АНУ-ын “The New York Times”, “The “Washington Post” болон “The Wall Street Journal” сонины зарим сэтгүүлчийн магадлан итгэмжлэлийг цуцалж байгаагаа БНХАУ-ын эрх баригчид мягмар гарагт мэдэгджээ.
“АНУ-д үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоог цөөлж, албадан гаргасны хариуд "The New York Times”, “The Washington Post” болон “The Wall Street Journal” сонинд ажилладаг Америкийн иргэншилтэй сэтгүүлчдийг үнэмлэхээ 10 хоногийн дотор буцааж өгөхийг шаардаж байна. Тэдэнд БНХАУ болон тус улсын засаг захиргааны тусгай бүс Хонконг, Макаод сэтгүүлчийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” гэж Хятадын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.
Үүнээс гадна, “Voice of America”, “The New York Times”, “The Washington Post”, “The Wall Street Journal”, “ The Time” гэсэн Америкийн хэвлэл мэдээллийн таван хэрэгслээс БНХАУ дахь салбарынхаа ажилтнууд, санхүү болон тус улсад явуулж буй үйл ажиллагааныхаа талаар бичгээр мэдээлэл өгөхийг шаарджээ.
Хэрэв АНУ нутаг дэвсгэрт нь байрладаг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хавчиж хяхсаар байвал Хятад хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгдэлд дурдсан байна.
Хятадын төрийн мэдлийн таван хэвлэл мэдээллийн хэрэгслийн Америкийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах журмыг АНУ-ын засаг захиргаа хоёрдугаар сард чангатгажээ. Энэхүү журамд "Синьхуа" агентлаг, “CGTN” телевизийн суваг, “Хятадын олон улсын радио” болон “Жунго Жибао”, "Жэньминь жибао" сониныг АНУ-д түгээдэг “Hai Tian Development USA” компани хамаарч байна.
Шинэ журмын дагуу Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гадаадын Элчин сайдын яамдад үйлчилдэг журмыг баримтална. Тэд АНУ дахь ажилтнуудынхаа жагсаалтыг гаргаж, боловсон хүчнийхээ халаа сэлгээний талаар тайлагнахаас гадна, өөрийн эзэмшдэг эсвэл түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгийг Төрийн департаментад бүртгүүлэх ёстой аж.
БНХАУ Америкийн зарим сэтгүүлчийн магадлан итгэмжлэлийг цуцалжээ |