Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Чөлөөт бөхийн сорилго тэмцээн: Эмэгтэйчүүд
6 жил өмнө   1027

Аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдын сонгох “Сорилго” тэмцээн наймдугаар сарын 4-5-нд “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолбор, “Аса” үндэсний циркэд болно. Жин тус бүрт чансааг тэргүүлсэн тамирчин шигшээ барилдаанд шууд оролцох эрхтэй бол эрэгтэйчүүд хоёроос долоо, эмэгтэйчүүд хоёроос тавдугаар байрт орсон тамирчин сонгон шалгаруулах тэмцээнд хүч үзэх юм.

Эмэгтэйчүүдийн 49 кг: Э.Нарангэрэл шигшээд шууд барилдана. Түүнтэй барилдах эрхийн төлөө Н.Анударь, Ц.Намуунцэцэг зэрэг 4 шинэ үеийн охидууд хүч үзнэ. Таавар дэвшүүлвэл саяхан Залуучуудын Азийн аваргаас хүрэл медаль зүүсэн Аврагчийн Н.Анударь Э.Нарангэрэлтэй барилдахаар үлдэх болов уу?

53 кг: Дэлхийн АШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа шигшээд барилдана. Түүнтэй барилдах гол хүн нь Армийн дэлхийн аварга Алдарын Г.Отгонжаргал. Энэ жингийн гол өрсөлдөгчид болоод байгаа хоёр бөхийн барилдаан тун сонирхолтой болох биз ээ.

55 кг: Жин өгсөж тун амжилттай барилдаж буй Э.Даваачимэг жингээ тасархай тэргүүлж байна. Харин түүнтэй барилдах эрхийн төлөө өрсөлдөх охидууд нь тун ч ширүүн өрсөлдөөн үзүүлэхнээ. Энэтхэгт болсон залуучуудын Азийн АШТ-ээс медаль хүртсэн хоёр ч охин Б.Халиунаа, Б.Энхцэцэг дээр залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Алдарын Б.Болор-Эрдэнэ нэмэгдэнэ. Мөн Хангай хайрханы Б.Хулан барилдах биз ээ.

57 кг: Энэ жин Олимпийн жин. Тийм учраас өрсөлдөөн ч ширүүн байдаг. "Хасу Мегастарс"-ын А.Батцэцэг шигшээд барилдана. Түүнтэй барилдах эрхийн төлөө дэлхийн аварга С.Цэрэнчимэд болон Хилчингийн Э.Гантуяа нар өрсөлдөх гэж байна. Саяхан дэвжээндээ эргэн ирсэн С.Цэрэнчимэд "Моngolia Open" тэмцээнд хоёр гол өрсөлдөгчөө ялан түрүүлсэн. Харин энэ удаа Хэн нь ДАШТ-ийг зорих вэ? гэдгээ шийдэх ширүүн барилдаан үзэгч биднийг хүлээж байна. Э.Гантуяа дээд жиндээ ч барилдах боломжтой.

59 кг: Хасу Мегастарсын Б.Шоовдор шигшээд барилдана. Түүнтэй өрсөлдөх хүн нь ч бараг тодорхой болов уу? Э.Гантуяа энэ жинд барилдахгүй бол Баянхонгорын Ө.Пүрэвсүрэн л бараг шигшээд барилдах эрхээ авна биз ээ.

62 кг: Мэдээж хоёр дэлхийн аварга барилддаг жин. П.Орхон шигшээд шууд барилдана. С.Батцэцэг дээд жиндээ барилвал түүнд бараг өрсөлдөгч үгүй. С:Батцэцэг энэ жиндээ барилдвал "Mongolia open"-д бие биенээ ялсан аваргууд Аса циркэд ширүүн барилдаан хийх биз ээ. Энэ жинд шилдэг охидууд байгаа ч Эгч нартайгаа барилдах хэмжээнд арай ч хүрээгүй болов уу?

 

65 кг: "Алдар"-ын Э.Цэвэгмид жингээ тэргүүлж байгаа. Дэлхийн аварга С:Батцэцэг энэ жинд барилдах эсэхээс шигшээд барилдах бөхчүүд яаж барилдах эсэх нь шалтгаална. З.Болортунгалаг, О.Оюунтуяа нар энэ жинд ширүүн өрсөлдөөн үзүүлэх бөхчүүд.

68 кг: "Хилчин"-гийн Ш.Түмэнцэцэг энэ жиндээ манлай бөх. Э.Даваанасан, М.Хишигмаа тэргүүтэй бөхчүүдээс түүнтэй өрсөлдөх бөх тодрох учиртай.

72 кг: О.Насанбурмаа энэ жиндээ дээд жиндээ ч барилдах боломжтой. Мөн О.Чанцалнямаа ч ийм боломжтой байна. Мөн Алдарын П.Номин-Эрдэнэ сорилго тэмцээнд сайн барилдах бөх.

76 кг: Алдарын Г.Ариунжаргал өрсөлдөгч бөхчүүдээ 13 оноогоор тэргүүлж байна. Харин түүнтэй барилдах эрхийн төлөө хэн ч гарах боломжтой. Б.Одончимэг, Г.Наранчимэг гэсэн хоёр хашир бөх байгаа бол О.Насанбурмаа, О.Чанцалнямаа хоёр аль жинд барилдах нь анхаарал татна.

 

Дашрамд дурдахад Азийн наадамд оролцох багийн тамирчдын нэрсийг Сорилго тэмцээний дараа зарлана.

 

Ц.ОРГИЛ

Чөлөөт бөхийн сорилго тэмцээн: Эмэгтэйчүүд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0