Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Хилийн маргаантай бүсэд Энэтхэгийн цэргүүд гал нээсэн тухай Хятадын зэвсэгт хүчин мэдээлжээ
4 жил өмнө   12434
Хималайн нурууны хилийн маргаантай зурвасыг Энэтхэгийн цэргүүд зөрчиж, Хятадын хилийн харуулууд руу гал нээж “өдөөн хатгасан” тухай Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.
 
Энэ үйлдлийн хариуд зохих арга хэмжээг авахаас өөр аргагүй болсныг мөн мэдэгдсэн байна. Гэхдээ ямар хариу арга хэмжээ авснаа дэлгэрүүлж тайлбарлаагүй юм. Хэрвээ дээрх мэдээлэл батлагдвал хоёр улсын маргаантай хилийн зурваст 45 жилийн хугацаанд анх удаа буун дуу гарсан тохиолдол болох ажээ. Хятадын эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэгийн цэргүүд Пангон Цо нуурын өмнөд хэсгийн уулархаг бүсэд тогтоосон LAC (Line of Actual Control) зурвасыг нэвтэрсэн гэнэ.
 
1996 онд байгуулсан гэрээний дагуу энэхүү хилийн маргаантай бүсэд хоёр талын цэргүүд галт зэвсэг хэрэглэх хориотой байдаг.
 
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгч хил нэвтэрсэн цэргүүдээ татаж, галт зэвсэг хэрэглэсэн цэргээ шийтгэхийг Энэтхэгийн талаас шаарджээ. Өчигдөр Хятадын цэргүүд хилийн ойролцоо амьдардаг таван иргэнийг нь баривчилж саатуулсан тухай Энэтхэгийн батлан хамгаалах яам мэдэгдэж, даруй суллахыг шаардаж байв.
 
Зургаадугаар сард LAC бүсэд хоёр улсын хилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарч, Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсаны дараа талуудын харилцаа улам муудсан юм. Тэр үеэс хойш хоёр улс хилийн маргаантай бүсэд цэрэг, зэвсгийн хүчээ нэмэгдүүлж, харилцан нэг нэгнээ буруутгасаар байгаа.
 
LAC нь олон гол нуур, хад хавцал, уулын мөнх цасыг дамнан оршдог бөгөөд тэмдэглэгээ нь гүйцэд сайн хийгдээгүй тул зөрчил маргаан гарах шалтгаан болдог. Хоёр улс 1962 онд хилийн энэ бүсэд дайтахад Энэтхэг улс ялагдаж, хилийн маргаанаа шийдвэрлэж чадалгүй өнгөрсөн юм.
 
Эх сурвалж: BBC
Хилийн маргаантай бүсэд Энэтхэгийн цэргүүд гал нээсэн тухай Хятадын зэвсэгт хүчин мэдээлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0