Мэргэжлийн бокст хүч үзэж буй Э.Цэндбаатар өнөөдөр PROBOX холбоонд 10 дахь тулаанаа хийсэн юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Канадын тулаанч Мохамед Соумаорог ялсан бол өнөөдөр Пуэрто Рикогийн боксчин Алберто Меркадог хожлоо.
Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн Плант Сити хотын "Уайтсандс" спортын ордонд болов.
Нийт найман үе тулалдах тулааны гуравдугаар үед өрсөлдөгчийг нь эмчийн үзлэгээр цааш тулалдах боломжгүй гэж үзсэнээр Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 10 дараалан ялж байна.
Түүний өрсөлдөгч Алберто Меркадо энэ жил 36 настай, мэргэжлийн бокст 25 тулаан хийснээс 17-д нь ялсан туршлагатай нэгэн байв. Харин Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн бокст хийсэн 10 тулаандаа бүгдэд нь ялсан үзүүлэлттэй болж буй. Үүнээс тавд нь өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулган авчээ.
Э.Цэндбаатар олимпын боксын сорилгод ялснаар Тайландад болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ. Уг тулааны дараа Тайландад буй шигшээ багийнхан дээр очиж, "Парис 2024" эрхийн төлөө хүч сорих юм.
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа |
|