Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах гэсэн оролдлогын улмаас зургаан хүнийг баривчилсан талаар тус улсын Дотоод хэргийн яамны сайд мэдээллээ.
Бямба гарагт зэвсэгт хүчний ойн баярыг тэмдэглэн үг хэлж байх үеэр тус халдлага гарсан юм. Энэхүү арга хэмжээг телевизийн шууд эфирээр дамжуулж байв. Тухайн үед хүчтэй дуу гарч, ерөнхийлөгч болон тухайн үед түүний дэргэд байсан офицерүүд цочирдон дээш харж, эмх замбараагүй байдал үүсжээ.
Ерөнхийлөгчийн зогсож байсан индрийн ойролцоо хоёр тэсрэх бөмбөгтэй дрон дэлбэрсэн гэнэ. Долоон цэрэг шархдсан ч Ерөнхийлөгч Николас Мадуро бэртэж гэмтээгүй байна.
Николас Мадуро энэхүү халдлагыг хөрш улс болох Колумбийн засгийн газар тэргүүтэй барууны хүчнийхэн үйлдсэн хэмээн буруутгаж байна. Гэсэн ч нотлох баримт байхгүй. Харин Колумбийн зүгээс үүнийг ямар ч үндэслэлгүй хэрэг гэж үзлээ.
Ерөнхийлөгч тус халдлагыг үйлдсэн хэрэгтнүүдэд ямар ч өршөөл үзүүлэхгүй, ялын дээд хэмжээ онооно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Сонирхуулахад Мадурогийн эсрэг намын олон удирдагч засгийн газрын дарангуйлалаас болж улс эх орноо орхисон бөгөөд 200 гаруй улс төрийн хоригдол тус улсын шоронд байгаа аж.
Эх сурвалж: BBC
Венесуэлийн ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн хэрэгт Колумбийн засгийн газрыг буруутгав |