Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Дэлхийн шилдэг компанийг хөөсөн Монголын төмөр замын төсөл
5 жил өмнө   557
"ProPublica.org" эрэн сурвалжлах сайт дээр гарсан Монголын "Шинэ төмөр зам" төслийн талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Одоогоос есөн жилийн өмнө буюу 2010 онд Хятадын эдийн засгийн өсөлтөөс үүдэн уул уурхайн түүхий эдийн эрэлт ихэсч, үүнтэй зэрэгцэн нүүрс зэсийн асар их нөөцтэй ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн Монгол Улсыг гадны томоохон компаниуд сонирхож эхэлсэн юм. Аварга том гүрэнтэй хил залгаа оршдог Монгол Улсын хувьд нүүрс, зэсээ урд хөрш рүүгээ экспортолж үлэмж хэмжээний мөнгө олох гайхалтай аз завшаан тохиосон гэж хэлж болно. Энэхүү боломжийг ашиглахын тулд монголчуудад нүүрсээ зөөх хэдэн зуун километр төмөр зам барих шаардлага тулгарсан билээ. Төмөр замаа ч барихаар болж олон улсын нэр хүндтэй банк, зөвлөх компаниудтай хамтарч ажиллахаар тохиролцож тэдгээр компаниудад олон тэрбум ам.долларын төлбөр төлсөн. Хэрэв төмөр зам баригдчихвал зарлагадсан мөнгөө хэд дахин нугалж үр шимийг нь хүртэх байв.
Ингээд Монгол Улсын Засгийн газар АНУ-ын “Mckinsey & Company” гэх зөвлөх компанийг төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах, санхүүжилтийн арга зам, суурь бүтэц барих барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн баримт бичгийг боловсруулахад хөлслөхөөр болж, тус компанийн төлөөлөгч Жимми Хекстер гэгч Монгол Улсын Засгийн газартай шинэ төмөр замын талаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн. Тэрбээр Азийн олон улсуудад томоохон дэд бүтцүүдийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн байсан учир монголчуудад ч таалагдав.
2010 оны эхээр АНУ-ын Төрийн департментаас Монгол Улсад авлига хээл хахууль цэцэглэн хөгжиж, төрийн өндөр албан тушаалтнууд болон хувийн хэвшлийнхний дунд ашиг сонирхлын зөрчил их байна. Тиймээс шат шатан дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг ирүүлэн шалгах хэрэгтэй гэсэн анхааруулга гаргаж байв. Тус анхааруулга гарснаас жил орчмын дараа “Mckinsey” компанийг эрсдэлд орж магадгүй гэж АНУ-ын дипломатууд сануулсан. Хэдийгээр тэд Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан ч Засгийн газрын зөвлөх нь хувийн компанитай байгаа нь маш том эрсдэл гэж тэмдэглэсэн юм.
Тухайн үед Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Ганбат "Шинэ төмөр зам"-ын төсөл дээр гол үүргийг гүйцэтгэсэн. Монголын төмөр зам /МТЗ/ ТӨХК нь зөвлөх Ч.Ганбатын саналаар АНУ-ын “McKinsey” компанийг  төмөр замын төслийг боловсруулахад хөлслөн авсан байна. “McKinsey” компанид төлсөн мөнгө нь гэрээний төлбөрийн стандарт 4 сая ам.доллараас их буюу 5,6 сая ам.доллар байлаа. Үүнийгээ тайлбарлахдаа энэ төсөл хэрэгжээд эхэлбэл тус компанитай илүү олон жилийн ашигтай гэрээг байгуулна гэж байжээ.
 
