Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Найман жилийн өмнө тохиолдсон байгалийн гамшгийг япончууд өнөөдөр дурсаж байна
5 жил өмнө   494
Найман жилийн өмнө Японы зүүн хойд нутагт тохиолдсон байгалийн гамшгийг өнөөдөр тус улсын иргэд дурсан санаж байна.
 
2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр газар хөдлөлт, цунами тохиож, улмаар цөмийн эрчим хүчний станцад осол гарснаас 15,000 гаруй хүний амь үрэгдсэн юм.
 
Гамшгийн бүс нутгаас 470,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлснээс өнөөдөр 52,000 орчим нь орон гэртээ эргэж хариагүй хэвээр байна. Ивате, Мияги, Фүкүшима мужуудын оршин суугч голдуу 15,897 хүн амиа алдаж, 2,533 хүн одоо болтол сураггүй байгаа юм.
 
Газар хөдлөлтийн дараа цунами үүссэнээс Фүкүшимагийн Дайчи цөмийн цахилгаан станцын зургаан реактор усанд автаж, их хэмжээний цацраг идэвхит материал гадагш алдагдаж, дэлбэрэлт болсон байна.
 
Фүкүшима мужийн газар нутагт цацраг идэвхит туяаны хэмжээ жилээс жилд буурч, хоргүйжүүлэх ажил өрнөж байгаа ч орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлсөн хэвээр байгаа.
 
Өнөөдөр Токиогийн Үндэсний Театрт болсон дурсгалын арга хэмжээнд ерөнхий сайд Шинзо Абэ, эзэн хааны гэр бүлийн гишүүд оролцож, гамшиг эхэлсэн 14:46 цагт нэг минут дуугаа хурааж, амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх ёслол болжээ.
 
Гамшгаас нэг жилийн дараа Японы засгийн газар сэргээн босгох хороо байгуулсан нь 2021 оны гуравдугаар сард үйл ажиллагаа нь дуусч, тарах төлөвлөгөөтэй байгаа.
 
Гэхдээ хохирогчдод дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгцээ тасрахгүй байгаагийн улмаас тус хороог өөр нэрээр дахин байгуулж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
 
 
 
Эх сурвалж: Kyodo News
Найман жилийн өмнө тохиолдсон байгалийн гамшгийг япончууд өнөөдөр дурсаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0