-Тайвань эрүүл мэндийн салбараа маш бага төсвөөр хөгжүүлж чадсан-
Тайванийн эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшил дэлхийд болон азидаа дээгүүрт бичигддэг.
Тайванийн эрүүл мэндийн салбартай танилцах боломж олдсон бөгөөд энэ үеэрээ тус улсын Юань Рөн эмнэлгийн дарга, Зүрх судасны их эмч Кон Шин Чантай ярилцлаа. Тэрээр Тайванийн Батлан хамгаалахын Үндэсний Хүрээлэн буюу Хятадын уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Академийг төгссөн нэгэн аж. Түүний суралцаж, төгссөн энэхүү сургууль нь Тайванийн хамгийн өндөр түвшний, хамгийн эртний цэргийн сургууль гэдгээрээ онцлог юм билээ. Кон Шин Чан эмч Тайванийн эрүүл мэндийн салбарт 29 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд тус улсын урдаа барьдаг шилдэг эмч нарын нэг ажээ.
Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Тайваньд Азийн төдийгүй өөр бусад орны оюутнууд олноор суралцдаг. Тэдэн дундаас монгол оюутнуудыг сонгож үзлэгт хамруулсан тухайд сонирхож болох уу.
-Би нэг түүх яръя. Одоогоос хоёр жилийн өмнө нэг монгол иргэн бидэнтэй холбогдон ирж байсан юм. Тэрээр хавдартай гэж Монголд оношлогдсон юм билээ. Ингээд бид тэр эмэгтэйд үзлэг, шинжилгээ хийтэл хавдар биш байсан нь оношлогдсон. Гэтэл тэр бүсгүй өөрийгөө хавдартай гэж сонсоод сэтгэл санаагаар ихэд хямарснаас гадна хавдартай өвчтөнүүдэд уулгадаг эмийг удаан хугацаанд уусан байсан. Ингээд тэрээр хавдар биш гэдгээ мэдээд сэтгэл санаа нь сэргээд нутаг буцсан даа. Эмч эрүүл, саруул болно гэдэг сайхан тохиол шүү дээ. Эрүүл саруул ажлаа хийж, олон өвчтөнийг эмчилж илааршуулах давуу талтай. Энэ үйл явдал бидэнд нэг зүйлийг мэдрүүлсэн. Бид цаашид Монголын эмч нартай хамтран ажиллаж, туршлага солилцох нь зүйтэй юм байна гэдэг дээр нэгдсэн. Буруу онош тун аюултай.
Харин яг энэ үед Болороо бидэнтэй холбогдсон. Ингэж л бидний үйл ажиллагаа Монгол руу чиглэсэн.
Бид Монголоос зөвхөн өвчтөн авч ирэх биш эмч нарыг нь авч ирж сургалтад хамруулж, туршлага судлуулах хэрэгтэй юм байна гэж ярилцсан. Мөн манай улсад маш олон Монгол оюутан сурч байгаа тухай сонссон.
Тэд эцэг, эхээсээ хол, хэнд хаана хандаж, хэрхэн эмчлүүлэхээ мэдэхгүй байгаа шүү дээ. Тиймээс л бид оюутнуудыг энд суралцаж байх хугацаанд нь үнэ төлбөргүй бүх төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэ жил хоёр дахь удаагийн үзлэгээ зохион байгууллаа. Хоол унд, шинжилгээний төлбөр, эмч нарын үзлэг бүгд үнэ төлбөргүй.
-Оюутнуудын хувьд та бүхний зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ихэд сэтгэл хангалуун байсан?
-Баярлалаа. Бид хүн төвтэй үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг. Мөн бидний гол зорилго бол бусдад туслах. Бусдад туслах гэдэг бол маш сайхан зүйл. Хүн бүрт хийж чадах том буян гэх үү дээ.
-Сүүлийн жилүүдэд манай Монголчууд ямар нэгэн хэцүү өвчин туссан үедээ ч юм уу, онош нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд Энэтхэг, Тайвань зэрэг эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлэгч орнуудын эмнэлгийг бараадаж, оношилгоо, эмчилгээ авдаг болсон. Танай эрүүл мэндийн байгууллагыг зорьж ирж байгаа Монголчуудын хувьд ямар онош давамгайлж байна вэ?
-Монгол Улс газар зүйн байршлын хувьд жаахан алслагдмал болохоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүд ихэвчлэн БНСУ, БНХАУ-ыг зорьдог. Гэхдээ сүүлийн үед Монголчууд Тайванийг зорих нь нэмэгдэж байна. Тэд ихэвчлэн буруу оноштой ирдэг. Мөн буруу оношоос гадна онош нь тодорхойгүй, эсвэл Монголд эмчилгээгүй гэсэн өвчтөнүүд давамгайлж байна. Бид тухай өвчнийг нь хэн сайн оношилж, эмчилж байна, тэр эмч рүүгээ явуулдаг.
-Буруу онош гэдэг бол өвчтөнд сэтгэл санааны асар их дарамт болохоос гадна санхүүгийн хувьд маш их зардалтай байх?
-Тийм ээ. Өвчтөн маш их шаналж, сэтгэл санааны дарамтанд орсон байдаг. Хэн нэгэн өвчтөн манай эмнэлгийг зорьж ирэхэд нь бид найдвартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ бид зар сурталчилгаа хийдэггүй. Тайваньд эм, эмнэлгийн байгууллагыг сурталчлах нь хуулиараа хориотой. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс л бусад хүмүүст мэдээлэл өгч, ам дамжсан ярианы дагуу өөрсдөө зорьж ирдэг юм билээ. Миний хүсч байгаа зүйл бол Монголчууд зөв газраа очиж, зөв эмчилгээ авах нь чухал.