Цөөн үгээр:
  • Үе үеийн эмэгтэй парламентчид гурав дахиа чуулна
  • Үерт нэрвэгдэж бухимдсан Испанийн иргэд хаан руугаа шавар шиджээ
Г.Амаржаргал: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид насан туршдаа сэтгэл зүйн гэмтэлтэй үлддэг
6 сар өмнө   1699
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргалтай хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 
 
-Хүн худалдаалах гэмт хэрэг гэхээр хүмүүс нэг хүнийг наймаалах зэргээр ойлгох нь түгээмэл. Гэвч олон хэлбэртэйг сонсоод өнөөдөр ч ийм хэрэг байдаг юм уу гэж гайхах нь бий. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ? 
 
-Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх шаардлагатай. Хуулийн нэр томьёо нь хүн худалдаалах. Худалдаалах гэдэг нь арилжааны шинжтэй ойлголт. Энэ гэмт хэргийн цаад утга нь хууль бусаар, хүчээр бусдын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулж, хууль бусаар эд эрхтнийг нь авч, албадан хөдөлмөрлүүлж өөртөө ашиг олох шинжийг агуулдаг.  
 
Монгол Улсад жилд бүртгэгдэж байгаа гэмт хэргийн тоон үзүүлэлттэй харьцуулбал хүн худалдаалах гэмт хэргийн гаралт тийм өндөр биш. Жилд 10-14 гэмт хэрэг бүртгэдэг. Гэвч энэ гэмт хэргийг статистик тоогоор үнэлэхээс илүү нийгмийн хор аюулын шинж чанарыг анхаарч, авч үзэх ёстой. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид насан туршдаа сэтгэл зүйн гэмтэлтэй үлддэг. Тиймээс яаж гэмт хэргийн гаралтыг багасгах, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарах, олон нийтийн мэдлэг, оролцоог дээшлүүлэх нь нэн тэргүүний ажил. 
 
-2022 онд хүн худалдаалах гэмт хэргийн 12, 2023 онд 13 тохиолдол бүртгэгдсэн гэлээ. Энэ гэмт хэргийн хохирогчид нь ямар хүмүүс байна вэ? 
 
-Манай улсад бүртгэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид нь эмэгтэйчүүд. Тэдний тодорхой хувь нь насанд хүрээгүй охид байна. Өөрөөр хэлбэл манай улсад хүн худалдаалах гэмт хэргийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдсэн хэлбэр нь бүртгэгдэж байна.  
 
-Энэ оны нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Хуулийн төслийг дагалдуулаад Хүн худалдаалахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн хэрэгжилт ямар хэмжээнд байна вэ? 
 
-Монгол Улс 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ийн конвенц, түүний нэмэлт болох охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох протоколд нэгдэж орсон. Үүнээс хойш үндэсний хууль тогтоомжийг энэхүү гэрээ, конвенцод нийцүүлэх ажлыг хийж байна.  
 
2008 онд нэгдэж ормогцоо Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хүн худалдаалах гэмт хэргийн зохицуулалтыг өөрчлөх агуулгатай байв. Мөн 2012 онд иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр анх удаа Хүн худалдаалахтай тэмцэх бие даасан хуультай болсон. Монгол Улсын Их Хурлаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сард баталсан. Шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор олон хуульд нэмэлт өөрчлөлт орсны нэг нь Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль юм.  
 
Энэ хуульд орсон гол өөрчлөлт нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллах салбар дундын хамтарсан багтай байх шийдэл юм. Энэ баг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдийг хамгаалах байранд байлгах, нийгмийн ажил үйлчилгээнд хамруулах, сэтгэл зүйн засал, эрүүл мэндийн, хууль зүйн үйлчилгээг цогцоор нь үзүүлэхэд анхаарч ажиллана. Хамтарсан багийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулахаар зохицуулсан. 
 
-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид туслах хамтарсан баг өмнө нь байгаагүй юу? 
 
