зүйл хэр тохиолдсон бэ?
- Бэрхшээлтэй зүйл мэдээж байлгүй яахав. Энэ том тэмцээнд оролцоход төрөл бүрийн хувцас өмсдөг. Бүх өмсгөл хэрэглэлээ өөрсдөө бэлдэнэ. Түүнийгээ тээвэрлэхэд нугалж атирах гээд амаргүй. Мэдээж санхүүгийн асуудал гарна. Надад олон хүн тусалсан. Тусласан хүмүүсийнхээ итгэл найдварыг алдалгүй амжилт гаргаад ирсэндээ үнэхээр баяртай байна. Мөн манай улсаас 4 цагийн зөрүүтэй юм байна лээ. Цагийн зөрүү бас бага зэрэг хүндрэлтэй санагдаж байсан. Мөн тайз нь хальтиргаатэй байсан болохоор өсгийтэй гуталтай үзүүлбэрээ үзүүлээд хальтрах гээд их сандарсан. Энэ бүхний дараа олон зүйлийг мэдэж ойлгож авсан шүү.
- Яг шагнал гардаж авч байх үеийн сэтгэгдлээ хуваалцаач?
- Хамгийн түрүүнд аав ээж минь бодогддог юм билээ. Тэгээд ямар ч байсан надад итгэж найдсан хүмүүсийнхээ найдварыг алдсангүй дээ би гэж бодоход юунаас ч илүү баярласан даа. Хамгийн гол нь энэхүү тэмцээнд орход хамгийн гол туслалцаа дэмжлэгийг “Miss Mongolia” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо багш маань үзүүлсэн. Тиймээс багшийнхаа итгэлийг дааж тэмцээндээ амжилт гаргасандаа туйлын их баяртай байгаа. Цаашдаа би сумынхныхаа, гэр бүл, найз нөхдийнхөө итгэл хайрыг дааж улам их хичээж, илүү амжилт гарган Өмнөговь аймаг, Ханбогд нутгийнхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан мундаг мисс болно гэж шийдсэн.
- Батуми хотын юу чиний сэтгэлийг татаж байв? Тохиолдсон хөгжилтэй сонирхолтой зүйл байвал яриач?
- Тухайн орны соёл уламжлал, бүжиг нь үнэхээр сонирхолтой байсан. Бид нэг өдөр автобусаар зугаалж яваад Монгол хүүхдүүд “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш”, Монголын “Төрийн дуулал”-аа дуулахад гадаадын 40 гаруй улсын хүүхдүүд биднийг дагаж дуулсан нь их сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.
- Тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн олон хүн байгаа байх тэр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна. Энэхүү асуултад хариулт аваад ярилцлагаа өндөрлөе. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартай мисс болоорой ярилцсанд баярлалаа
- Баярлалаа танай сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дарга Эрдэнэжаргал ахдаа маш их баярлалаа. Хамгийн анх оролцож байгаа том тэмцээнд минь итгэл найдвар хүлээлгэн намайг ажилтанд хүргэсэн “Miss Mongolia” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо багшдаа чин сэтгэлээсээ талархлаа. Таны цаашдын ажил амьдралд томоос том амжилт хүсье гэж юуны өмнө хэлмээр байна. Би таны үргэлжлэл болж, Монгол орон тэр тусмаа Галбын говийнхоо нэр төрийг дэлхийд цуурайтуулна.
А.ЦЭЛМЭН