Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ДЭМБ: Коронавирусний тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг асар болгоомжтойгоор цуцлахыг уриаллаа
4 жил өмнө   364
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн /ДЭМБ/ Тедрос Адханом Гебрейесус коронавирусний тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг асар болгоомжтойгоор цуцлахгүй бол тэдгээрийг дахин тогтоох эрсдэл үүсэж болзошгүй гэж анхаарууллаа.
 
“Улс орнууд хөл хориог асар болгоомжтой, үе шаттайгаар цуцлахгүй бол дахин тогтоох эрсдэл маш өндөр байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Зорчих хөдөлгөөний хязгаарлалт зэрэг бусад хяналтын арга хэмжээнүүдийг цуцлахын өмнө эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг сайтар хангах хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
 
Энэтхэгт энэ долоо хоногоос хөл хорионы арга хэмжээнүүдийг сулруулж эхэлсний дараа халдварын тохиолдлын тоо, нас барсан хүний тоо огцом нэмэгджээ. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улсыг Европын орнууд, АНУ-тай харьцуулахад халдварын түвшин харьцангуй бага байгаа нь хатуу хөл хорио тогтоосны үр дүн юм. Тус улсад өдөрт халдвараар нас барсан хүний тоо гурван долоо хоног орчмын өмнө хэдэн арваар нэмэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд 100 давжээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Энэтхэгт 52340 хүн халдвар авч, 1768 хүн нас баржээ.
 
 
Бразил, АНУ-д ч мөн халдвартай үргэлжлүүлэн тэмцсээр байгаа боловч цаашид илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Бразилын нэг сая орчим оршин суугчтай Сао-Луис хот, Маранхао мужийн гурван хотод анх удаа бүрэн хөл хорио тогтоожээ. Латин Америкийн орнуудын дундаас халдвар хамгийн их тархсан Бразилд ийм шийдвэр гаргасан нь эрүүл мэндийн тогтолцоо тун удахгүй ачааллаа дийлэхээ больж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг харуулжээ. Маранхао мужийн захирагч Флавио Диногийн мэдээлснээр, төрийн мэдлийн, нийтийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн орнуудын 95 хувь нь дүүрсэн байна.
 
“Associаted Press” агентлагийн дүн шинжилгээнээс үзэхэд, АНУ-д халдвар хамгийн их тархсан Нью-Йорк хотоос бусад бүс нутгууд дахь халдварын түвшин өссөөр байгаа ажээ. “Алдаа бүү гарга. Вирус бидний эргэн тойронд одоог хүртэл хэсүүчилж байна” гэж Канзас муж улсын Шони тойргийн Эрүүл мэндийн газрын дарга Линда Окс хэлжээ.

Цар тахал нэмж тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газрууд хөл хорио тогтоосны улмаас дэлхий даяар эдийн засаг зогсонги байдалд орсон юм. Европын удирдагчид халдварын тоо буурах хүртэл хөл хориог сулруулахгүй гэх байр суурийг баримталж байсан боловч олон оронд хязгаарлалтыг сулруулж эхлээд байна. Герман улсын хувьд халдварын шинэ тохиолдлын тоо хязгаарлагдаагүй тохиолдолд дахин хязгаарлалт тогтооно гэж мэдэгджээ. Мөн тус улсын эрх баригчид вирус дахин тархаж болзошгүйтэй холбогдуулан төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.

Засгийн газрууд зарим салбарын ажилтнуудыг ажилдаа явахыг зөвшөөрч, дэлгүүр, зоогийн газруудыг нээсэн хэдий ч эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр халдварын хоёр дахь давлагаа үүсэж болзошгүй тул амны хаалт зүүж, зайнаас харилцахыг шаардсан хэвээр байна.

Эх сурвалж: VOA

 

ДЭМБ: Коронавирусний тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг асар болгоомжтойгоор цуцлахыг уриаллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0