Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Орос улс Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч болохыг хүлээн зөвшөөрч, $1.5 тэрбумын зээл амлав
4 жил өмнө   340
Сар гаруйн өмнө зургаа дахь удаагаа сонгогдсон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ганцаарчлан уулзжээ.
 
Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская хэрвээ тэмцэгчид засгийн эрхийг авбал уг уулзалтын үеэр тохирсон асуудлууд бүгд хүчингүй болохыг анхааруулсан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ноён Лукашенко бол Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч мөн бөгөөд ерөнхийлөгч Путинтэй улс хоорондын асуудлыг хэлэлцэх эрхтэй хүн болно. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ах дүү Беларусийн ард иргэдийг ч бид хүндэлж байгаа. Гэхдээ Беларусьт бүх зүйл үндсэн хуулийн хүрээнд явагдахыг бид хүсэж байна” гэж мэдэгджээ.
 
Сочид болсон уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин $1.5 тэрбумын зээл шинээр авах Лукашенкогийн хүсэлтийг зөвшөөрсөн байна. Песков энэхүү зээлийг Беларусийн дотоод хэрэгт Москвагийн зүгээс оролцсон явдал биш, зарим хэсэг нь ОХУ-д төлөх ёстой хуучин өрийнх нь бүтцийг шинэчлэхэд зориулагдахыг тайлбарлажээ.
 
Владимир Путин уулзалтын үеэр Беларусийн иргэд улс орныхоо дотоод асуудлыг гадны нөлөөгүй шийдэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Одоо Оросын зэвсэгт хүчний зарим анги нэгтгэл Беларусьт хамтарсан байлдааны сургуулилалтад оролцож байгаа юм. Эдгээр цэргүүд Беларусьт байнга үлдэж магадгүй гэсэн болгоомжлол Өрнөдийн хэвлэлүүдээр бичигдэж байгаа.
 
Өчигдрийн уулзалтын эхэнд Путин хэлэхдээ Оросын цэргүүд төлөвлөгөөний дагуу сургуулилалтад оролцсоныхоо дараа буцаж эх орондоо ирэхийг мэдэгджээ. Тэрбээр энэхүү хамтарсан сургуулилалтыг өнгөрсөн онд гарсан төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 14-ний өдөр эхэлж буйг баталсан юм.
 
Наймдугаар сарын 9-ний өдөр болсон сонгуульд Лукашенко 80 орчим хувийн санал авч, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон бол түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10 орчим хувийн саналтай удаалж байв. Сонгуулийн дараа Беларусийн нийслэл Минск болон бусад том хотуудад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тасрахгүй байна.
 

Эх сурвалж: Russia Today
Орос улс Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч болохыг хүлээн зөвшөөрч, $1.5 тэрбумын зээл амлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0