-Улсын хэмжээнд одоо ажиллаж буй хамтарсан баг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу ажилладаг. Харин салбар дундын хамтарсан баг нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдана. Өөрөөр хэлбэл хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг байгууллагуудын дунд түвшний албан тушаалтнуудаас бүрдсэн хамтарсан баг ажиллана гэсэн үг.  
 
Энэ зохицуулалт олон судалгаа, төслийн үр дүн, зохих мэргэжилтнүүдийн ажлын туршлагыг нэгтгэсний үндсэн дээр бий болсон. 2020 онд Монгол улсын Засгийн газар АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт-Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах төсөл манай улсад дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд олон орны туршлага судлахад АНУ-д хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохирсон хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг салбар дундын хамтарсан баг ажилладаг юм байна. Үүнийг нутагшуулах хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөнө. Үүнтэй зэрэгцээд бүх нэмэлт өөрчлөлт дагаад хэрэгжиж эхлэнэ. Тиймээс бид одоо салбар дундын хамтарсан багийн бүтэц зохион байгуулалт, үзүүлэх үйлчилгээн дээр төвлөрч ажиллаж байна. 
 
-Салбар салбарын хамтарсан баг ажиллах зөв ч хүнд суртал, шийдвэр гаргалт удаан байх болов уу гэсэн эргэлзээ төрж байна. Журамдаа зохицуулсан болов уу?  
 
-Салбар дундын хамтарсан багт удирдлагын түвшний хүн ажиллахгүй. Энэ бол үйл ажиллагааг гардан зохион байгуулах дунд түвшний албан тушаалтнуудаас бүрдсэн баг юм. Тухайлбал Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ЭМЯ-ны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл гэх зэргээр бүрдсэн баг байна. Дунд түвшний албан тушаалтнууд ажиллаж гэмээнэ хүнд суртлаас ангид байна. Хүүхэд хохирсон тохиолдолд маш хурдан дэмжлэг үзүүлж, үйлчилгээ үзүүлж, сэтгэл зүйн хувьд дахин гэмтэхээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ.  
 
Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгчид арга хэлбэрээ хурдацтай өөрчилж байна. Жишээ нь 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр хохирогчийг хорьж, биеийг нь хүчээр үнэлүүлдэг, мансууруулах бодис хэрэглүүлдэг гэх мэтээр хавсарсан гэмт хэрэг байв. Одоо хорьж цагдахаас илүү хуурч мэхэлж байна. 
 
1999 онд Югаслав улсад манай хоёр иргэнийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгосон гэх мэдээлэл шар сонин хэвлэлүүдээр гарсан. Энэ үед л иргэд ийм гэмт хэрэг байдаг юм байна гэж ойлголттой болж байсан. Түүнээс хойш олон хүн гадаадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон. 
 
Хохирогчийг харуул хамгаалалттай байранд гадагшаа нэвтэрч, чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөлд байлгаж, бусадтай бэлгийн харьцаанд оруулдаг, өөр бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөгт өртүүлж байсан. Цаг үеэ дагаад гэмт хэргийн үйлдлийн арга хэлбэр ч өөрчлөгдөж байна. 
 
Хохирогчийг хорьж цагдахаас илүүтэй  эмзэг мэдээллийг нь олж, түүгээр нь айлган сүрдүүлж, гэмт санаа бодлоо хэрэгжүүлж байна. Хуулийн өөрчлөлтөөр ямар үйлдэлд шийтгэл оногдуулах вэ гэдгийг зохицуулахаар гэмт этгээдүүд ч дагаад үйлдлээ өөрчлөх хандлагатай байдаг. Бид үүнтэй тэмцэх аргыг хурдан олох шаардлага үүсэж байна.  
 
 
-Насанд хүрээгүй охидын зураг, бичлэгийг ямар нэг аргаар олж аваад өөрийн саналыг нь гүйцэлдүүлэхгүй бол цахим орчинд цацаж, аав ээжид чинь үзүүлнэ зэргээр дарамталдаг гэсэн үг үү? 
 
