Монголын үндэсний шигшээ багийн 100 дахь гоолыг Киргизийн шигшээ багийн хаалганд оруулсан О.Мижиддоржид, дуучин Г.Ганхүү 1 сая төгрөг гардуулахаа мэдэгджээ.
Монголын Үндэсний шигшээ баг "Катар - 2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 7-нд Японы Осака хотноо Киргизийн багтай хийж, тоглолтын 34 дэх минутад О.Мижиддоржид хожлын гоол оруулснаар Монголын шигшээ баг 1:0-ээр хожсон билээ.
Монголын үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагч Масе Шүичигийн удирдлага дор тоглосон манай баг энэ тоглолтод 5 хамгаалагчтай хувилбарыг сонгосон нь үр дүнгээ өгч О.Мижиддоржийн оруулсан ганц гоолыг эцсийн мөч хүртэл хамгаалж чадлаа.
Энэ түүхэн гоол нь Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийг 1993 онд шинээр байгуулагдсан цагаас хойших 100 дахь гоол болон бүртгэгдсэн юм.
Монголын "Хөлбөмбөгийн элч", "Шар айраг"-ийн гэх тодотголтой, дуучин Г.Ганхүү хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн 100 дахь гоолыг оруулсан тамирчинд 1 сая төгрөг өгөх амлалтаа биелүүлж, уг амжилтын эзэн О.Мижигддоржийг эх орондоо ирэхэд нь 1 сая өгнө гэдгээ ийнхүү мэдэгдлээ.
Эх сурвалж. MONTSAME
Монголын үндэсний шигшээ багийн 100 дахь гооль |
|