Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр цэнгэл болох “Токио-2020” Зуны XXXII олимпын наадам өнөөдөр албан ёсоор нээлтийн ёслолоо Монголын цагаар 19.00 цагт хийнэ.
Энэхүү олимпын наадмын "Токио-2020" Зохион байгуулах хорооны ёслолын ажиллагааны гүйцэтгэх продюсер Такаюки Хиоки ярихдаа: “Олимпын наадам хойшилсон учир бид нээлтийн үйл ажиллагаагаа хялбарчлах болсон нь хамгийн хэцүү хэсэг нь байлаа. Бид ч үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа эрс шинэчлэх шаардлагатай болсон. Бараг 5 жил төлөвлөсөн зүйлээ дахин шинэчлэх хэрэгтэй болсон. Энэ бол хамгийн том сорилт байлаа” гэжээ.
Анх удаа дэргэдээ үзэгчгүй олимпын наадам ийнхүү "Хөшиг"-өө нээж байгаа гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэх юм. Цар тахлын улмаас олимпын наадмын нээлтийн ёслолд зөвхөн сонгогдсон албаны хүмүүс оролцоно. Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Хидэмаса Накамүра: “Нээлтийн ёслолд 950 гаруй тусгай зочид өнөөдрийн нээлтийн ёслолд оролцохоос тэдний 800 нь гадаадын зочид бол 150 нь Япончууд байх юм.
Мөн Токиогийн олимпын нээлтэд Японы уран бүтээлчид болох Сэйгэн Токүзава, Марихико Хара, Маяасүки Кагэй болон комедигийн хослол Хиро-Пон нар оролцох аж.
Монгол Улсын баг тамирчид Зуны олимпын наадамд 14 дэх удаагаа оролцож байгаа бөгөөд монголчууд анх 1964 онд Япон улсын Токио хотноо зохион байгуулсан XVIII олимпын наадамд оролцож байсан түүхтэй. Ийнхүү Монголын баг тамирчид 57 жилийн дараа арлын Япон орны нийслэл Токио хотноо болох XXXII олимпын наадамд өрсөлдөх гэж байна.
Энэхүү олимпын наадамд Монгол Улсаас бокс, жүдо, чөлөөт бөх, байт харваа, буудлага спорт, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 43 тамирчин хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпын наадамд 43 тамирчаа оролцуулж байсан бөгөөд уг дээд амжилтыг энэ удаа давтаж байгаа билээ.
Токиогийн олимпын нээлт 19.00 цагаас эхэлнэ |
|