-Зөвхөн бага насны охидоор хязгаарлагдахгүй. Шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийг харахад өмнө нь ямар нэг байдлаар тухайн хүний эрхшээлд байсан эсхүл ямар нэг эмзэг мэдээлэл нь гэмт этгээдийн гарт орсон хохирогчид байдаг. Гэмт этгээд хохирогчийн эмзэг мэдээллийг ашиглаж, өөрийн хүслээр гэмт үйлдлээ хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгодог. 
 
-ХЗДХЯ-нд хүний эрхийн багц хуулийн төсөл боловсруулах ажил эхэлжээ. Энэ багц хуульд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль багтсан уу? 
 
-ХЗДХ-ийн сайдын 2024 оны А/61 дугаар тушаалаар Монгол Улсын нэгдэн орсон, олон улсын гэрээ конвенцод үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зохицуулалтуудыг хуульд тусгаж баталгаажуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулж байна. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль багтсан. Үүнд хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулалтууд ч бий. 
 
-2012 онд Хүн худалдаалах гэмт хэргийн тухай хуулийг баталсан. Үүнээс хойш хуулийн хэрэгжилт, үр дүнг мэргэжлийн байгууллагуудаар үнэлүүлсэн үү? 
 
-Хууль тогтоомжийн тухай хуульд хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээс таван жил тутамд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж байх заалт бий. Хуулийг бүхэлд нь эсвэл тодорхой зохицуулалт дээр дүн шинжилгээ хийлгэж болно. 
 
НҮБ-ийн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага 2017 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсэн.  
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албанаас 2023 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийлгэж, оролцогч бүх байгууллагад тайланг хүргүүлсэн. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуульд олон байгууллага, албан тушаалтан, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага хуулийг хэрэгжлүүлэх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотой дунд түвшинд үнэлэгдсэн зарим хэрэгжилтэд энэ онд үйл ажиллагаагаа төлөвлөөд ажиллаж байна. 
 
-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд 10 байгууллагыг дурдаад, тус бүрд нь тодорхой үүрэг хүлээлгэсэн. Тэдгээр байгууллагын үүргийн биелэлтэд хяналт тавьсан гэсэн үг үү? 
 
-2017 онд хийсэн үр дагаврын үнэлгээгээр хуулийг бүхэлд нь үнэлсэн. 2023 оны үнэлгээгээр хууль, түүний журмын хэрэгжилтийг үнэлсэн. Өөрөөр хэлбэл хуульд үнэлгээ хийгээд орхихоор энэ хуулийг хэрэгжүүлэхэд оролцож буй хэм хэмжээ тогтоосон актууд хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй болдог.  
 
Тэгэхээр ЭМЯ, ГХЯ, ХЗДХЯ болон холбогдох байгууллагууд дээр хэрэгжиж байгаа журмыг бүхэлд нь хамруулсан. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг дагаж гарах зургаан журмаас гурав нь батлагдаад, гурав нь төслийн хэмжээнд байсан. Батлагдаагүй журмуудаа батлахгүй бол хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хангагдахгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм.  
 
Батлагдаад хэрэгжиж буй журмуудыг 2013 он эсвэл 2017 онд батлагдсан байдаг. Гэтэл 2013 оноос хойш арван жил өнгөрсөн ч нэг ч удаа нэмэлт өөрчлөлт ороогүй байдаг. Нийгэм, цаг үеэ дагаа иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, стандарт өөрчлөгдөөд байгаа боловч энэ нь журмандаа тусгагдаагүй. Тиймээс энэ журмыг өөрчлөх шинэчилсэн найруулгын төслийг бэлтгээд ГХЯ, ХНХЯ, ХЗДХЯ-нд хүргүүлэн оролцогч талуудаар хэлэлцүүлж, эхнээсээ батлагдаад явж байна. 
 
