Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Австри: Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэсэг болгоно
4 жил өмнө   370
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэсэг болгон өөрчлөх шийдвэрийг Австри улсын засгийн газар өнгөрсөн онд гаргаж байв. Тэгвэл энэхүү шинэчлэлтийн зураг төслийг өчигдөр нийтэд зарлажээ.
 
Орон орны нацистуудын шүтээн, мөргөлийн ариун газар болгохоос сэргийлэх үүднээс тус улсын эрх баригчид ийнхүү цагдаагийн хэсгийн байр болгохоор шийдсэн юм. Шинэ байрны дизайныг боловсруулах ажлыг гүйцэтгэхээр 11 хүн өрсөлдсөнөөс Австрийн архитектор Мартегийн төсөл сонгогджээ. Ойролцоогоор 5 сая еврогийн өртөгтэй барилгын шинэчлэх ажил 2022 оны сүүлээр дуусах гэнэ.
 
Түүхээс сонирхвол, Австри улсын умард хэсгийн Браунау ам Инн хэмээх жижиг хотын гудамжны буланд оршдог шар өнгөтэй байшинд 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Адольф Хитлер мэндэлж байжээ. Уг байшинг Австрийн засгийн газар 2017 онд өөрийн өмчлөлд шилжүүлж авсан юм. Эзэмшигч нь засгийн газарт зарахыг эсэргүүцэж байсан ч Австрийн дээд шүүх эцсийн шийдвэр гаргаснаар төрийн өмчид албадан шилжүүлэхээр болсон байна.
 
Анх байшинг нураах санаа яригдаж байсан ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард засгийн газар засварлаад ашиглах шийдвэр гаргасан юм. Австрийн засгийн газар Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг буруу зорилгоор ашиглуулахгүйн тулд 1972 оноос хойш түрээслэн ашиглаж байжээ. Хамгийн сүүлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах газар байрлаж байгаад 2011 онд нүүснээс хойш ашиглалтгүй байгаа юм байна.
 
Эх сурвалж: Associated Press
Австри: Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэсэг болгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0