Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголын сагсчид Латви, Беларусын багийг хожив
5 жил өмнө   560
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монгол Улсад анх удаа болж байна. Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3Ч3 U18 World Cup-2019” ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байна.
 
Өчигдөр Монголын эрэгтэй баг Латви, Беларусын багийг хожиж хэсэгтээ АНУ-ын араас хоёр бичигдлээ. Манай сагсчид “С” хэсэгт багтсан бөгөөд Латвийг 20:16-аар, Беларусыг 21:15-аар хожсон. Энэ тэмцээнд оролцож байгаа багуудыг тэргүүлэгч, аваргаа хамгаалахаар тоглож байгаа АНУ-ын баг Латви, Гүржийн багуудыг хожжээ.
 
“С” хэсгийг АНУ, Монголын баг хоёр хожилтойгоор тэргүүлж эхэлсэн бол Гүрж нэг хожилтой удаалж байна. Харин Беларус, Латвийн багууд хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлд бичигдлээ.
 
Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болох бөгөөд Монголын баг Гүрж, АНУ-ын багуудтай тоглоно. Тоглолтууд 18:30, 20:30 цагуудаас болох хуваарьтай байна.
 
18 хүртэлх насны ДАШТ-д оролцож байгаа Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байна. Дасгалжуулагчаар С.Тулга тэргүүтэй дасгалжуулагчид ажиллаж байгаа бөгөөд тэд өчигдөр ДАШТ-ий анхны хожлоо авч түүхэн амжилтыг эхлүүллээ.
 
ДАШТ-д өрсөлдөж байгаа Монгол Улсын эмэгтэй баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ. Филиппин, Чехийн багт хожигдсон манай охидыг Нидерланд, Францын багууд хүлээж байна. Тоглолтууд өнөө орой 19:00, 20:40 цагуудаас болох хуваарьтай.
 
Монгол Улсад анх удаа багийн төрлийн ДАШТ болж байгаатай холбогдуулан Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нарын мэргэжилтэнүүд манай улсад хүрэлцэн ирээд байна.
Монголын сагсчид Латви, Беларусын багийг хожив
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0