Тухайлбал ХЗДХ-ийн сайдын тушаалаар Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх журмыг 2023 оны арваннэгдүгээр сард баталсан. Энэ журам хэрэгжиж байна. Мөн Улсын ерөнхий прокурортой хамтарсан хохирогчийн нэр төр, аюулгүй байдлыг хангах журам батлагдсан.  
 
Ер нь хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийгээд хаялгүй, дараагийн үйл ажиллагааг төлөвлөж байна.  
 
2017-2021 оныг дуустал Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Хөтөлбөрийг 90 орчим хувийн биелэлттэй гэж дүгнэсэн. Үнэлгээгээр эл хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хууль, журам байгаа ч тав, арван жилийн дараа Монгол Улс хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогч хамгааллын үйлчилгээ ямар шатанд хүргэсэн байх вэ гэдгээ төлөвлөх шаардлагатай. Бид энэ онд хүн худалдаалахтай тэмцэх, энэ хэргээс урьдчилан сэргийлэх дунд хугацааны төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна. 
 
-Мөрдөгч гэмт хэргийг илрүүлснээс хойш прокурор, шүүгчийн хамтын ажиллагааны үр дүнгээр хэргийг шийддэг. Хүн худалдаалах гэмт хэрэг, энэ хэргийн уршиг, оногдуулах ялын талаар бүгд  ижил ойлголттой болж чадсан уу? 
 
-Цагаан дээр хараар бичсэн үг өгүүлбэрийг хэн ч уншаад нэг л утгаар ойлгох хэрэгтэй. Тэгж бичихийг хууль тогтоомжийн тухай хуулиар шаарддаг. 2017 оноос хойш хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын албан хаагчдыг хүн худалдаалах гэмт хэргийн талаар тодорхой нэг ойлголттой болгохоор ажилласан. 2017 онд хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагааны арга зүйн сургалт болсон юм.  
 
Ковидын дараа, одоо хэрэгжиж буй хүүхэд хамгааллын компакт гэрээний хүрээнд 2023 онд бүх аймаг, дүүрэгт энэ сургалтыг дахин зохиосон. Сургалтаар 800 орчим мөрдөгч, прокурор, шүүгчийг сургасан. Нэг удаа сургаад орхивол ямар ч үр дүнгүй. Тиймээс сургалтыг тогтмол хийж, практик жишиг тогтоно. Хуульд энэ үйлдлийг хүн худалдаалах гэмт хэрэг гэнэ гэж тодорхой заасан. Шүүхийн шийдвэртэй өмгөөлөгчдийн байр суурь зарим талаар зөрөхийг үгүйсгэхгүй.  
 
Энэ нь хуулийн зохицуулалттай холбоотой. Палермогийн протоколд хүн худалдаалах гэмт хэргийг тодорхойлсон. Энэ тодорхойлолтод манай улс Эрүүгийн хуулиа нийцүүлж, хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан. Энд биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрийн бэлгийн мөлжлөгт оруулах, боолчлох, эд эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлэх үйлдлийг хамааруулсан. Энэ үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх, хуурах, хулгайлах зэрэг аргаар үйлдэхийг заагаад ял шийтгэл оногдуулахыг тусгасан.  
 
Гэвч Эрүүгийн хуульд бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөрлүүлэх, хүүхдээр гуйлга гуйлгах, хүүхэд худалдах, хүүхдэд садар самууныг сурталчлах зэрэг хүн худалдаалах гэмт хэргийн хэлбэрүүдийг бие даасан гэмт хэрэг болгож зохицуулсан.  
 
Тиймээс шүүгчдийг буруутгах боломжгүй. Учир нь нотлох баримтад үндэслэн, шүүгдэгчдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх зарчим бий. Эрүүгийн хуулийн давхардуулсан зохицуулалтууд хүн худалдаалах гэмт хэргийн шүүгдэгч ял завших явдлыг бий болгож байгааг үгүйсгэхгүй.  
 
-Эрүүгийн хуульд саяхан  нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг шийдсэн үү? 
 