"Шинэ төмөр зам" төсөл маш хурдтайгаар буруудаж эхэлсэн. Санхүүгийн асуудал, улс төрийн тодорхой бус байдлаас болж төмөр замын ажил зогсонги байдалд орсон. Ингээд 2015 оноос төмөр замын төслөөс  их хэмжээний мөнгө шамшигдуулсан, залилан хийсэн гэх үндэслэлээр холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн юм. Мэдээж “McKinsey” ч үүний хажуугаар зүгээр өнгөөрөөгүй. Мөндөн шалгах ажлын хүрээнд тус компанийг мөн шалгаж, шинэ төмөр замын төсөлтэй холбоотой бүх баримт сэлтүүдийг цагдаагийн байгууллагад өгөхийг шаардсан. “McKinsey” компанийг шалгаж эхлэхэд тус компанийн Азийг хариуцсан партнер Кевин Снидер  Монгол Улсын Ерөнхий сайд руу “McKinsey” компани ямар ч буруу зүйл хийгээгүй гэсэн утгатай захидал бичжээ.
 
Тус захидалд “McKinsey” компани нь мэргэжлийн түвшинд, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталж ажилладаг гээд тус компанитай хамтран ажиллах нь монголын гадаад худалдааны ирээдүй маш өгөөжтэй байх болно гэдгийг тэмдэглэсэн байв. Мөн Монгол-Америкийн бизнес эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлж, гуравдагч хөрш орноос илүү их хөрөнгө оруулалт татах Монгол Улсын сонирхлыг ч дэмжиж буйгаа илэрхийлсэн байжээ. Захидлын төгсгөл хэсэгт монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй “McKinsey” компанийн цаашдын зорилго зорилтын талаар нүүр тулан уулзаж хэлэлцэхийг хүсч буйгаа дурдаад захидалд ямар нэгэн зүй бус зорилго агуулаагүй гэдгээ илэрхийлсэн байлаа.
Монголын Прокурорын байгууллага “McKinsey” компанид хариуцлага тооцоогүй. Гэвч “McKinsey” компани гадны бусад улс орнуудад үйлчилгээ үзүүлэхдээ ч мөн янз бүрийн хэл ам дагуулж байсан гэх мэдээллүүд монголын хэвлэлүүдийн нүүрийг чимэх болов. Өмнөд Африкт үйл ажиллагаагаа явуулж буй “McKinsey” компанид монголынхтой төстэй зөрчил илэрсэн. Саудын Араб дахь компани нь төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг ажилд авсан нь АНУ-ын авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэх мэт зөрчлүүд ил болж байсан ч “McKinsey” аль алиныг нь эрс эсэргүүцэж огт хууль бус зүйл хийгээгүй гэж мэдэгдсэн.
 
“McKinsey”-ийн монгол дахь төсөл нь АНУ-ын Холбооны хуулийн Хилийн чанд дахь авлигын эсрэг хуулийг  /FCPA/ зөрчсөн гэж үзэж байв. Эхний үндэслэл нь “McKinsey” –тэй хамтарсан төслийн хүрээнд Монгол Улсын өндөр албан тушаалтны хөрөнгө үлэмж хэмжээгээр өссөн явдал. Төмөр замын ТЭЗҮ-ийн гэрээний төлбөр 4 сая ам.доллар байх ёстой атал “McKinsey”-д  5,6 саяыг өгсөн гэсэн нь прокурорын байгууллагын сэжгийг төрүүлэв. Олон улсын фирм компаниудад авлигын эсрэг хууль, гуравдагч талын зөвлөгөө өгдөг “TRACE International” компанийн ерөнхийлөгч Александр Врэйж  монголын прокуроруудын таамгийг зөв гэж дүгнэв.
 
Гэсэн ч “McKinsey” FCPA хуулийг зөрчсөн нь батлагдаагүй. Тус компанийн төлөөлөгч “Бид ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй. Манай компанийн ажилчдаас хэн нэг нь авлига авсан, авахыг оролдсон гэсэн ямар ч нотлох баримт олоогүй.Бидний үзүүлж буй үйлчилгээ нь харилцагчдын маань хувьд маш чухал ач холбогдолтой төдийгүй тухайн улс орны хөгжилд ч эерэг үр нөлөөтэй. Энэ төсөл бараг арваад жилийн өмнө дууссан. Үүнээс хойш бид олон улсын түвшинд компанийн бодлогоо тэлж, эрсдэлийг тооцох, хувийн болон төрийн өмчит аж ахуй нэгжүүдтэй хэрхэн харилцах зэрэг бүхий л түвшинд бодлогоо шинэчилсээр ирсэн” хэмээн хэлсэн байна.
 
