Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулган эхэллээ
5 жил өмнө   537
БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 13 дахь удаагийн сонгуулийн чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд мягмар гарагийн өглөө эхэллээ.
 
Чуулган уламжлал ёсоор БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын үйл ажиллагааны тайлан илтгэлийг танилцуулснаар эхэлсэн байна. Тэрбээр Засгийн газрын өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж, 2019 онд Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилго, чиглэлийг танилцууллаа. Энэ илтгэлд олон баримт дэлгэсний заримыг нь хэвлэлүүд онцолж байна.
 
Тухайлбал, Хятад улс үндэсний батлан хамгаалахын тогтолцоо болон Зэвсэгт хүчинд хийж буй шинэчлэлээ үргэлжлүүлнэ. Үндэсний батлан хамгаалахын тогтолцоог шинэчилж, сайжруулна гэдгийг Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын тайлан илтгэлд онцолжээ. Хятадын Засгийн газар мөн иргэний-цэргийн интеграцын стратегийг нэвтрүүлэх бодлогоо үргэлжлүүлж, батлан хамгаалахын салбарт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт тавина. Төсвийн тайлангаас үзвэл, 2019 онд Хятад улс цэргийн төсвөө 7.5 хувиар нэмэгдүүлж, 177.6 тэрбум ам.долларт хүргэнэ. 
 
Хятадын Засгийн газар 2019 онд ядууралтай тэмцэх нийгмийн хөгжлийн хөтөлбөрт 126.095 тэрбум юань /18.82 тэрбум ам.доллар/ гаргана. Энэ нь өнгөрсөн оныхоос 18.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний ихэнх хэсгийг Сычуань, Юньнань болон Ганьсу муж, мөн Төвдийн өөртөө засах орон зэрэг ядуурлын түвшин өндөр байгаа бүс нутгийн хөгжилд зарцуулахаар төлөвлөжээ. 
 
Түүнчлэн хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад 60 тэрбум юань /8.9 тэрбум ам.доллар/ төсөвлөсөн байна. "Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх зардлыг өнгөрсөн оныхоос 25 хувиар нэмэгдүүлж, 25 тэрбум юань төсөвлөлөө. Ус, хөрс бохирдохоос урьдчилан сэргийлэхийн тулд төсвөөс 30 тэрбум болон 5 тэрбум юань тус тус гаргана. Энэ бол өнгөрсөн оныхоос 45.6 болон 42.9 хувиар өссөн үзүүлэлт юм" гэж Ли Көцяны танилцуулсан тайланд дурдсан байна. 
 
Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 3000 орчим депутат 10 өдөр үргэлжлэх чуулганы үеэр улсынхаа хөгжлийг тодорхойлох хамгийн чухал санал, шийдвэрүүд, мөн хэд хэдэн шинэ хуулийн төслийг хэлэлцэн батална. Тэдгээрийн нэг бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл юм. Уг төсөл нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэжээ. Үүнээс гадна, дотоодын бизнес эрхлэгчдэд учирч буй татварын дарамтыг багасгах зорилготой Засгийн газрын төлөвлөгөөг хэлэлцэн батална. Хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ төлөвлөгөө нь татвар, хураамжийг 1.3 их наяд юаниар /194 тэрбум ам.доллар/ бууруулах боломж олгоно. Эдгээр арга хэмжээний зорилго нь үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, "хувийн компаниудын итгэлийг бэхжүүлэх" явдал юм.
 
БХАТИХ-ын чуулган гуравдугаар сарын 15-нд өндөрлөж, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд уламжлалт хэвлэлийн бага хурлаа зохион байгуулна.
 
А.ЦЭЛМЭН
 
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулган эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0