Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Камала Харрис Жо Байденийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ
5 жил өмнө   455
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нэр дэвшигч Жо Байденийг дэмжигч, улс төрчийн тоо нэмэгдсээр байна. Ардчилсан намын тун ирээдүйтэй эмэгтэй улс төрч гэгдэж буй Камала Харрис дэд Ерөнхийлөгч асан Жо Байденийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Америкийн хуульч, улс төрч Камала Харрис твиттер хуудсандаа “Жо Байден улс эх орныхоо төлөө нэр төртэй зүтгэсээр ирсэн. Тэр бидэнд одоо илүү их хэрэгтэй байна” гэж бичжээ. Ардчилсан намын гишүүдийн дунд нэр хүнд нь огцом өсч байгаа Харрис өнгөрсөн 12 дугаар сард Ардчилсан намын сунгааг орхисон юм.
 
Өдгөө 55 настай Камала Харрис твиттер хуудсандаа “Би Жо Байденд үнэхээр их итгэдэг. Би түүнийг удаан хугацааны турш мэднэ. Бидэнд ард иргэддээ анхаарал тавьдаг, мөн тэднийг нэгтгэж чадах удирдагч хэрэгтэй байна" гэж мөн бичжээ. Өнөөдөр Детройт хотод болох Жо Байденийн сонгуулийн кампанит ажилд Камала Харрис оролцоно гэдгээ илэрхийлсэн байна. Камала Харрис нь 2017 оноос хойш АНУ-ын Калифорни мужийн сенатчаар ажиллаж байгаа өнгөт арьст улс төрч юм. Энэ үйл явдал сүүлийн үед сонгуулийн кампанит ажил нь эрс эрчимжээд байгаа Жо Байдений нэр хүндэд тун эерэгээр нөлөөлж байгааг судлаачид онцолжээ.
 
Үүнээс өмнө Ардчилсан намын сунгаанаас нэрээ татсан Пит Буттижич, Эми Клобучар нар мөн л Жо Байденийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар Ардчилсан намын сунгааг АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден тэргүүлж байгаа бол түүний гол өрсөлдөгчөөр Вермонт мужийн сенатч Берни Сандерс нэрлэгдэж байгаа юм.
 
Өдгөө 77 настай Жо Байден өнгөрсөн долоо хоногийн супер мягмар гарагийн сунгаагаар нийт 14 мужаас 10-д нь ялалт байгуулснаар Ардчилсан намын сунгааг тэргүүлж эхэлсэн юм. Сонирхуулахад, АНУ-ын Хүний эрхий төлөө тэмцэгч, өнгөт арьст улс төрч Жесси Жэксон Вермонт мужийн сенатч Берни Сандерсийн кампанит ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
 
Тэрбээр Берни Сандерсийн дэвшилтэд нийгэм, эдийн засгийн бодлогууд Америкийн өнгөт арьстнуудад аж амьдарлаа сайжруулах тун таатай боломжийг олгоно гэж хэлсэн байна.
 
Ц.ОРГИЛ
Камала Харрис Жо Байденийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0