Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Их Британид хорио цээрийн дэглэм тогтоосныг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ
4 жил өмнө   433
 
Коронавирусний дэгдэлттэй холбогдуулан Их Британид хорио цээрийн дэглэм тогтоосныг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ. Хатуу хязгаарлалтын арга хэмжээ даваа гаргийн оройноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дор хаяж гурван долоо хоног үргэлжилнэ. 
 
“Вирусний тархалтыг хязгаарлах нь маш чухал байна. Учир нь бид ийм арга хэмжээ авснаар эрүүл мэндийн тогтолцоонд олон хүний амь насыг аврах боломжийг бүрдүүлнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Их Британийн иргэдэд зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, үндсэн хэрэгцээт зүйлс, биеийн тамирын дасгал хийх (өдөрт нэгээс илүүгүй удаа ганцаараа эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ хамт), эрүүл мэндийн шалтгаанаар, эсвэл маш чухал гэж үзсэн ажлаар гадагш гарахыг зөвшөөрнө. Хүнсний бүтээгдэхүүн болон нэн түрүүнд шаардлагатай барааны дэлгүүрүүдээс бусад бүх дэлгүүрийг хаахаар болсон байна. Нэг гэр бүлийн гишүүдийнх л биш бол нэг дор цугларах хориотой. Жонсоны хэлснээр, одооноос эхлэн спорт, тоглоомын талбай, мөн шашны байгууллагууд хаагдана. Мөн оршуулгаас бусад хурим, загалмай зүүлгэх зэрэг ёслолуудыг  хоригложээ. Эдгээр журмыг дагаж мөрдөхгүй байгаа хүмүүст торгууль ногдуулахыг цагдаагийн байгууллагад даалгасан байна.
 
“Бид бүгдийн хувьд вирусний тархалттай тэмцэхийн тулд илүү их зүйлийг хийх цаг нь болжээ. Өнөө орой би Их Британийн ард түмэнд маш энгийн даалгавар өгч байна. Та бүхэн гэртээ үлдэх хэрэгтэй. Энэ бол айл өрхийн хоорондох өвчний тархалтыг зогсоохын тулд бидний хийх ёстой хамгийн гол зүйл юм. Тиймээс хүмүүст маш цөөн шалтгаанаар гэрээсээ гарахыг зөвшөөрнө” гэж Жонсон хэлжээ. Тэрбээр Даунинг гудамжин дахь ажлын өрөөнөөсөө ард түмэндээ хандаж үг хэлснийг ВВС телевизээр шууд дамжуулсан байна. Жонсон авсан арга хэмжээгээ байнга эргэн харж байхаа амлав. “Гурван долоо хоногийн дараа хэрэв нөхцөл байдал өөрчлөгдвөл бид эдгээр арга хэмжээг сулруулах боломжтой” гэж тэрбээр хэлсэн байна. 
 
 
 
Даваа гаргийн байдлаар Их Британид коронавирусний халдвар авсан хүний тоо 6650 болж, 355 хүн нас баржээ. Эдгээр үзүүлэлт нь халдвар адилхан үе шаттайгаар тархаж байгаа Итали улсынхаас илүү хурдан өсөж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Халдвар авсан хүний тоо батлагдсан тохиолдлын тооноос хамаагүй их байж болзошгүй гэдгийг Их Британийн Засгийн газар хүлээн зөвшөөрчээ. 
Их Британид хорио цээрийн дэглэм тогтоосныг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0