Шведийн нийслэл Стокгольм хотод жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд болдог Нобелийн шагнал гардуулах ёслолын хүлээн авалт энэ жил коронавирусний нөхцөл байдлаас болоод зохион байгуулагдахгүй гэж Нобелийн сангийн гүйцэтгэх захирал Ларс Хайкенстен мэдэгдлээ.
Гэхдээ Нобелийн шагналтнуудыг уламжлалын дагуу ирэх аравдугаар сарын эхээр зарлах аж. Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь ямар журмаар болох нь одоогоор тодорхойгүй байна. Зарим нь Стокгольмд очиж шагналаа авч болох ч зарим нь цахимаар ёслолын ажиллагаанд орох магадлалтай хэмээн Нобелийн сангийн тэргүүн хэлжээ.
Нобелийн шагнал гардуулах ёслолын хүлээн авалтад хааны гэр бүлийн төлөөлөгчид, шагналтнууд болон тэдгээрийн ойр дотны хүмүүс, Нобелийн хорооны гишүүд, Шведийн удирдагчид болон улстөрийн томоохон намуудын тэргүүнүүд, дээр нь Шведийн их сургуулийн 200 оюутан гээд нийт 1300 хүн урилгаар оролцдог.
“Гранд-Отел” зочид буудалд 1901 онд болсон Нобелийн анхны хүлээн авалтад дан эрчүүдээс бүрдсэн 133 зочин л оролцсон түүхтэй.
Харин 1907 онд хоёрдугаар Оскар хаан таалал төгссөнтэй холбоотойгоор Нобелийн хүлээн авалтыг цуцалж байжээ.
Эх сурвалж: ТАСС
Нобелийн шагнал гардуулах ёслолын хүлээн авалт энэ жил болохгүй |
|