Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Олимпын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн хоёр дахь удаагаа NHL-ийн тоглогчидгүй эхэлнэ
3 жил өмнө   448
Бээжингийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-ны өдөр эхэлнэ. Үндэсний хоккейн лигийн (NHL) тоглогчид БНХАУ-ын нийслэлд ирэхээр төлөвлөж байсан ч коронавирус лигийн удирдлагуудын шийдвэрийг өөрчлөхөд хүргэсэн юм.
 
Дэлхийн хамгийн хүчирхэг лигийн тоглогчидгүй олимп хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм. 2018 онд NHL хоккейчдын даатгалын нөхцөл, Олон улсын олимпын хороо (ОУОХ) телевизийн эрхээс ямар ч хувь хүртээгээгүй тул тамирчдаа Өмнөд Солонгосын Пёнчаны руу явуулахаас татгалзсан байна. NHL-ийн удирдлагууд, клубүүдийн эзэд мөн ээлжит улирлыг түр зогсоох нь ашиггүй гэж мэдэгдэж байжээ.
 
2021 оны хоёрдугаар хагасаас хойш NHL-ийн тоглогчид олимпод эргэн ирэхэд урьд өмнө байгаагүй ойрхон байв. 2020 оны долоодугаар сард лиг болон тоглогчдын үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг сунгах тухай хэлэлцээрт хоккейчдыг 2022, 2026 оны олимпод оролцуулах тухай заалт оруулжээ. 2021 оны долоодугаар сард нийтлэгдсэн NHL-ийн одоогийн улирлын хуанлид хоёрдугаар сарын 7-ноос 22-ны хооронд түр завсарлага оруулсан бөгөөд энэ нь Олимпын тэмцээнтэй (хоёрдугаар сарын 9-20-ны хооронд) давхацсан байв.
 
NHL, ОУОХ, Олон улсын хоккейн холбоо (IIHF) лигийн тамирчдыг олимпод оролцуулах талаар тохиролцсон тухай есдүгээр сарын 3-нд мэдэгджээ. Талууд даатгалын талаар амжилттай тохиролцсон боловч лигийн зүгээс коронавирусний нөхцөл байдал хурцадсан тохиолдолд санхүүгийн алдагдалгүйгээр шийдвэрээ өөрчлөх боломжтой гэсэн нөхцөлийг гэрээнд нэмж оруулахыг шаардсан байна.
 
Улирал эхлэхээс өмнө бүх зүйл NHL-ийн тоглогчид Бээжинд ирнэ гэсэн тооцоололтой өрнөж байв. 10 дугаар сарын 8-ныг хүртэл Хятадын багаас бусад бүх баг Олимпын багийн үндсэн гурван тоглогчийг нэрлээд байсан бөгөөд ихэвчлэн NHL-ийн төлөөлөгчид байв. Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд “Тампа” багийн хаалгач Андрей Василевский, түүний багийн хамтрагч довтлогч Никита Кучеров, бараг бүгд багийн ахлагч болно гэж таамаглаж байсан “Вашингтон” багийн довтлогч Александр Овечкин нарыг оруулсан байв. Канадчууд довтлогч Сидни Кросби (“Питтсбург”), Коннор МакДэвид (“Эдмонтон”), “Вегас”-ын хамгаалагч Алекс Пиетранжело нарыг, мөн “Тампа”-гийн тэргүүн Жон Куперийг ахлах дасгалжуулагчаар бусдаас түрүүлж нэрлэсэн.
 
Гэвч улирал эхэлснээс хойш хоёр сарын дараа лигт аварга шалгаруулах тэмцээнийг үргэлжлүүлэхэд хүнд нөхцөл байдал үүссэн байна. 12 дугаар сарын дундуур 100 гаруй тоглогч ковидын протоколд орсон бол 12 дугаар сарын сүүлчээр лиг тав хоногийн завсарлага авчээ. Энэ үед аль хэдийн NHL тоглогчдоо олимпод явуулахгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн бөгөөд энэ нь Хятадын тал наадмын оролцогчдод авах гэж байсан аюулгүй байдлын арга хэмжээ, тодруулбал олон хоногоор тусгаарлах дэглэмтэй холбоотой байв. 12 дугаар сарын 22-нд NHL шийдвэрээ өөрчилснөө албан ёсоор мэдэгдсэн боловч тоглогчид нь 2026 онд Италийн Милан, Кортина-д'Ампеццод болох Олимпын наадамд оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
Эх сурвалж: MONTSAME
Олимпын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн хоёр дахь удаагаа NHL-ийн тоглогчидгүй эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0