Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
БНХАУ шинэ зөөгч пуужингаар сансрын шинэ хөлгөө хөөргөжээ
4 жил өмнө   266
БНХАУ мягмар гарагт "Чанжэн-5B" шинэ зөөгч пуужингаар сансрын шинэ үеийн хөлгийнхөө загварыг хөөргөлөө гэж тус улсын Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлжээ.  
 
Пуужинг Хайнань арлын Вэньчан сансрын буудлын “LC-101” хөөргөх цогцолбороос орон нутгийн цагаар 18 цагт хөөргөсөн байна. "Чанжэн-5B" пуужингаар сансрын жолоодлогот хөлгийн болон ачааны буцах капсулын загварыг хөөргөсөн бөгөөд нислэгийн 8 минут 15 секундийн дараа пуужингаас салж, урьдчилан тогтоосон тойрог замд оржээ.
 
Энэ удаагийн хөөргөлт нь шинэ зөөгч пуужин төдийгүй сансрын жолоодлогот шинэ хөлгийн загварыг /Crew Spacecraft/ анх удаа туршсанаараа онцлог юм. Сансрын хөлгийн загвар тойрог замд хэр удаан байх, тойрог замаас хэдийд гарах талаар БНХАУ-ын Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд одоогоор мэдээлээгүй байна. Харин CGTN телевизээр мэдээлснээр, хөлөг тойрог замд хоёр хоног байх аж.
 
Шинэ зөөгч пуужингийн хөөрөх үеийн жин нь 849 тонн бөгөөд 53.7 метр өндөр, 5 метрийн диаметртэй байна.  Энэхүү пуужин нь одоогоор Хятадын хамгийн “хүчирхэг” пуужинд тооцогдож байгаа "Чанжэн-5"-ын шинэчлэн сайжруулсан хувилбаруудын нэг юм. "Чанжэн-5B" зөөгч пуужин нь 22 хүртэл тонн жинтэй ашигтай ачааг дэлхий орчмын тойрог замд хүргэх хүчин чадалтай ажээ. 
 
Сансрын шинэ хөлгийн хувьд тойрог замын сансрын станц байгуулах хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн бөгөөд Зөвлөлтийн “Союз” хөлгийн загварт үндэслэн бүтээсэн Шэньжоу хөлгийн сайжруулан шинэчилсэн хувилбар юм. Сансрын уг хөлөг нь хуучин загвар шиг гурав биш зургаан сансрын нисэгчийн багтаамжтай байна.
 
Эх сурвалж: Риа-Новости
БНХАУ шинэ зөөгч пуужингаар сансрын шинэ хөлгөө хөөргөжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0