Цөөн үгээр:
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйлчилгээг цахимжууллаа
Тайландын сайд байгальд аялсан иргэдийн гэр рүү тарьсан хогийг нь шуудангаар илгээжээ
1 сар өмнө   1071
Удахгүй Тайландын тусгай хамгаалалттай газар нутагт аялсан жуулчид тарьсан хогоо шуудангаар хүлээж авдаг болох гэнэ.
 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын нийслэл Бангкокоос холгүй байдаг Кхао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялсан иргэд их хэмжээний хог хаясан байна. Тайландын байгаль орчны сайд Варавут Силпа-арча эдгээр хог хаягдлыг хайрцаглаад тарьсан эздийнх нь гэр рүү шуудангаар илгээх даалгавар өгчээ.
 
Тэрбээр Лхагва гарагт хайрцагласан хогны зургийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна. Цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхийн тулд иргэд хувийн мэдээллээ бүртгүүлдэг тул хогны эздийг олоход амархан ажээ.
 
“Бид таны тарьсан хогийг хайрцагт хийгээд шуудангаар илгээлээ. Энэ арга хэмжээ нь танд том сургамж болж, дахин байгальд хог тарихгүй болоход туслах байх” гэсэн бичгийг хайрцагт хийсэн байна. Хог илгээхээс гадна тухайн иргэний мэдээллийг орон нутгийн цагдаагийн байгууллагад өгдөг болох ажээ. Хуулийн дагуу байгаль орчныг бохирдуулсан хүн тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 500,000 батын ($16,000) торгууль хүлээх ёстойг Варавут сайд анхааруулсан байна.
 
Сайд хуулийн энэ заалтыг цаашид хатуу дагаж хэрэгжүүлэхээ амлажээ.
 
Кхао Яй цэцэрлэгт хүрээлэн нь 1962 онд нээгдсэн, Тайландын хамгийн анхны тусгай хамгаалалттай газар юм байна. Энд явган аялагчид олноор ирдэг. Усан хүрхрээ, ховор ургамал, амьтантай энэ газар 2,000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг бөгөөд Зүүн Өмнөд Азийн хамгийн үзэсгэлэнтэй дархан цаазат газруудын нэгт тооцогддог гэнэ.
 
Эх сурвалж: DPA
 
 
Тайландын сайд байгальд аялсан иргэдийн гэр рүү тарьсан хогийг нь шуудангаар илгээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0