Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Пара байт харвааны ДАШТ-ээс Монголын баг хүрэл медаль хүртлээ
2 жил өмнө   338
Пара байт харвааны "Дубай 2022" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ. Тодруулбал, өчигдөр/2022.02.27/ болсон олимп, паралимпийн үндсэн төрөл болох рекурв (70 м) харвааны эмэгтэй багийн төрөлд Монголын баг (Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс) хүрэл медаль хүртэж, дэлхийн медальтан болжээ.
 
Эмэгтэй найман багаас Италийн баг дэлхийн аварга болсон бол ОХУ-ын харваачид дэд аварга боллоо.
 
Манай харваачид урьдчилсан харваалтаар тавдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд эхний харваанд Туркийн багийг 5:4-өөр хожиж, хагас шигшээд үлдсэн. Улмаар чансаагаар тэргүүлсэн ОХУ-ын багт 6:0-ээр дийлдэн хүрэл медалийн төлөө харвах болсон юм. Манай багтай урьдчилсан харваанд хоёроор гарч ирсэн Энэтхэгийн хүчтэй баг таарсан ч "Токио 2020" паралимпийн наадмын оролцогч Д.Сэлэнгээ, шигшээ багийн харваач Б.Жавхлантөгс нар маань 5:1-ээр хожин медалийн болзол хангалаа.
 
 
Энэхүү ялалт Монголын пара баг тамирчдын ДАШТ-д үзүүлж байгаа бахдам амжилт юм гэж Монголын паралимпийн хорооны зүгээс тодотгосон юм.
 
Монголын эрэгтэй баг (А.Анхбаяр 547, П.Мөнхбаатар 541 оноо) эхний тойрогт АНУ-ын багт ялагдсанаар тэмцээнээ өндөрлуулсэн. Энэ төрөлд Их Британийн баг дэлхийн аварга болсон бол ОХУ мөнгө, Ираны баг хүрэл медаль хүртжээ. Мөн холимог багийн төрөлд манай баг Тайландын багт ялагдсан аж. Монголын багийн дасгалжуулагчаар Монголын байт харвааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, парабайт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоо ажилласан бол багийн орчуулагч, албаны хүнээр шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Нямхатан оролцлоо.
Пара байт харвааны ДАШТ-ээс Монголын баг хүрэл медаль хүртлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0