Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов
8 сар өмнө   277
ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөх үед одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 88 орчим хувийн саналаар ялалт байгуулсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болжээ.
 
Тухайлбал ФОМ (Формирования Общественного Мнения) судалгааны байгууллага түүнийг 87.8 хувийн санал авсан гэж тооцоолсноо мэдээлсэн байна.
 
Албан ёсны дүн урьдчилсан байдлаар гарахад энэ тоотой таарч байжээ.
 
Ингэснээр 71 настай Путин дахин зургаан жил буюу 2030 он хүртэл ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна.
 
Түүний энэ сонгуульд авсан санал нь Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойших Оросын түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа ажээ.
 
Мөн тэрбээр Иосиф Сталинийг ардаа орхиж, Оросын сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хүн болох боломжтой болж байна.
 
Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов дөрөв орчим хувийн санал авч, Путиний дараа удаалжээ.
 
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль Украины газар нутагт эзлэн түрэмгийлэх дайн гурав дахь жилдээ үргэлжилж буй цаг үетэй давхцаж байна.
 
Сонгуулийн гурван өдрийн турш Украины талаас Оросын эрчим хүчний байгууламжуудад нисгэгчгүй онгоцоор довтолж, Украинтай залгаа хилийн бүс нутагт Кремлийн эсрэг зэвсэгт бүлэглэлүүд байлдааны ажиллагаа явуулж байлаа.
 
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Путинийг эрх мэдэлд шунасан “дарангуйлагч” гэж нэрлэжээ.
 
“Түүхэнд олонтоо тохиолдож байсан шиг энэ хүн эрх мэдлээсээ болж зовж, үүрд захирахын тулд чадах бүхнээ хийж байгаа нь дэлхий нийтэд тодорхой харагдаж байна. Түүний хувьд эрх мэдлээ хадгалахын тулд хийхгүй муу зүйл байхгүй болсон” гэж Зеленский сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
 
Польш улс Оросын сонгуулийг “хууль бус” гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.
 
“Оросын ерөнхийлөгчийн сонгууль хууль бус, шударга бус, чөлөөт бус боллоо” гэж тус улсын гадаад хэргийн яам мэдэгдээд Украины эзлэгдсэн нутагт санал хураалт зохион байгуулсан нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэрэг гэж дүгнэсэн байна.
 
АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордон бас уг сонгуулийг сөрөг хүчингүй “шударга бус, чөлөөт бус” болсныг мэдэгджээ.
 
Харин Оросын төв хэвлэлүүд улс орон нь удирдагчаа “итгэмээргүй эв нэгдэлтэйгээр дэмжсэн” тухай магтан мэдээлж байна.
 
Сонгуулийн сүүлчийн өдөр Орос даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг сөрөг хүчний улс төрч Алексей Навальный агсны хамтран зүтгэгчид уриалсан юм. Өчигдөр Оросын хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нийт 74 хүн баривчлагдсаныг OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлжээ.
 
Энэ өдөр гадаадад байгаа Оросын иргэд бас эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан байна.
 
Тухайлбал Литва улсын нийслэл Вилнюс хотод болсон арга хэмжээнд 500 орчим хүн оролцжээ.
 
 
 
Эх сурвалж: Reuters
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0