Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2018.01.13/ Монгол бөхийн өргөөнд боллоо.
Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, мөн Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцож буйгаа онцлог аж. Тус барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов.
Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 256 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат, Алдар СХ, БХИС, Увснуур дэвжээний бөх улсын шинэ гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, Булганхангай дэвжээний бөх, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат үзүүрлэв.
Үндсэн хуулийн 26 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бай шагнал гардуулж баяр хүргэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан болов |
|