Дээрх төмөр замын төсөл дээр ажиллаж байсан тухайн үеийн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга, МТЗ ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяа, зөвлөх Ч.Ганбат гэсэн  гурван хүнд авлигын хэргээр хавтаст хэрэг үүсгэсэн. Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж,  төмөр замын төслөөс  мөнгө завшсан гэж буруутгасан ба Ч.Ганбат нь “McKinsey”-тэй хийсэн гэрээгээр дамжуулж 1,6 сая ам.долларыг өөрийнхөө компанид шилжүүлэн авсан байдаг. Дээрх гурван албан тушаалтан нь уг хэргийг улс төрийн зохиомол явуулга хэмээн эрс няцаасан. Ч.Ганбат нэгэн ярилцлагадаа Зам тээврийн яамтай тийм ч дотно харилцаатай биш гэдгээ хэлж байсан.
 
Төмөр замтай холбоотой авлигын хэрэг нээлттэй хэвээр үлдсэн. Гэвч 2017 оны зун энэ хэрэгт маш том өөрчлөлт гарсан. Дээрх хэрэгт холбогдсон гурван эрийн нэг нь ч ял авч, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов.  Шүүмжлэгчид Х.Баттулгыг хэргийг хүчээр хааж байна гэж үзсэн. Улс төрийн энэ том өөрчлөлт “McKinsey”-д сайнаар нөлөөлсөн. Төмөр замын гэх хэргээс болоод “McKinsey” компанийн монголд үйл ажиллагаа явуулах эрхийг нь  доод тал нь нэг жилээр хасаад байсан ба Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор тэднийг эрхийг тэр даруй сэргээсэн. Самбо бөхийн аварга, бадриун биетэй Х.Баттулга нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө монголын тэргүүн баячуудын эгнээнд жагсдаг төдийгүй ард иргэдийн дунд нэр хүнд ч сайтай байв. Францис Форд Копполагийн алдарт “Загалмайлсан эцэг” киноны жүжигчний өмсдөг хар шляпан малгайгаар гоёх дуртай тэрбээр тус кинон дээр гардаг “Женко” компанийн нэрээр өөрийн компаниа нэрлэсэн байна. Х.Баттулгын “Женко” компани шөнийн цэнгээний газраас хэлээд такси үйлчилгээ, зочид буудал, хүнс гээд маш олон салбарт амжилттай яваа.
 
Харин Ч.Ганбат гэгчийн хувьд АНУ-д найман жил амьдрахдаа их сургуульд сурч төгсөөд Нью-Йорк хотын “ Commerzbank” банканд ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн юм. Цэмцгэр хослол өмссөн, залуухан, царайлаг, англи хэлээр ус цас шиг ярьдаг, мэдлэгтэй залуу Ч.Ганбат эх орондоо ирээд удалгүй Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын итгэлт хүн болсон байна. Х.Баттулга 2009 онд 35 настай Ч.Ганбатыг өөрийн зөвлөхөөрөө томилж, шинэ төмөр замын төслийг хариуцуулсан. 2010 оны хавар Ч.Ганбат төмөр замын төсөлд хөрөнгө оруулагч олохоор Засгийн газрыг төлөөлөн Европ руу ниссэн. Тухайн үед тэрбээр “Liberty Partners” хэмээх өөрийн компаниа байгуулж байжээ.
 
Тухайн оныхоо намар нь Ч.Ганбат “McKinsey”-ийн Хекстертэй танилцсан бөгөөд тэр хоёрын ашиг сонирхол ч нийцэж төмөр замын төсөлд хамтран ажиллахаар болов. Түүнээс өмнө тус төсөл дээр ажиллахаар АНУ-ын “Pillsbury Winthrop Shaw Pittman”, Францын “BNP Paribas” компаниуд нэрээ өгсөн байсан юм.
 
