Монгол Улс шигшээ баг “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний 2 дахь өдрийн байдлаар 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай тус тэмцээний дэд байрт явж байна.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг, эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг жингийн барилдаанууд болж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон бөгөөд Монголын 16 жүдоч хүчээ сорьсноос ганц мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар аваргын төлөөх барилдаанд ОУОХ-ны тугийн дор оролцож байгаа ОХУ-ын бөх М.Махмадбект вазари үнэлгээгээр хожигдож багтаа мөнгөн медаль авчирлаа. Харин энэ жингийн хүрэл медалийг Номонов Обидхон /Узбекистан/, Бутбул Тохар /Израил/ нар хүртсэн юм.
Эрэгтэйчүүдийн 81 кг жинд алт медалийн эзнээр Ли Жүн Хван/БНСУ/ шалгарсан бол мөнгө медалийг Шамил Борчашвили/Австри/, хүрэл медалийн эздээр Франк Де Вит /Нидерланд/, Таканори Нагасэ /Япон/ нар тус тус тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Набэкура Нами /Япон/ алт, Шарир Жили /Израил/ мөнгө, В.Виржита /Унгар/, Б.Камила /IJF буюу ОХУ/ нар хүрэл медаль хүртсэн юм. Харин эмэгтэйчүүдийн 70 кг жинд ОУОХ-ны тугийн дор хүч үзсэн ОХУ-ын жүдоч Таймазова Мадина аваргын алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийг Японы жүдоч Оно Еоко, хүрэл медалийг Б.Мириам /Герман/, М.Гулноза /Узбекистан/ нар тус тус хүртлээ.
Монголын жүдочид 2 дахь өдрөө мөнгөн медаль хүртлээ |
|