Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Японы ойролцоох маргаантай арлууд дээр цэрэг байрлуулах болсноо ОХУ зарлалаа
5 жил өмнө   475
Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам Японтой маргаантай байдаг дөрвөн арлын хоёр арал дээр шинээр нээгдсэн хуарангуудад ирэх долоо хоногт өөрийн цэргүүдийг шилжүүлж байрлуулахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.
 
Мөн байлдааны хуягт тэрэгт зориулсан байрыг маргаантай арлууд дээр нэмж байгуулахаар төлөвлөсөн байна.
 
Энэ шийдвэрийг зарлахын өмнөхөн Кремлийн албаныхан Японы ерөнхий сайд Шинзо Абэг ирэх оны нэгдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-д айлчлан ирэх талаар мэдээлсэн юм.
 
Айлчлалын үеэр газар нутгийн маргаан, дэлхийн хоёрдугаар дайны энхийн гэрээ зэрэг хоёр орны харилцаанд саад болж буй сэдвүүдээр яриа хэлэлцээр хийх гэж байгаа гэнэ.
 
Өнгөрсөн долдугаар сард Токиогийн эрх баригчид маргаантай арлууд дээр цэрэг армийн үйл ажиллагаа явуулахаа бууруулахыг Москвагаас шаардаж байв.
 
Гэвч Оросын тал тухайн үед ямар ч хариу өгөлгүй өнгөрсөн юм. Оросууд өмнөд Курилын арлууд, Японы тал Умард газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлыг дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн цэрэг эзэлж, хяналтаа тогтоосон байдаг.
 
Дайныг дуусгах энхийн гэрээ байгуулбал Японд дөрвөн арлын хоёрыг шилжүүлж өгөх нөхцлийг талууд тухайн үед тохиролцсон гэгддэг. Уг асуудлыг шийдэхийн тулд Японы ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар олон удаа уулзсан ч ахиц дэвшил гараагүй байна.
 
Хэрвээ арлуудыг Японд буцааж өгвөл тэдгээрт АНУ-ын цэргийн бааз байгуулагдахаас болгоомжилж байгаагаа Оросын улс төрчид ил тод хэлдэг. Өчигдрийн мэдэгдэлдээ ОХУ-ын батлан хамгаалах яам Итуруп, Кунашир арлууд дээр нийт дөрвөн хуаран шинээр байгуулагдсан бөгөөд энэ сарын 25-нд цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлүүдийг шинэ байгууламжуудад шилжүүлж байрлуулахаар төлөвлөж байна гэжээ.
 
Одоогоор Японы засгийн газар энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
 
 
 
Эх сурвалж: Japan Today
 
 
Японы ойролцоох маргаантай арлууд дээр цэрэг байрлуулах болсноо ОХУ зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0