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь бага насны хүүхдийн эсрэг, бага насны хүүхдийн амь насанд халдсан, хүчирхийлсэн, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгосон тохиолдолд өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой харилцааг зохицуулсан. 
 
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд уучлал үзүүлэхгүй, шүүхээс хугацааны өмнө тэнсэн суллуулахгүй байх зохицуулалт.  
 
-Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгчид хохирогчийн зорчих эрхийг хязгаарлаагүй атлаа өөр хэлбэрээр эрхшээлд оруулж байна. Та үүн дээр тодорхой жишээ дурдвал? 
 
-Зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бэлгийн мөлжлөгт өртүүлбэл бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг болох зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд заасан. Гэтэл 13.1 дүгээр зүйл буюу хүн худалдаалах гэмт хэрэгт хүнийг тодорхой үйлдлийн аргаар ашиг олох зорилгоор мөлжлөгт өртүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Хүн худалдаалах гэмт хэргийг зорчих эрхийг нь хязгаарлаж байж үйлддэг тухай нэг ч үг байхгүй. 
 
Зорчих эрхийг хязгаарлаж байгаад бэлгийн мөлжлөгт өртүүлсэн бол гэх зохицуулалт байхгүй. 12.3-т зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бэлгийн мөлжлөгт өртүүлсэн бол гэж бий. Шүүх зорчих эрхийг хязгаарласан, хязгаарлаагүй бол гэх үгэн дээр тодорхой шийдлийг гаргаж байна гэсэн үг. Түрүүн хэлсэнчлэн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд заавал зорчих эрхийг нь хязгаарлаж, орон байранд хорьж байгаад тухайн хүнийг хохироохоос илүүтэй өөрт байгаа давуу байдлаа ашиглаж хүнийг хохироосон хэрэг сүүлийн үед бүртгэгдэж байна.  
 
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын алба хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн мэдээлэл олгох ямар ажлууд хийж байна вэ?
 
-Манай алба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй, бие даасан байгууллага. Улсын хэмжээний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангахаас гадна салбаруудын үйл ажиллагааг уялдуулах үндсэн чиг үүрэгтэй.  
 
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагаад 30 орчим байгууллагын төлөөлөл бүхий Зохицуулах зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөлөөс гадна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо, Хүн худалдаалахтай рэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл ажиллаж байна.  
 
Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 20 орчим төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн гишүүдтэй, жил тутам үйл ажиллагаа төлөвлөдөг. Манай дэд зөвлөлөөс хийгдсэн судалгаануудаас гарсан зөвлөмж, урьдчилан сэргийлэх санал санаачилгыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг.  
 
Дээрээс нь хууль сахиулах, шүүх эрх мэдлийн, нийгмийн хамгааллын салбарын мэргэжилтнүүдийн энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголт, хохирогчид үзүүлдэг үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.  
 
Бид зөвхөн цагдаа, прокурор, шүүх гэх төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэг чадварыг тэлэхээс гадна иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил жил тутам хийж байна.  
 
Үүнийг тасралтгүй хийх нь чухал. Нэг сарын аян хийгээд орхихоос илүү үлдсэн хугацаанд ч мэдээллээ түгээсээр байх хэрэгтэй.  
 
Монголчууд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэл бүхий Зүүн өмнөд Азийн улс руу явбал  тухайн улсад ямар нэг асуудал үүсвэл энэ мэдээллийн дагуу холбогдоорой гээд тараах хуудас өгч байна, тухайн иргэн, аюулгүй ажиллаж амьдарч байгаа эсэх талаар албаны шугамаар мэдээлэл хуваалцаж байна. 
 
-Ярилцсанд баярлалаа. Хүн худалдаалах гэмт хэргийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг танилцуулж, сэрэмжлүүлэг хүргэсэн танд баярлалаа.
Г.Амаржаргал: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид насан туршдаа сэтгэл зүйн гэмтэлтэй үлддэг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0