93 жилийн түүхт “Mckinsey” компани нь олон арван жилийн турш үндэстэн дамнасан томоохон групп, корпорациудад зөвлөгөө өгч тэдгээр компаниуд нь ч амжилттай оршин тогтносоор ирсэн байдаг. Гэвч Хүйтэн дайны дараах эдийн засгийн шаардлагаар компани бодлогоо шинэчилж хүрээгээ тэлэх ёстой болсон юм. Ингээд дэлхийн 23 орны 44 хотод үйл ажиллагаагаа явуулдаг байсан “McKinsey” компани 1989 оноос 2019 оныг хүртэл дэлхийн 66 улсын 130 хотод өөрийн үйлчилгээгээ үзүүлж байна. “McKinsey”-ийн хөрөнгө өнгөрсөн оны байдлаар 10 тэрбум ам.доллар байжээ. Энэхүү бизнесийн тогтвортой байдлаа хадгалахын тулд монгол мэтийн жижиг орнуудад ч гэсэн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болсон. Аливаа улсын Засгийн газартай гэрээ хийнэ гэдэг нь илүү ил тод, нягт нямбай байдлыг шаардаад зогсохгүй хяналт шалгалт ч тэр чинээгээрээ өндөр байдаг. Монгол Улс “McKinsey” –д уул уурхай, дэд бүтэц гэсэн хоёр салбарт үйл ажиллагаагаа явуулах боломж олгосон. “McKinsey” уул уурхайн салбарыг сонгож монголын Засгийн газарт төрийн өмчит уурхайнуудын хувьчлах талаар зөвлөгөө өгч эхэлжээ. Харин дараа нь Ч.Ганбат дэд бүтцийн салбараа санал болгосон.
 
АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд Засгийн газрын ямар нэг албан тушаалтад хувийн компанитай байгаад түүнтэй нь гадны компани дотно түншилж байна гэдэг бол энгийн үзэгдэл биш. Ялангуяа уул уурхай хөгжиж буй орнуудад авлига хээл хахууль цэцэглэн хөгжсөн байдаг хэмээн дурдсан байжээ. Тухайн үед монголын  нэгэн албан тушаалтан Ч.Ганбатад хандаж “Монгол Улсын Засгийн газрын сайдын зөвлөхийн үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол ямар нэгэн хувийнхаа компанийг төлөөлж биш улсын нэрийн өмнөөс ажиллаж байна гэсэн үг” хэмээн хэлсэн байна.
 
Удалгүй “Liberty Partners” болон “McKinsey”-тэй хийсэн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө Ч.Ганбат сайдын зөвлөхийн ажлаа өгөв. Тухайн үед Ч.Ганбаттай төмөр замын төсөл дээр ойр ажиллаж байсан хүмүүс түүнийг ажлаа хүлээлгэн өгсөн ч тус төсөл дээр зөвлөхөөр ажилласан хэвээр байгаа гэж ярьж байв. Яамны и-мэйл хаяг, утастай тэрбээр Хятадын хөрөнгө оруулагчидтай уулзахдаа өөрийгөө Зам тээврийн яамны сайд Х.Баттулгын   төлөөлөгч гэж танилцуулж байсан байгаа юм. АНУ-ын Өмнөд Иллинойсын их сургуулийн профессор Майкл Коэлер “Хэрэв тухайн хү яамны утас, и-мэйлтэй, дээр нь Засгийн газрыг төлөөлж уулзалт хэлэлцээнд оролцсон бол АНУ-ын Хууль зүйн яам түүнийг Монгол Улсын төрийн албан тушаалтан гэж үзнэ” хэмээн тайлбарласан байна.
 
“McKinsey” компани ч энэ том төсөл дээр ажиллах гэрээ хийхдээ Ч.Ганбатын ажил албан тушаал болон түүний хувийн компанийн талаар ямар ч хяналт шалгалт тавиагүйгээ хүлээн зөвшөөрчээ. Учир нь хамтран ажиллах явцад ямар ч таагүй зүйл тохиолдоогүйн дээр дэлхийн алдартай хуулийн фирмүүдийн нэг “Pillsbury” өмнө нь түүнтэй хамтарч ажиллаж байсан болохоор итгэлтэй байсан гэв.
 
Хожим хяналт шалгалтаар Х.Баттулга нь Ч.Ганбатын “Liberty Partners”-ийг төсөлд оролцуулахын тулд МТЗ ТӨХК-ийн захирлыг гэнэт сольж өмнө өөрийнх нь бие хамгаалагч байсан  Б.Батзаяаг оронд нь томилжээ. Мөн хууль зөрчин  ямар ч тендер зарлалгүй компаниудыг сонгосон байгаа юм. Эцэст нь ТЭЗҮ-ийн гэрээний 4 сая ам.долларын үнийг 5,6 сая болгон өсгөж мөнгө завшсан гэж прокурорын байгууллага Х.Баттулга, Ч.Ганбат нарыг буруутгав.
 
“McKinsey”-ийн зүгээс тайлбарлахдаа гэрээний үнийг ингэж ихээр нэмсэн гэх нотлох баримт байгаагүй. Ч.Ганбат бидэнд өөрөөр тайлбарласан. Тэр хэлэхдээ гэрээний үнэ хууль ёсны дагуу тодорхой хэмжээгээр буюу 400,000 орчим ам.доллараар нэмэгдсэн. Энэ мөнгийг төмөр зам тавих газрын хөрсийг судлах, гэрээт судлаачдын ажлын хөлс гэж хэлсэн.
 
“McKinsey” болон Ч.Ганбат нар төслийн ажлыг авахын тулд гэрээний явцад ямар нэгэн хууль бус зүйл байгаагүй гэдгийг нотлох гэж маш их хичээсэн. Гэвч эцэст нь маш олон зөрчил илэрчээ. Гэрээ ч хүчин төгөлдөр болж “McKinsey”, ”Liberty partners” шинэ төмөр замын ТЭЗҮ-г хийж гүйцэтгэх ажил эхлэв. 2011 оны дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл “McKinsey”-ийн зөвлөхүүд долоо хоног бүр монголд ирж Х.Баттулга, Ч.Ганбат нар ч тэднийг хүлээн авч уулзаж байв. ТЭЗҮ ч гарч шинэ төмөр замыг хэдэн тэрбум ам.долларын өртгөөр барьж дуусгана. Харин тэрхүү мөнгөө 9,5 жил орчмын хугацаанд эргүүлэн төлөх боломжтой талаар “McKinsey” танилцуулав. Олон сая ам.доллар зарцуулж байж хийлгэсэн ТЭЗҮ-нь алдаатай болж таарч хоёрхон жилийн дотор бүх зүйл талаар болов.
 
“Монголд хэрэгжинэ гэсэн томоохон дэд бүтцийн төслүүдийн нэгэн адил төмөр замын төсөл ч мөн улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, алдаатай бодлого, авлигын бай болоод өнгөрлөө” хэмээн Бритиш Колумбиа их сургуулийн эрдэмтэн, Монгол судлаач Жулиан Диеркс хэлсэн байна.
 
2015 оны намар цагдаагийн байгууллага “McKinsey”-ийг шалгаж эхлэв. Үүнтэй зэрэгцэн МТЗ ТӨХК,Ч.Ганбатын “Liberty Partners” компанийн байруудад  нэгжлэг хийж, төмөр замын төсөлтэй холбоотой баримт бичгүүд, гэрээнүүд, Ч.Ганбатын компьютер зэргийг нь хураан авчээ.  Хэдийгээр “McKinsey” мөрдөн шалгах ажиллагааны гол объект биш байсан ч бүх зүйлийг нарийн шалгах шаардлага байсан учир тус компанийн байранд нэгжлэг явуулсан байна. “McKinsey” я мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, дотооддоо хяналт шалгалт явуулж хамтарч ажиллахаа мэдэгдэв.
Дэлхийн шилдэг компанийг хөөсөн Монголын төмөр замын төсөл
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0